Гадаадад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 74.53 хувь нь сонгуульд оролцжээ

Гадаадад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 74.53 хувь нь сонгуульд оролцжээ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсрол” буланг хөтлөн явуулдаг билээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өглөө. 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 (74.53%) нь саналаа өглөө.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын дарга Д.Амарсайхан гадаад улсад байгаа сонгогчдын ирцийн талаар (2024.06.24) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Санал авах үйл ажиллагааг Монгол Улсаас хилийн чанадад байгаа бүх Дипломат төлөөлөгчийн газар зохион байгуулсан. Иргэн саналаа өгсөн хуудсаа өөрөө битүүмжлээд комисст өгсөн. Түүнийг дипломат шуудангаар авчирч төрийн хамгаалалтад байлгаж байгаад 6 дугаар сарын 28-ны өдөр тоолно. Өөрөөр хэлбэл, саналыг хуудсыг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны байранд тоолно. Тэгэхээр хилийн чанадад байгаа иргэд тэр намд, энэ намд саналаа өгсөн гэх яриа үндэслэлгүй.

Сонгогчдын идэвх, оролцоо сайн байлаа. Сонгуульд оролцох бүртгэлийг цахим болгосон, санал авах өдрийн ажлын 2 өдөр, амралтын 2 өдөр болгосон нь сонгогчийн идэвх, ирцэд сайнаар нөлөөллөө гэж дүгнэж байна. Иргэд маань 500-1000 км явж сонгох эрхээ эдэлж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ орууллаа гэж бахархаж байсанд нь талархал илэрхийлье” гэлээ.

 

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ, ИЖ БҮРДЛИЙГ ОРОН ДАЯАР ШАЛГАН ТУРШИВ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, есөн дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд өнөөдөр нэгэн зэрэг шалган туршлаа.

Санал авах байранд ашиглах камерын систем, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороонд гэмтэлгүй хүргэж, дүнг саадгүй дамжуулж байгаа эсэхийг шалгах энэхүү үйл ажиллагааг улс төрийн нам, эвсэл болон иргэд, ажиглагчдын төлөөлөл хянаж, хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилсан юм.

Шалган турших үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороо болон мэдээллийн технологийн 141 багийн гишүүн, 2620 даамал оролцов. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник  хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлын хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2198 хэсгийн хороонд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан оролцож Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, тогтоомжид заасан эрх, үүргийг хэрэгжүүлж удирдамж, зааврыг мөрдлөг болгон ажиллалаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ