Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2024.09.24/ боллоо.
Хуралдаанд тус ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг, ажлын хэсгийн гишүүн Ж.Баярмаа болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо. Энэхүү журмын төсөлд хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар, төсвийн болон ерөнхий хяналтын, нэр дэвшигчийн сонсголыг тус тус зохион байгуулах талаар заажээ. Мөн сонсголын товыг нийтэд мэдээлэх, сонсголд оролцогчдыг бүртгэх, мэдэгдэх, шинжээч, орчуулагч, дохионы хэлмэрчийг сонсголд оролцуулах, сонсголын тайлан, тэмдэглэл гаргах, архивлах зэрэг асуудлуудыг журмын төсөлд тусгасан байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг журмын төслийн зарим заалтыг өөрчлөн найруулах, илүү тодруулах нь зүйтэй гэсэн санал хэллээ. Ажлын хэсгийн хуралдаан журмыг төслийг хэлэлцээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.