Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.05.30) Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын “2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах шаардлагаар дараах 19 хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав. Үүнд,
1.Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх хуульд заасан хэрэг, маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг сайдын тушаалаар баталсан журмын дагуу зохицуулж байсныг хуульд тусгах зохицуулалт бүхий Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
2.Албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ (Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ)-ний төрөл, дэглэм, хугацаа тогтоож буй байдал, тус арга хэмжээг хэрэглэхэд хууль ёсны төлөөлөгчийн оролцоог хангах зохицуулалтыг боловсронгуй болгох, эрүү шүүлт тулгах, хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг олон улсын хүний эрхийн байгууллагын зөвлөмжид нийцүүлэн тодорхой болгох зорилгоор боловсруулах Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсрууллаа. Энэхүү төсөлд тусгах албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд холбогдох зохицуулалтыг уялдуулан тусгасны үндсэн дээр хэрэгжих боломжтой болно.
Эрүүгийн хуульд албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ (эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ)-ний төрөл, дэглэмийг тусгах болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.
Ийнхүү эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзаж, ямар төрлийн эмнэлэгт эмчлэх талаарх зохицуулалтыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нарийвчлан зохицуулах нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжийг хязгаарлах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.
3.Баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ, хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль баталсантай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих үйлдлийг зөрчилд тооцох үйлдлээс хасах зэрэг зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх, зарим төрлийн хэргийн харьяалалд бий болж байгаа алдааг засах зохицуулалт бүхий Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5.Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/22, А/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/37 тоот тушаалаар баталсан “Хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийх тухай журам”-аар тус тус зохицуулсан харилцааг хуульд тусгах, хохирогчийг түр байрлуулан хамгаалах тусламж, үйлчилгээ үзүүлэх зориулалттай Нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байранд үзүүлэх үйлчилгээний хүрээ, заагийн ялгааг гаргаж, хариуцах этгээдийг тодорхой болгох зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6.Хохирогчийн нэр төр, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн холбогдох зохицуулалтуудыг хуульд тусгаж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг хуулийн төсөлд тусгах, ингэхдээ хохирогчийн талаарх нууцлах мэдээллийн хүрээг өргөжүүлж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байрны асуудлаарх хуулийн давхардлыг арилгаж, хохирогчийг хамгаалах ажиллагааг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хүрээнд оруулах зохицуулалт бүхий Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
7.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд “хохирогч”-ийг ялгаатай байдлаар тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд зөрчил үүсгэж байгааг арилгах, гэмт хэргийн хохирогчийг стандартад нийцсэн түр хамгаалах байранд хамгаалах, хохирогч хамгааллын зарим арга хэмжээг зохицуулж байсан журмууд болон цагдан хоригдож байгаа болон ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан мөрдүүлж байсныг хуульд тусгах, хүний эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалт бүхий Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
8.Монгол Улсын иргэнийг Монгол Улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх журмыг боловсронгуй болгох, хилийн хориг тавих эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог хангах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-аар зохицуулж байгаа харилцааг хуулийн төсөлд тусгах, ингэхдээ Улсын Их Хурлаас 2024 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9.Албаны нууцын тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох, албаны нууцын хүрээ, хязгаарыг багасгах, байгууллагын даргын шийдвэрээр албаны нууцад хамааруулж байгаа зохицуулалтыг эргэн харах, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байгааг арилгах, хуулийн зохицуулалтыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай уялдуулан боловсронгуй болгох зохицуулалт бүхий Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10.Цагдаагийн алба хаагчийн тасралтгүй сургалтын тогтолцоо, цагдаагийн алба хаагчид олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулахдаа хүний эрхийн мэдлэг, хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн зохицуулалт тусгасан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
11.Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдийн хараат бус байдлыг хангах, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагын бодит оролцоог хангах, тэдгээрийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох зохицуулалтыг тусгасан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хуульчдад /шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульч/ олон улсын гэрээ, конвенцын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уг асуудлыг хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт тусгах хөшүүрэг бий болгох, Улсын Их Хурлаас 2019 онд баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Өмгөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох, өмгөөлөгч давхар гишүүнчлэлийн татвар, хураамж төлдөггүй байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулахыг Засгийн газарт даалгасны дагуу өмгөөлөгч, хуульчийн гишүүнчлэлийн хураамжийг давхар төлөхгүй байх зохицуулалтыг тусгасан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
13.Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулахдаа тухайлан хүний эрхийн үнэлгээ, судалгаа хийхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
14.Хэвлэл мэдээллийн байгууллагад хязгаарлалт тогтоох асуудлыг дайчилгааны үед авах үндсэн арга хэмжээ болгон хэрэглэх зохицуулалтыг Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нийцүүлэн хасахаар тусгасан Дайчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
15.Хөдөлмөрлөх эрхийн асуудлыг хөдөлмөрлөх эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, зарим зохицуулалтыг практик шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох зарим асуудлыг тусгасан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16.Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүний тогтвортой, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх, Комиссын хараат бус байдлыг хангах зорилгоор Комиссын даргыг Улсын Их Хурлын даргаас санал болгож, Улсын Их Хурлаас томилж байгааг өөрчилж, гишүүд дотроосоо олонхын саналаар сонгож, Улсын Их Хуралд санал болгох зохицуулалт бүхий Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17.Эрүүгийн хуульд албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ (эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ)-ний төрөл, дэглэмийг тусгах болсонтой холбогдуулан Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
18.Баривчлах, саатуулах, цагдан хорих байранд байгаа сэжигтэн, яллагдагчийн захидал харилцааны нууцыг хамгаалуулах эрхийг хангах, бусад хуульд хэрэглэгдээгүй нэр томьёог хасах зорилгоор боловсруулсан Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19.Иргэний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор агаарын чанарын мэдээлэл, тайланг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээс гадна олон нийтэд заавал мэдээлдэг байх зохицуулалт тусгасан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу ийнхүү Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.