Цэцэрлэг сургуулийн хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана

Цэцэрлэг сургуулийн хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна

Тухайлбал;

·         Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд,

·         Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд,

·         Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.

Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа.

Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангана

“2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ зуны улиралд уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт үүрэг болголоо.

Зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас ахиу хур тунадас орохоор байна. Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар бороо, үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины давтагдал өндөр байгаа тул анхаарал болгоомж алдахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээллийг амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэж сурах, үер, усны аюулаас сэрэмжтэй байж, айл өрхүүд хонхор хотгор газар, голын татамд суурьшихгүй байх, нөөлөг салхины эрсдэлээс сэргийлж гэрээ даруулах, үер ус, аянга цахилгаанаас хамгаалах уламжлалт болон дэвшилтэт аргуудыг хэрэглэх зэргээр бэлтгэлтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмлээ

Энэ жилийн  буюу 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 2008 оноос улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн.

Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлж баталлаа.

Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцах үйл ажиллагааг сурталчлан таниулах, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.

Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан бөгөөд энэ чиглэлээр яамнаас хийсэн судалгаагаар эцэг, эхийн 60 гаруй хувь нь хоолны зардлыг хуваалцахыг дэмжсэн байна.  

Товч мэдээ

-Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт олголоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ