Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын 2024 оны сонгуулиар гишүүн болсон. Ээлжит бус чуулганы үеэр “…Чуулгандаа суухгүй байна” гээд л шүүмжлүүлээд байсан. Ээлжит бус чуулганы дараах УИХ дахь АН-ын бүлгийн хурлыг таслахгүй сууж байгаа зураг нь цахим сүлжээгээр дүүрсэн.
Тэгээд чимээ алдраад байсан Х.Баттулга өчигдөр дахин гарч ирэв. Тэгэхдээ өглөөгүүр “Нарантуул” зах дээр очсон байв.
Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн тэрбээр НИТХ, дүүргийн 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ дагуулжээ. Тэнд зүгээр очсонгүй. “…Хүүхэд бүрийг дугуйланд хамруулах хүүхэд хөгжлийн карт хэмээх хуулийн төсөл боловсруулж байгаа иргэдэд танилцуулж явна” гэв. Тэрбээр “…Хуулийн дагуу УИХ-д нэр бүхий 26 гишүүний өргөн барьсан “Хүүхэд хөгжлийн карт” гэдэг хуулийн төслийг сурталчлах зорилготойгоор өнөөдөр бид “Нарантуул” зах дээр ажиллаж байна. “Хүүхэд хөгжлийн карт” гэдэг нь спорт, урлаг, оюуны спортын чиглэлийг дэмжсэн 30 мянган төгрөг бүхий зөвхөн хүүхэд өөрөө зарцуулах эрхтэй хийгдэж байгаа төсөл юм. Уг төслийг “D-Parliament”-д өргөн барьсан байгаа. Иргэд “D-Parliament”-д орж дэмжих боломжтой” гэлээ.
Мөн түүнтэй хамт яваа нэр дэвшигчид “…Хүүхэд бүр сар бүр 100 мянган төгрөг авдаг. Тэр дээр нэмээд 30 мянган төгрөгийн “Хүүхэд хөгжлийн карт”-ыг хүүхэд бүхэнд олгохоор “Есдүгээр сарын 1” хуулийн төслийг УИХ дахь АН-ын гишүүд санаачилсан. Иргэдээс санал авах процесс дээр явж байна. 100 мянган төгрөг хүүхдэд очдог. Гэхдээ зарим тохиолдолд өрхийн хэрэгцээнд зарцуулагддаг. Тиймээс хүүхдүүдэд сар бүрэн 30 мянган төгрөг бүхий “Хүүхэд хөгжлийн карт” олгодог болохоор “Есдүгээр сарын 1” хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү 30 мянган төгрөгөөр хүүхдүүд өөрийн сонирхсон спортын болон соёл урлагийн дугуйланд хамрагдах боломж бүрдэнэ. Энэ хуулийн төсөл удахгүй батлагдаад хүүхэд бүр эрүүл саруул чөлөөт цагаараа спорт, соёл урлагаар хичээллэдэг Монгол Улсын иргэд бий болно гэдэгт Нийслэлийн АН-ын залуучууд итгэлтэй байгаа” гэж дэлгэрүүлэв.
Ямар ч байсан ийм хуулийн төсөл яваад эхэлжээ. Муу биш, сайн. Гэхдээ энэ нь хэдхэн хоногийн дараа болох НИТХ, ер нь Орон нутгийн сонгуульд зориулагдаагүй бололтой. Харин тэрбээр үүнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл болгож эхлүүлж байгаа гэх “бор шувуу” өчигдрөөс улс төрийн хүрээнд нисээд эхэллээ.
Учир нь энэ сонгуулийн наана хууль төрж амжихгүй, процесс нь ч олигтой хөдлөхгүй. Үнэхээр тийм л дээ. Ер нь бол Х.Баттулгын хамгийн том акцууд нийгмийн аль нэг “тал” руу чиглэдэг. Ерөнхийлөгч байхдаа Салхитын ордыг “хөдөлгөж” байгаад ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж байлаа. Одоо энэ. Уг “Хүүхэд хөгжлийн карт”-ыг мань эр яг л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө амжуулчих нигууртай. Учир нь 2021 оны сонгуулиар “…Ерөнхийлөгчид хоёр дахиа нэр дэвших эрхгүй” ч гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрлөлтөөр нэр дэвших эрхээ хасуулсан. Түүний энэ эрх тун удахгүй нээгдэх тухай яригдаад эхэлсэн. Чамгүй удаж байна. Тэгэхээр “Хүүхэд хөгжлийн карт” хууль батлагдсаар байтал Ерөнхийлөгчид дахин нэр дэвших Үндсэн хуулийн эрх нь сэргээд яг “мөргөх” биз ээ. “…Ордны хов оргүй хоосон байдаггүй” гэдэг дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 185 (7429)