“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ

“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжээ

НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 193 орноос 46 дугаар байрт оржээ. Энэхүү мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

2022 онд энэ үзүүлэлтээр 74 дүгээр байрт жагсаж байсан бөгөөд 2024 онд 28 байраар урагшилсан байна.

Мөн цахим оролцооны индексээр 193 орноос 37 дугаар байрт оржээ. Энэ нь 2022 оны үзүүлэлттэй харьцуулахад 20 байраар урагшилсан байна.

 

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” болгон шинэчлэн боловсруулж, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын холбогдох гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд үүрэг болголоо.

УИХ-аас 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр “Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай” хуулиуд батлагдаж эдгээр хуулиар нийслэл дэх хотууд болон бусад засаг захиргааны нэгж дэх нийслэлийн дагуул хотын эрх зүйн байдал, удирдлага зохион байгуулалт, тэдгээрийг хэрхэн байгуулах асуудлыг зохицуулсан.

Мөн Засгийн газрын 2024 оны долдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн”, “20 минутын хот Үндэсний хорооны дүрэм”-ийг тус тус баталсан. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу дэд төв хөгжүүлэх, метро, тунел, авто зогсоол, гүүрэн байгууламж барих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын болон зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан санал зөвлөмжүүдийг тусган “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” хот байгуулалтын баримт бичгийг боловсронгуй болгож нэмэлт оруулж боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн байна.

 

Хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбоно

Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Тухайн нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчинд суурилуулсан хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий “Теле камерын хяналтын дэд төв”-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулах, шинээр суурилуулахаар төлөвлөсөн болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хяналтын камерын стандартад нийцүүлэх, мэдээлэл холбоо, сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дэд бүтцийг ашиглан “Теле камерын хяналтын дэд төв”-д холбох боломжийг судалж, шийдвэрлэхийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хяналтын камерын стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг удирдан зохион байгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд даалгалаа.

Улаанбаатар хотод 8296 аж ахуйн нэгж, байгууллагын 69670 камер, орон нутагт 5788 аж ахуйн нэгж байгууллагын 52480 камер, улсын хэмжээнд нийт 14084 аж ахуйн нэгж, байгууллагын 122150 хяналтын камерыг гадна орчныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор суурилуулсан ба нийт камерын 85 хувь нь хэвийн ажиллаж байна.

 

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар танилцууллаа

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Багшийн дутагдлыг нөхөх чиглэлээр дараах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, зарим арга хэмжээг эхлүүлээд байна.

  1. Багш мэргэжлээр төгссөн ч ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах
  2. Тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулах
  3. Шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн эсвэл 3-4 дүгээр ангид суралцаж байгаа оюутнуудыг багшийн ажилд  татан оролцуулах
  4. Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах
  5. Багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах
  6. Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад түлхүү ашиглах

Эдгээр арга хэмжээнээс тэтгэвэрт гарсан багш нар болон багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутныг дадлагажуулагч багшаар ажиллуулах арга хэмжээг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгааг Боловсролын сайд танилцууллаа.

2024 оны наймдугаар сарын судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн бүлгийн 508 багш, 443 туслах багш дутагдалтай байна.

Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш, хими, физик, биологи, англи хэл, математикийн нийт 4292 багш хэрэгтэй байна.


Товч мэдээ

  • Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Цэрэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.
  • Ташкент хотноо 2024 оны зургадугаар сарын 24-нд гарын үсэг зурсан “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ