Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэж байна.
...Эрдэнэбат прокурор, тэр хүн манай багш. “Хууль, эрх зүйт төр юу вэ” гэдгийг надад заадаг байсан багш. Би бас багшдаа хэлэхэд “Багш аа, ярьж байсан үнэт зүйл дээрээ л байгаач ээ” гэчихмээр байгаа юм. “Төрийн нууц гээд прокурор хянаж чадаагүй” гэдэг үнэнээ хэлчих. Надад ярьж байснаа л хэлчих. Энэ хэрэг прокурор дээр хянагдаагүй. Прокурор хянаагүй учраас энэ бол хянагдаагүй хэрэг гэсэн үг.
Тэгэхээр “Прокурор хянаж чадаагүй юм аа” гэдгээ л Эрдэнэбат прокурор ярьчих. Түүнээс биш “Энэ бол хүний эрхийн агуу их зөрчил мөн, биш” гээд хэрэггүй ээ. Цаг хугацаа явах тусам үнэнд гүйцэгдэнэ. Нэг нүүрний доор хоёр битгий амьдар. Зааж байсан хичээл шигээ л байчих. Үүнийг Ерөнхий сайдын хувьд хэлчих нь зүйтэй байх. Би гарц гаргаж өгөөд байна шүү дээ.
...Хурц. Хурц бол даалгавар сайн биелүүлдэг мундаг албан хаагч аа, ер нь бол. Яагаад гэхээр даалгавар өгчихвөл тэрийг зөв ч байсан, буруу ч байсан заавал ард нь гардаг. Тэр хэрэг үнэн байна уу, худал байна уу хамаагүй. Хүн байвал хэрэг нь олдоно. Тэгэхээр одоо тэгээд Хурцын хувьд үзэсгэлэн гаргаад явж байхын оронд тэр үзэсгэлэнгийнхээ голд нь “Элбэгдорж ийм үүрэг өгөөд байсан” гэдгээ л тавьчих л даа. Энэ асуудлууд буруу гэдгийг өөрөө маш сайн мэдэж байсан. Хэн хэнийг оролцуулж байгаа вэ гэдгээ өөрөө маш сайн мэдэж байсан. Гэхдээ мань хүн “ёс суртахуунгүй үнэнч байдал”-ыг Элбэгдоржийн төлөө хийсэн байхгүй юу. Зүгээр, Хурц ганцхан зүйлийг л хэлэх хэрэгтэй. Үнэнээ л хэлэх хэрэгтэй. Би улс төрийн даалгавар биелүүлсэн гэдгээ. Улс төрийн даалгавар биелүүлсэн гэдгээ л хэлчих. Тэртэй тэргүй шүүх дээрээс мань хүн ял авчихсан.
...Хүмүүс томилчхонгуутаа мань хүн “Би бол Монголын эрх зүйт төр, хуулийг дээдэлдэг, тийм учраас Монголын хууль дуудвал зангиагаа зүүгээд гутлаа тослоод очих ёстой, хэрэв очихгүй бол хууль өөрөө очдог юм аа” гээд Энхбаяр дарга дээр хэлж байсан. Гэхдээ юм ингээд өөрчлөгддөг. Цаг хугацаа шүүдэг гэсэн үг. Тийм учраас хүрч ирээд шалгуулах л ёстой. “Завгүй байгаа” гээд байгаа юм. Гэхдээ би Монголын нийгэмд 30 жилийг дүгнэж байгаа учраас энэ систем цаашдаа зөв байгаасай гэж бодож үнэнийг яриад байгаа юм. Олон улсын байгууллагууд ч энэ дээр зөв дүгнэлт хийгээсэй. Манай залуу үе зөв дүгнэлт хийгээсэй. Хэвлэл мэдээллийнхэн зөв дүгнэлт хийгээсэй л гэж бодож би үүнийг яриад байгаа юм. Миний ярьж байгаа бүх зүйл хатуу факттай учраас л би ярьж байгаа юм.
...Сайханбилэгийг би үнэнээ хэлчхээсэй гэж бодож байна. Алтанхуягийн Засгийн газрыг үгэнд нь орохгүй байсан учраас огцруулчихсан. Тэгээд Сайханбилэгтэй үүнийг тохирчихсон. Тэгээд дээрээс нь намын дарга биш Ерөнхий сайд тавьж байгаа байхгүй юу, тэр чинь. Албаар сул байлгах гээд байна шүү дээ. Сул Ерөнхий сайд яадаг юм бэ. Бүлэглэлийн үгэнд орохгүй бол болохгүй шүү дээ. Тэгээд яах юм бэ. Сайханбилэгт хийх хоёр, гуравхан л даалгавар байсан. Нэг нь Эрдэнэтийн 49. Үүнийг зарлавал сонгуульд ялагдана гэдгээ мэдэж байсан. Тэгэхдээ энэ дарамтыг дийлэхгүй, хийсэн л байхгүй юу. Дубайн гэрээ адилхан. “Ёс суртахуунгүй үнэнч байдал”-ыг дагана гэдэг ийм осолтой. Сайханбилэг “Үгүй” гэж хэлэх ёстой байсан. Бүр шахагдаад байвал огцрох л хэрэгтэй байсан юм. Магадгүй, үүний үнэнийг тухайн үед хэлээд нийгмийн дэмжлэг авсан бол, нийгэм хамгаалж болох л байсан. Гэхдээ би одоо Сайханбилэгийг Эрдэнэтийн 49 хувийг хийх гэж намайг хууль хяналтын байгууллагуудтай нийлж шахаж байсан гэдэг үнэнээ л хэлчих хэрэгтэй. Яагаад гэхээр энэ тэртэй тэргүй улс төрийн хүрээнд ойлгомжтой болчихсон зүйл. Ардчилалд хайртай бол одоо ярих цаг. Мань хүн улс төрийн шахалтад орсон. Тэгээд яг энэ өрөөнд найзуудтайгаа нийлээд уйлаад байж байснаа л ярьчих хэрэгтэй. Уйлна гэдэг ичгэвтэртэй зүйл биш шүү дээ. Ерөнхий сайд уйлна гэдэг бол маш том хэмжээний дарамт байсан гэсэн үг. Эндээс “Энэ бүлэглэл ямар хүчтэй вэ” гэдгийг харж байгаа биз.
...Монгол Улсын Засгийн газрын насжилт яагаад 1.5-хан жилийн настай байсан юм бэ. Яагаад Ерөнхий сайд бүх зүйлийг хийж чаддаггүй юм бэ. Яагаад “Болохгүй” гэдгийг мэдсээр байж шахагдаад хийчихдэг юм бэ. Яагаад Ерөнхий сайд Алтанхуягийн зөвлөхүүд нь баригдаж байсан юм бэ. Сонин байгаа биз. Тэгэхээр бүлэглэлийн шидэт дохиур гэдэг зүйл ямар аймшигтай, энэ зөвхөн манай хил дотор ч байгаа асуудал биш шүү дээ. Хилийн чанадад байдаг асуудал. Цаашдаа зөв болгох гэж л яриад байгаа шүү дээ. Түүнээс биш би хэн нэгэнд сайн ба муу биш. Элбэгдоржийн хувьд ч өөрөө удирдан зохион байгуулж, баахан хүнийг асуудал руу түлхчхээд, хүмүүсийн хувь заяагаар тоглочхоод цэргээр бол цэргийн жанжин хэрвээ асуудал хийсэн бол өөрөө хүлээгээд бусдадаа боломж олгох ёстой. Түүнээс биш бусдыгаа золиослоод өөрөө амьд үлдэх тухай бодоод байж болохгүй. Ингэхээр яаж хувьсгалын удирдагч байдаг юм бэ. Тэгэхээр мань хүнд хэдхэн гарц үлдсэн. Тэр нь юу вэ гэхээр олон улсад мэдэгдэл хийх, олон улсын том сэдэвтэй зууралдаж өөрийгөө аврах, хоёрдугаарт маазруулж гарах, Зоригийн хэрэг яриад байхад “Оюун-Эрдэнэ бол данхан толгойтой, гялгар хамартай” л гээд байгаа шүү дээ. Зоригийн хэрэг илрэх нь чухал уу, Оюун-Эрдэнэ данхан толгойтой, гялгар хамартай байх нь чухал уу. Энэ нь олон нийтийг тэр зүйл рүү л хандуулах гээд байна гэсэн үг. Юу хүлээж байна вэ гэвэл одоо сонгуулиар олон нийт хуурагдчихаасай билээ гээд. Миний оруулж ирж байгаа систем хүчний хувьд үүнийг зогсоох хэмжээнд хүчний харьцаатай болоосой гэж бодож байна. Одоо хатуу байх ёстой.
...Одоо Монголын ард түмэн Элбэгдоржоос алдагдсан 12 жилийг нэхэмжлэх ёстой. Хэрвээ тухайн үед шүүхэд нөлөөлж, манай нөгөө л Зориг ах маань шүү дээ, хууль бусаар өөрөө ялахын тулд улс төрийн системийг хоёр хуваасан зүйл болоогүй байсан бол, 2012 онд хөрөнгө оруулалт, эдийн засаг 17 хувьтай явж байх зүйл 12 жил үргэлжилсэн бол, Хөгжлийн банкны зээл тавигдаж Чингис , Самурай, Димсам бондууд фракцын бүлэглэлд хуваагдаагүй байсан бол, энэ бүхний дараа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хийгээгүй байсан бол, Эрдэнэтийн 49 хувийн луйвар яваагүй байсан бол, Оюу толгойн Дубайн гэрээ явж 2.3 тэрбум ам.долларын өрөнд ороогүй байсан бол Монголд ямар боломж байх байсан бэ. Үүнийг алдагдсан боломжийн өртөг гэж нэрлэж байгаа юм. Тийм учраас үүнийг бид зүгээр уучилж болохгүй. Мартаж болохгүй. Яагаад гэхээр энэ дахиад давтагдана гэсэн үг. Эдийн засаг талаасаа, улс төрийн соёл талаасаа, тэгээд дээрээс нь АН-д хүртэл яаж нөлөөлж байгаа вэ, институцын хувьд АН маш хүнд байдалд орсон. Сая Үндсэн хуультай холбоотой асуудал дээр бид зөвшилцдөг нь улс төрийн намуудад илүү боломж олгох гэж хувь тэнцүүлж байгаа юм шүү дээ. Энэ Ардын намд хамгийн хохиролтой хувилбар. Гэхдээ олон оролцогчтой болгохын тулд, жагсаалтаар дамжуулж нийгмийн мэргэжилтнүүдийг оруулж ирэхийн тулд, төр бол биднээс хол биш төлөөллийн байгууллага гэж хардаг болгохын тулд, парламентын гишүүн бол эрх мэдэл биш, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилж байгаа төлөөлөл гэдгийг ойлгуулахын тулд ийм зүйл хийгдэж байгаа юм.
...Зоригийн хэрэг бол авлигын том зангилаа байсан. Хэрвээ энэ хэрэг гараагүй бол Монгол Улс арай өөр замаар явах байсан. Өмч хувьчлал, газрын наймаа ингэж явах байсан уу үгүй юу. Ашигт малтмал ингээд хэдхэн гэр бүлд оччих байсан уу үгүй юу. Бүлэглэлийн захиалгаар УИХ нь тамга дардаг кнопчид болчих байсан уу үгүй юу. Ийм их тэгш бус байдал үүсэх байсан уу үгүй юу. Ингэж бид нар түгжрэх байсан уу үгүй юу. Одоо сонгууль болж байна. Дахиад хэлэхэд, хүн байгаа байгаа үнэт зүйл дээрээ л байх ёстой. Мэргэжлийн дүгнэлт өгөх хүмүүс сүнсээ худалдахгүй байх ёстой. Тийм учраас энэ удаагийн сонгуулиар Монголын ард түмнээс би аль нэг намыг дэмжээч гэхгүй, харин бүлэглэлийн хүмүүсийг битгий дэмжээч гэж хүснэ. Яагаад гэвэл намуудын хооронд өрсөлдөөн болохгүй. Ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэдэг сонголт болно. Хэрвээ би энэ системийг задалж чадахгүйгээр эрх мэдэлгүй Оюун-Эрдэнэ болчихвол мэдээж таатай биш, төвөгтэй ирээдүй хүлээж байгаа. Гэхдээ энэ яригдсан үнэт зүйлүүд, суурь зарчмууд үүрдийн мөн чанартай. Зөв жишиг бол зөв жишгийг дагуулна. Төр бол олон нийт, ард түмэн. Тийм учраас ард түмэн үүнийг мэдэж, дүгнэлт үлдэнэ гэдэг бол өнөөдөр би ялчихаж байгаа гэсэн үг. Оюун-Эрдэнэ гэдэг хүн Ерөнхий сайд байна уу үгүй юу гэдгээс үл хамааран энэ ёс зүйн өндөрлөгөөс буцаж ухрахгүй. Ухрахгүй. Дараа дараагийн Ерөнхий сайдаас надаас илүү байхыг л шаардана. Оюун-Эрдэнэ гэдэг хүн тэгээд байж л байна шүү дээ. Дуугардгаараа л дуугарна. Заавал албан тушаал дээр байна, үгүй гэдгээс үл хамаарна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 117 (7361)