Л.Оюун-Эрдэнэ: Би факт ярьж байна

Л.Оюун-Эрдэнэ: Би факт ярьж байна

Түрүүч нь Л.Оюун-Эрдэнэ: Хоёрхон кэйс ярья

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэн ярилцлага хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр голдуу цацагдлаа. Тэрээр уг ярилцлагын үеэр маш ноцтой олон зүйлийг ярьжээ. Тэдгээрээс онцолж, тоймлон хүргэж байна.

 

“Тэгэхэд Өнөрөөг, сая Гарамжав гуайг баривчилсан нь ийм учиртай”

...Жам ёсны болгоё гэж байгаа юм. Обьект байхгүйгээр тэмцчихээч ээ гээд байгаа юм. Архины ширээний ард стратегийн ордыг нэг компанид өгчихсөн тухай ойлголтыг мартуулах гээд байна шүү дээ. Тэгэнгүүтээ ЖДҮ-чдийг өмнөөсөө босгож харуулж байна шүү дээ. Хувийн хэвшил рүү халдаад байна шүү дээ. Гэтэл баялаг ашиглаж, баялаг бүтээж байгаа хоёр өөр шүү дээ. Баялаг бүтээж байгаа шүү дээ бид нар гээд. Энэ бол бүлэглэлийн олон жилийн хугацаанд хийсээр ирсэн зүйл. Үүнийг “үхсэн муур” технологи гэдэг юм. Зарим газар “толь” технологи гэдэг. Цацруулагч толь. Энэ юу вэ гэхээр үндсэн үйл явц, маш чухал үйл явдал явж байх үед өөр үйл явдлаар сарниулж нийгмийн анхаарлаас холдуулна. Үүнийг хамгийн сайн хийж гаршсан газар бол манайд шүүх засаглал, гэхдээ би шүүх засаглалыг бүхэлд нь хэлж байгаа зүйл ерөөсөө биш шүү. Цагаан суваргыг наймаалцах үед давхар шүүхийн наймаа явчихсан. Элбэгдорж Ерөнхийлөгчийг сонгуульд дэмжээд зарим нь орд авсан. Зарим нь шүүх засаглалын томилгоо авсан. Шүүгч нарыг солих томилгооны асуудал хуулиар хаалттай. Үүнийг маш сайн хийж чадсан. Тийм учраас шүүхэд гаднаас хүн орж ирж томилогдох боломжгүй байхгүй юу. 300, 400-хан хүн бүгдийг нь захирамжаар өөрчилж байгаад томилчихсон. Тэгэхээр Элбэгдоржийн хувьд шүүх дээр хэзээ нь намайг яллаж чадахгүй, шүүх намайг яаж ч чадахгүй гэж боддог нь тэр. Яг Элбэгдоржийг тойрсон хүмүүсийг шүүх яагаа ч үгүй. Чимгээ, Содномдаржаа хоёр дээр шүүх ямар бяртай вэ гэдгээ харуулж байгаа юм. Гэтэл өнөөдөр Бадамжунай гэдэг хүн шүүх дээр оччихоод зогсож л байна. Яг энэ бүлэглэл яадаг вэ гэхээр, жишээлбэл шүүхтэй холбоотой авлигын шүүхийн асуудал гарангуут яг энэ өдрийн орой нь Өнөрөөг баривчилсан. За ингээд энэ асуудал ингээд өөр асуудлууд болж хувирсан. Хүмүүс намайг авлигын эсрэг, шүүхийн талаар үг хэлснийг ч бараг оройдоо мартчихсан. Гэтэл энэ хамгийн чухал асуудал байсан. Шүүх дээр авлигачид явахгүй байна гэдэг асуудал яригдаж байсан. Гэтэл эргээд бодоход тэр сэдэв тэгээд байхгүй болсон. Сая Гарамжав гуайг баривчиллаа, сонгуулийн үед. Өмнө нь би тогтоол гаргачихсан байсан юм. Иймэрхүү үйл явдлууд болдог учраас, өмнө нь Анандбазар, Төмөрхүү гээд олон хүн дээр ийм зүйл болж байсан учраас зориуд би үүнийг гаргасан. Нэр дэвшилт 24-нд эхэлсэн. Би 22-нд энэ тогтоолыг гаргасан. Тэгэхэд л болж байгаа биз. Энэ өөрөө юу вэ гэхээр яг тэр өдөр СЕХ дээр нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолоо СЕХ-ны гишүүд гаргаж байсан. Зарим нэг бүртгэгдэх боломжгүй, хуулиараа бүртгэгдэх боломжгүй нөхдүүд Захиргааны хэргийн шүүхэд нөлөөлж энэ шийдвэрийг гаргуулах гэж байсан өдөр байхгүй юу. Гэхдээ одоо энэ ингээд дуусахгүй. Тухайн өдөр СЕХ-г ч мартсан. Захиргааны хэргийн шүүх дээр хэн хэн дээр ямар асуудлууд болж байсан бэ гэдгийг бүр мартсан. Үүнийг “үхсэн муур” гэж байгаа юм.

 

“Шүүхтэй, тагнуултай, АТГ-тай, цагдаатай, Ерөнхийлөгчтэй, ийм компанитай энгийн компаниуд яаж өрсөлдөх юм бэ”

...Зоригийн хөшөөг нүүлгэе гэж хэлж чадаж байгаа хүмүүс, Цагаан суваргын стратегийн ордын төрийн эзэмшлийн хувийг Их хурлаар оруулаад, гаргаж аваад өгчихсөнөө “Энэ бол луйвар биш” гэж тайлбарлах, эсвэл төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах схемийг зохион байгуулчхаад “Тэр бол минийх” гэж тайлбарлах, эсвэл Тамгын газрын даргатайгаа хамт “Ачит Ихт” компани байгуулаад өөрийнхөө нэр дээр “Цаглабар” гээд компанийн дансанд мөнгө байршуулчхаад “Энэ минийх биш” гэж хэлэх бол юу ч биш байхгүй юу даа. Зоригийг түүхэн хүн биш гэж харж чадаж байгаа хүмүүс, ингэж зохион байгуулаад, зохиомлоор энэ хэргийг хаах гээд хоёр хүнийг эрүүдэн шүүчхэж байгаа хэсэг бүлэглэл, Цагаан суварга, 49-ийг ингээд авчихсан хүмүүс наадхыг чинь ингэж тайлбарлах юу ч биш. Энэ дээр эргэлзээд байх хэрэггүй. Харин ч эсрэгээрээ, хувийн хэвшлийг ингэж байж л хамгаалж чадна. Шууд Цагаан суваргыг ингээд л авчхаж чадаж байгаа ийм системтэй бусад уул уурхайн компани яаж өрсөлдөх вэ. Ингэж байгаа компанитай яаж бусад хувийн хэвшил өрсөлдөх юм бэ. Шүүхтэй, тагнуултай, АТГ-тай, цагдаатай, Ерөнхийлөгчтэй, ийм компанитай энгийн компаниуд яаж өрсөлдөх вэ. Энэ бол монопол ч биш, хууль бус ноёрхол. Эрх зүйт төр гэдэг талаасаа төр доголдчихож байгаа юм. Шударга ёс гэдэг талаасаа шүүх засаглал байхгүй болчхож байгаа юм. Ингээд бизнесийн орчинд чөлөөт өрсөлдөөн байхгүй болчхож байгаа юм. Үүнийг бодитоор илэрхийлэх дуу хоолой байхгүй болчхож байгаа юм. Хүний эрх гэж ярихгүй дээ, манай Элбэгдорж хийчихсэн юм чинь гээд. Жапан тауны газрыг булаагаад авчихсан юм, за яршиг, өөрсдөө орчихсон юм чинь. Авлигал хороолол баригдчихсан юм чинь, яахын, хууль хяналтын байгууллагынхан дотроос нь хувьдаа хэдэн байр авчихсан юм байна лээ, за яршиг яршиг, дуугараад яах вэ гээд.

 

"Цагаан суварга нам болж босож ирж байна шүү дээ"

...Эрдэнэтийн 49-ийн схемийг яагаад сануулж байна вэ гэхээр энэ явдал сонгуулийн үед болчихсон. Энэ үед анхаарал үлэмж хэмжээгээр сулардаг. Яг энэ сонгуулийн цикл дунд Цагаан суварга стратегийн ордоос гарсан. Дараа нь төлөөсөнд. Яг сонгуулийн циклийн үед Эрдэнэтийн 49 хувь төрийн мөнгөөр худалдагдсан. Яг сон­гуулийн циклийн үед “Ачит Ихт” хийгдсэн. Яг сонгуулийн үед Хөгжлийн банкны зээлүүд хуваагдсан. Хэн ч анхаараагүй. Одоо бид нар хангалттай. 30 жил болчихлоо. 76-тай парламентаа түүх болгож үлдээж байна. Шинэ тогтолцоо руу орж байна. Өөрөө өөрийнхөө үнэт зүйлийнхээ төлөө зогсох ёстой цорын ганц боломж чинь сонгууль байхгүй юу. Яагаад гэвэл энэ бол аль нэг намуудын хоорондох өрсөлдөөн болохгүй. Энэ бол “Ард түмэн ялах уу, эсвэл авлигачид ялах уу” гэдэг, ийм л сонголт болно. Тэд бүх боломжийг авсан. Түүний үр дүнд өнөөдөр Монгол хайран боломжуудаа алд­сан. Элбэгдоржийн гаргасан Хөгж­лийн банкны хаадын нэртэй бонд бос­гоод түүнийг фракцууддаа хувааж өг­сөн зүйлийн дампуурлыг зогсоох гэж бүтэн 12 жил болж байна. 2012 онд 17 хувьтай байсан эдийн засгийг нэг­хэн жилийн дотор унагаагаад, тэр дам­пуурлаас нь гарах гэж 12 жил болж бай­на. Цагаан суваргатай холбоотой асуу­­дал одоо явж байгаад “Цагаан су­варга нам” болж босож ирж байна шүү дээ.

 

“Эрдэнэт, Зориг хоёр нэг хэрэг”

...Элбэгдорж Ерөнхийлөгчтэй одоо санал зөрөөд байгаа зүйл гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Үгүй шүү дээ. Гуравдугаар сарын 8-нд би Чимгээ дээр очсоноос л энэ хатуу зөрчил эхэлж байгаа юм. Тэгээд л “Үүнийгээ боль оо” гэдэг байдлаар хэдэн ч Ерөнхий сайд, хэдэн ч Ерөнхийлөгч, хэдэн ч Их хурлын дарга, хэдэн ч хууль хяналтын байгууллагын хуучин удирдлагууд, хэдэн ч хувийн хэвшлийн томчууд, хэдэн ч нэртэй сэтгүүлчдээр над руу яриулав даа. Энэ бол нөгөө систем л байхгүй юу даа. Элбэгдоржийн Засгийн газар унасан. Унаад, “Энэ бол Зоригоос болсон” гэж тэр дүгнэсэн. Яагаад гэхээр Эрдэнэтийн удирдлагыг авахыг хүссэн. Тэр үед Эрдэнэтийн удирдлага дээр Отгонбилэг байсан. Ингээд Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоосон, ийм зөрчил. Ингээд Ерөнхий сайдаа тохирч чадахгүй 10 сар хүрсэн. Аравдугаар сарын 1-нд чуулган эхэлсэн. Аравдугаар сарын 2-нд Ерөнхий сайдыг томилохоос өөр сонголтгүй байсан. Есдүгээр сард Зоригийн гэр бүл рүү, ялангуяа ээж рүү нь хүмүүс утасдаж “Хүүгээ татаж аваарай, хохь нь шүү” гэдэг зүйл зөндөө болж байсан. Үүнийг Булган мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Яагаад гэхээр энэ дарамт яг энэ гэр бүл дээр ирж байсан. Энэ явсаар л байсан. Ингэж явж байгаад л ийм түвшинд очтолоо хурцадсан гэсэн үг. Би дэлгэрэнгүй яриагүй болохоос “Эрдэнэтийн энэ хэрэг Зоригийн хэрэг хоёр чинь хоорондоо нэг юм аа” гэж хэлж би байсан нь энэ байхгүй юу.

 

“Битгий ярь, мартчих, миний фээврит дүү болооч гэдэг”

...Энэ ерөөсөө Эрдэнэтийн 49-тэй холбоотой, Эрдэнэтийн энэ асуудалтай холбоотой маргаан одоо ч үргэлжилж байгаа нь юу гэхээр том агуулгаараа баялгийн асуудал. Яагаад гэхээр байгалийн баялаг манайд олон сая жилийн туршид бий болж байгаа зүйл шүү дээ. Байгалийн баялаг эзэмшиж байгаа хүмүүсийг бид баялаг бүтээгч нэрлэж төөрч болохгүй. Татвар дээр нуучихна. Орон нутагтай тохирчихно. Ийм байдлаар цаашаа явмааргүй байна. Энэ чинь хайран мөнгө биз дээ. Энэ чинь ард түмний баялаг биз дээ. Түүнээс биш зэсийг хэн нэгэн хүн өөрөө бүтээчхээд байгаа бол би юу ч ярихгүй. Эсвэл нүүрсийг өөрсдөө инновац хийгээд гаргачхаад байгаа бол юу ч ярихгүй. Энэ стратегийн ордуудыг тэд өөрсдөө илрүүлээд тогтоочихсон бол бас юм ярихгүй. Үүнийг Монгол Улсын үндэсний геологичид төрийн мөнгөөр хийгээд “Энэ бол стратегийн орд оо” гээд тодорхойлчихсон. Энэ бол төрийн эзэмшилд, стратегийн орд л байх ёстой. “Энэ бол стратегийн орд, гэхдээ Элбэгдоржид хандив өргөсөн урчаас энэ стратегийн орд биш” гэж тогтоол гаргачхаад байна шүү дээ. Би факт ярьж байна. Системийн авлигалын факт ярьж байна. Тэгэнгүүт “Элбэгдорж гэж битгий яриач ээ, Эрдэнэтийн 49 гэж битгий яриач ээ, Цагаан суварга гэж битгий яриач ээ, МАК гэж битгий яриач ээ, “Ачит Ихт” гэж битгий яриач ээ, Цаглабар гэж битгий яриач ээ, тэгээд мартчихаач ээ. Мартсаны төлөө Оюун-Эрдэнэ ээ, чамтай найрамдъя, миний фээврит дүү болооч” гэдэг. Гэхдээ төрийн ажил чинь үлддэг л дээ, хамгийн чухал нь. Тэнд яригдсан зүйл өнөөдөр надад нотлох баримт болж байгаа биз. Хэн хэн юуны төлөө, юуны эсрэг байсан нь ингэж үлддэг.

 

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 115 (7359)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ