УИХ Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрх буюу хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн биелэлтийг хянан шалгах хүрээнд 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл, хууль эрх зүйн шинэчлэлийн Гурван төгөлдөршил бодлогоо танилцууллаа. “Парламент 2.0 “Гурван төгөлдөршил”” хэлэлцүүлэг өрнөж, салбар бүрийн төлөөлөл өөрсдийн санал, үзэл бодлоо илэрхийлэв.
УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламент нь таван намын төлөөлөл, 81 буюу 64 хувь нь анх удаа сонгогдсон, 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй, нийгмийн бүлгүүдийн төлөөллөөс бүрдсэн онцлогтой тул иргэдийн итгэл, хүлээлт өндөр байгааг судалгааны дүн харуулсан. Тиймээс тэдний хүлээлтэд үндэслэн хүнд суртал, чирэгдэл үүсгэж ирсэн хуулиас дээгүүр журмуудыг “журамлаж”, цаг үед нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, “хүн төвтэй”, ойлгомжтой хуулийн тогтолцоог бий болгохыг зорьж байна. “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг байгуулсан. Үүнээс 19 ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын намрын анхны ээлжит чуулганаар хэлэлцэх гэж байна. Нийгмийн харилцааны 70 хувийг журам зохицуулж ирсэн нь зохист харьцааг алдагдуулж, авлига, хүнд суртал, тэгш бус байдлыг үүсгэж, хүний эрх зөрчигдөх хор уршигт хүрсэн гэдгийг судалгааны үр дүн харуулж байгаа. Цаашид үндэслэл, судалгаа, нотолгоо, хууль хэрэглээний практикт суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлнэ. Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнг бие даалган байгуулснаар хуулийн төсөлд олон талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тусган боловсруулах боломжийг бүрдүүллээ хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. Цаг үеийн хэрэгцээг хангаж чадахаа больсон цөөнгүй хууль хүчин төгөлдөр үйлчилж буйг тэрбээр жишээ татан өгүүлсний нэг нь цахим зээлийн харилцааг зохицуулахтай холбоотой байлаа. Тухайлбал, манай улсад 2024 оны хоёрдугаар улиралд 56 банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэдийн 89.8 хувь нь буюу 1.6 сая гаруй хүн цахим хэлбэрээр зээл авчээ. Гэтэл дөнгөж 10 гаруй хувь нь уламжлалт аргаар зээлээ шийдүүлсэн, уг харилцааг зөвхөн дээрх байгууллагуудын дүрмээр зохицуулж байгаа нь учир дутагдалтай гэв.
Монголын парламентын шинэ түүх ийнхүү эхэлж байгааг өнөөдрийн хэлэлцүүлгээс харж болохоор байлаа. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсэг шинэ стратеги төлөвлөгөөний төслийг танилцууллаа. УИХ-ын ирэх дөрвөн жилийн стратеги нь Д.Амарбаясгалан даргын танилцуулсан “Гурван төгөлдөршил”-ийн бодлоготой нягт уялдана гэв. Олон ургалч үзэл бүхий шинэ үеийн парламент нь үндэсний язгуур эрх ашгийг дээдэлж, шинжлэх ухаан, инновац, технологийг дэмжиж, нийгмийн эрэлт, хэрэгцээг мэдэрсэн цогц шийдвэр гаргахыг зорьж байна. Хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавина гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 190 (7434)