З.Энхболд: Х.Нямбаатарын нийлүүлсэн байгалийн боржин чулуу 120 мянган төгрөг хүрэхээргүй байсан

З.Энхболд: Х.Нямбаатарын нийлүүлсэн байгалийн боржин чулуу 120 мянган төгрөг хүрэхээргүй байсан

УИХ-ын дарга асан З.Энхболд өнөөдөр/2024.09.17/ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хотын дарга Х.Нямбаатар иргэн З.Энхболд миний нэрийг удаа дараа дуудаж гүтгэлээ. Замын хашлага солиход хэл ам гараад байгаа юм байна.

Х.Нямбаатарын яриад буй цаг үед би Өвөрхангайд мод, зүлэг тариад явж байсан. Өвөрхангайгаас наашаа сунадаг алх байдаггүй юм бол тэр хашлагыг хагалах ямар ч боломжгүй. 

Хоёрдугаарт, намайг гадаадын туршуул гэж гүтгэлээ. Өөрийнх нь хэлсэн хоёр үгээр Эрүүгийн хуулийн 13.14 дугаар зүйлийн дагуу шалгаж өгөөч хэмээн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэст хандаж байна. 

Гадаадын аль улсын туршуул гэж байгааг би ойлгоогүй. Эрдэнэс Тавантолгойг хулгайлах гээд байсан Монгол, Хятадын хамтарсан бүлэглэл байгаа. MSC, Ц.Элбэгдорж гэсэн нөхөд бид зөндөө олох орлогоо алдлаа гэж гомдоллодог. Х.Нямбаатар түүний нэг болчхоод гомдоод байх шиг байна. Тэр 100 их наяд төгрөг хятад компанийнх болох байв.  

Би гадаадын туршуул биш. Монголын ард түмэнд Эрдэнэс Тавантолгойг үлдээснээс өөр хийсэн хэрэг байхгүй. Би туршуул биш.

Би есдүгээр сарын 11-ний өглөө Өвөрхангай аймгийн Уянга сумаас лайв хийж, энд явж байна, юу яриад байгаа юм, уучлалт гуй гэсэн. Одоо хүртэл Х.Нямбаатар уучлалт гуйгаагүй. Зургаан хоног өнгөрөхөд уучлалт гуйгаагүй учраас цагдаад гомдол гаргаж байна. 

Х.Нямбаатар энд ирж, намайг хашлага хагалсан, гадаадын аль улсын туршуул гэдгийг батлах ёстой. Чадахгүй бол ялаа авна.

МАН сүүлийн найман жилд хот удирдлаа. Ж.Наранцацралт агсан, Э.Бат-Үүл хоёрыг эс тооцвол хэдэн зуун засаг дарга МАН-аас сонгогдож байсан. Гэтэл одоо энэ хотоо хар л даа. Сонгуулиас нэг хоёр сарын өмнө зам засаж байгаа юм шиг дүр үзүүлсэн. 

Авсан хашлагыг нь татвар төлөгчийн хувьд байнга шүүмжилж байгаа. Үүний төлөө намайг хагалсан гэж гүтгэж байгаа нь төрийн өндөр албан тушаалтан хүний хувьд ёс зүйгүй үйлдэл юм. Урьд нь иргэд дарга нарыг шүүмжлээд цагдаагийн хаалга татдаг байсан. Одоо анх удаа том дарга нь иргэнээ гүтгэж, цагдаагийн хаалга татаж байна. 

Би судлах үүрэггүй. Гэхдээ алхаар цохиход бутарч байгаа замын хашлага хуурамч шүү дээ. Байгалийн боржин чулуу 120 мянган төгрөгийн үнэтэй байж болно. Х.Нямбаатарын нийлүүлсэн нь 120 мянган төгрөг хүрэхээргүй байсан. Үүнийг шалгах ёстой. Хүмүүс үйлдвэрийнх нь нэрийг ил тавьсан байна лээ. Би татвар төлөгч, Улаанбаатар иргэний хувьд нүхгүй замаар явмаар байна. Хашлага боржин байсан ч хамаагүй. Хашлагатай байсан байгаагүй ялгаагүй, зам бүтэн байх ёстой. 

Улаанбаатар хотын дарга нар сүүлийн найман жилд хийгээгүй ажлаа сонгуулиас хоёр сарын өмнө, гэнэт ухаан орсон мэтээр хийж болохгүй. Сонгууль угтаж л ажилладаг. Үндсэн хуульд зааснаар Х.Нямбаатар том дарга байна уу, З.Энхболд энгийн иргэн байна уу ялаагүй, хүн бүр ижил эрх үүрэгтэй байдаг. Улс төрд нөлөө бүхий хүмүүс илүү хариуцлагатай байх ёстой. Хотын дарга гэдэг бол сайдын түвшний албан тушаал.

Энэ бол Х.Нямбаатарын хувийн мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгөөр Нийслэлийн засаг дарга нүхгүй замаар явуулах гэх мэт үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлэхийн оронд надтай заргалдаад байгааг ойлгохгүй байна. Хагалсан хүнээ олох хэрэгтэй" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ