Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 15-нд хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрхийг нэмж тусгах, түүнчлэн байлдааны талбар, энхийг дэмжих болон терроризмын эсрэг тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах зэрэг хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох тэтгэвэр, тэтгэмжийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулахтай холбоотой зохицуулалтуудыг нэмж оруулахаар тусгаад байгаа юм. Мөн хуулийн төсөлд, чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадваргүй гишүүний тооноос үл хамааран 100 хувиар тогтоохоор, мөнтухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгохоор, ийнхүү олгох орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус заасан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 03-ны нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг зүйл, заалт нэг бүрээр хэлэлцэв. Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд, тус хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх тухай тусгасан нь Төсвийн тухай хуультай зөрчилдөж байгаа талаар Байнгын хорооны дарга П.Анужин сануулж, Улсын Их Хурлын гишүүдийн байр суурийг асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, хуулийн төслийг Төсвийн тухай хуультай уялдуулна гэвэл батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх боломжгүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаж, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн юм. Харин хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, 2025 оноос мөрдөөд явах боломжтой гэсэн хариулт өгөв. Иймд Байнгын хорооны дарга санал гаргаж, төслийн 4 дүгээр зүйлийг “Энэ хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн томъёоллоор найруулан, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 

Зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 50 орчим саналаар санал хураалт явуулав

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дараа нь хэлэлцсэн юм. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, одоо мөрдөж байгаа Ахмад настны тухай хууль нийт дөрвөн бүлэг, 17 зүйл, 111 заалттай бол хэлэлцэж буй энэхүү хуулийн төслөөр 40 заалт шинээр нэмж, 18 заалтыг өөрчлөн, нэг заалтыг хүчингүй болгохоор, мөн хамт өргөн мэдүүлсэн 11 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар  байгааг дурдаад, энэ бол томоохон нэмэлт, өөрчлөлт хэмээн онцолсон юм. Тэрбээр, Үндэсний статистикийн хорооноос хийсэн тооцоогоор 2010 онд хөдөлмөрийн насны 10 хүн тутамд нэг ахмад настан оногдож байсан бол 2040 он гэхэд дөрвөн ажилтан тутамд нэг ахмад настан болохоор байгааг танилцуулж, үүнтэй уялдуулан ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний эсрэг үйлдэгдэж байгаа эдийн засгийн хүчирхийллийг багасгах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх, сувиллын газруудын үнийн хөнгөлөлт, хамрах хүрээг тэлэх, таван жилд нэг удаа протез, ортопед хийлгэх эрхтэй байгааг гурван жилд болгох, аж ахуйн нэгж, байгууллагууд ахмадын сан ажиллуулахыг дэмжих болон ахмадын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудыг дэмжих зэрэг хуулийн төслийн ерөнхий үзэл баримтлалыг Ажлын хэсэг дэмжиж ажилласан гэсэн юм. Мөн Ажлын хэсэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төслийг зүйл, хэсэг, заалт бүрээр нягтлан хэлэлцэж, зарим тодорхой саналуудыг гаргасны зэрэгцээ холбогдох хуулиудын нийцлийг хангах, үг, найруулгыг сайжруулж, тодорхой болгох зэргээр ажиллан, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, ахмадын сангийн санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх, улсын төсөвт яаж тусгах, уг санг хаана байршуулж, хэрхэн захиран зарцуулах талаар тодруулга авсан юм. Мөн, ахмад настнууд 20 жил хамт амьдарсан тохиолдолд тэтгэврийн тодорхой хувийг өвлүүлэх тухай хуулийн зохицуулалтыг өөрчилж, энэ хугацааг богиносгох хүсэлт тавьж буйг тэрбээр уламжлан, хэлэлцэж буй асуудалтай хамтруулан уг хүсэлтийг шийдвэрлэх боломж байгаа эсэхийг асуув. Ахмадын санг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн орлогоосоо, улсын төсөвт байгууллагууд тухайн жилийн төсвийн зардалдаа тусгаж бүрдүүлэхээр одоо мөрдөгдөж байгаа хуульд тусгасан талаар Ажлын хэсгийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Ю.Отгонбилэг тайлбарлаад, энэ заалт хэрэгжихгүй байгаа учир төсөвт байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд тухайн жилийн нийт цалингийн сангийнхаа 3.0 хүртэл хувиар Ахмадын сан байгуулах тухай зохицуулалтыг холбгдох хуулиудад оруулахаар тусгасан гэв. Харин тэтгэврийг өвлүүлэхтэй холбоотой 20 жилийн хугацааг богиносгох талаар холбогдох тооцоо, судалгааг хийж байгаа гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал хэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 24, найруулгын дөрвөн саналаар санал хураалт явуулсан юм. Хуулийн төсөлд, хөдөлмөр, боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд ахмад настныг боловсролын болон эрүүл мэндийн байгууллагад ажиллуулахаар хамтран ажиллах тухай онцолж заасан нь ямар учиртай болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг асуув. Тэрбээр, ерөөс ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээг Засгийн газрын гишүүд хамтран ажиллахаар заах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Мөн тэрбээр, тэтгэвэрт суусан ахмад настныг ажиллуулахдаа гэрээнд заасан үндсэн цалинг л олгоод, бусад урамшуулал, нэмэгдлийг олгохгүй байгааг цаашид хэрхэх, нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлөх талаар тодорхой тайлбар хүсэв.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл түүний асуултад хариулахдаа, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд байхгүй, ахмад настнуудын маш их хүсэн хүлээж байгаа олон зохицуулалт энэ хуулийн төсөлд туссан гэдгийг онцлоод, тэтгэврийн насанд хүрээгүй байхад хүчээр тэтгэвэрт гаргахыг хориглох тухай шинэ заалт орж байгааг онцлон жишээлэв. Харин тэтгэвэрт гарсан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтын хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарыг онцолсон нь эдгээр салбарт хүний нөөц дутагдалтай, мөн төрийн бодлогын тэргүүлэх чиглэл учир тодотгосон хэмээгээд, бусад салбарт энэ зохицуулалт ижил үйлчлэхээр заасан гэсэн юм. Харин ахмад настны цалин хөлсний асуудал Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана гэсэн тайлбарыг Ажлын хэсгийн гишүүд өгөв.

Тэтгэвэрт гараад ажил эрхэлж байгаа настнуудыг тухайн ажил олгогч тэтгэврийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болохоор хуулийн төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн саналаар, “Ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно” гэж өөрчлөн найруулав.

Ахмад настнаа хүндлэх, ёс заншил, уламжлал, мэдлэг туршлагаа залуу үед өвлүүлэх арга хэмжээг аравдугаар сарын 1-7-нд буюу олоон хоногийн хугацаанд хэрэгжүүлэхээр заасныг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хасах саналтай байгаагаа хэлсэн юм. Тэрбээр, ердөө долоон хоногт энэ ажлыг явуулах нь хязгаарлагдмал байна гэж үзэж байгаагаа дурдаад, ахмад настнаа хүндэлж, тэдний хуримтлуулсан туршлага, арга туршлагаас суралцах, өвлөх явдлыг нийтийн үйл хэрэг болгох, соён гэгээрүүлэх талаар тогтмол арга хэмжээ явуулж, соёл болгон хэвшүүлэх ёстой гэв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа, уламжлал болсон Ахмадын баярыг улам өргөн дэлгэр болгох, хүрээ, хүртээмжийг өргөжүүлэх үүднээс ингэж заасан талаар тайлбарлаад, настан буурлуудаа асран дээдэлж хүндлэх ёс уламжлалыг хэв заншил болгох талаар Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төсөлд тодорхой зохицуулалт туссан гэв. Тэрбээр олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс, асаргааны хувилбарт үйлчилгээг авч чадахгүй байгаа ахмад настанд хэрхэн хүргэх, энэ үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар тодруулга авсан юм. Энэ талаар хуулийн төсөлд цөөнгүй зохицуулалт орж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал танилцуулаад, Халамжийн тухай хуульд заасан олон нийтийн оролцоонд түшиглэсэн төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгэх 10 төрлийн үйлчилгээг энэ хуулийн төсөлд нэг бүрчлэн оруулсан талаар дурдаж, хууль батлагдсаны дараа эдгээр үйлчилгээний үнэ тарифыг Сангийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр боломжит хувилбараар төсөвт суулгахаар төсөлд тусгасан гэв. Нийгмийн даатгалын сангаас өнөөдрийн байдлаар асаргааны хувилбарт үйлчилгээнд 500-600 сая төгрөг зарцуулж байгаа бол хуулийн төсөлд тус сангийн ахмад настанд зориулсан хөрөнгийн 10-аас доошгүй хувийг зарцуулахаар тусгаснаар дээрх зардал 15-20 тэрбум төгрөг болж нэмэгдэх юм.

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцсэний дараа уг төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 11 хуулийн төслийг мөн зүйл, заалт нэг бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 16, найруулгын нэг саналаар санал хураалт явуулав. Эдгээрийн дотор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах саналыг Ажлын хэсгээс гаргасан юм.

Зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. Хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийн төслийг санаачлан, өргөн мэдүүлсэн 14 гишүүнийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлж, төслийг хэлэлцэх, хэлэлцүүлэгт бэлтгэхэд идэвхтэй ажилласан Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир болон нийт гишүүд, Ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлээ.

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов

Мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин хийв. Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг хоёр, дэд ажлын хэсэг гурван удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй 35, найруулгын нэг санал, мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй есөн саналын томьёолол бэлтгэсэн талаар дурдсан юм. Уламжлалт анагаах ухааны эрдэмтэн, судлаач нартай уулзалт хийж, саналыг авсны үндсэн дээр хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Ажлын хэсэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлс сан хуулийн төслүүдэд нэр томьёоны тодорхойлолтыг жигдэлж, Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлэн эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийн тухай зарим зохицуулалтыг өөрчилж, тэдгээрийн хугацааг хуульд заасан зохистой дадлын стандартыг үндэслэн сунгах, мөн стандартчил, техникийн зохицуулалт эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, хадгалалт, түгээлт, эмийн сан, лаборатори, жорын зохистой дадлын стандартыг батлах, хэрэглээнд нэвтрүүлэх эмийг бүртгэх, эм худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөхөөс бусад эмийг цахим жороор захиалгын дагуу хүргүүлэх зэрэг зохицуулалтыг нэмж оруулсан байна. Мөн, эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудсаар сурталчлах, хэрэглэгчийн гарын авлагын агуулгыг тодорхой болгох, эмнэлгийн жижиг хэрэгсэл гэснийг эмнэлгийн хэрэглэгдэхүүн болгож өөрчлөх, уламжлалт эмэнд генийн өөрчлөлтийн шалгуур тавихгүй байх, үйлдвэрүүдэд зохистой дадлын стандартыг 2029 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ. Түүнчлэн, эм үйлдвэрлэх экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч, дотоодын үйлдвэрлэгч нар био эквивалент судалгаа, өнчин эмийн бүртгэл, бүртгэлгүй эм, өндөр, дунд эрсдэлтэй эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх заалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх шилжилтийн үеийн зохицуулалтыг хуулийн төсөлд нэмсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбоотойгоор асуулт асууж үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй санал нэг бүрээр санал хураалт явуулсан юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 19 дүгээр зүйлд чанар шалгах лабораторитой холбоотой асуудлыг тусгасантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлж, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг хянан шалгах Түр хорооноос явуулсан хяналт шалгалт, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын дүгнэлтийг үндэслэн гаргасан Улсын Их Хурлын тогтоолд эмийн үндэсний лавлагаа, нэгдсэн удирдлагатай, өртөг зардал багатай, эдийн засгийн хувьд өгөөжтэй лаборатори ажиллуулах асуудлыг тусгасныг сануулан, хүнсний болон эмийн аюулгүй байдлын нэгдсэн лаборатори байгуулж ажиллуулахад анхаарал хандуулахыг Засгийн газарт зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, эмийн өндөр зохицуулалттай орнуудаас импортлодог байх, тухайн экспортлогч этгээд мөн өндөр зохицуулалттай улс орнууд руу бүтээгдэхүүнээ гаргадаг байх шаардлага, шалгуурыг зааж өгөх нь зүйтэй гэсэн санал хэлэв. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, одоо манай зах зээлд орж ирж байгаа эмийн 70 орчи хувь нь эмийн хатуу зохицуулалттай орнуудаас ирж байгааг танилцуулаад, харин импортоор орж ирж байгаа нийт эмийн 93 хувь нь женерик буюу ерөнхий мэргэжлийн эм байгаа тул энэ хуулийн төсөлд ерөнхий нэршлийн болон тухайн оригинал эмийн харьцуулсан судалгааны дүгнэлтийг хамтад нь зайлшгүй авч байх чанарын асуудлыг тусгасан гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн худалдаанд гарчихсан байгаа эмүүдээс санамсаргүй түүвэрлэлтийн аргаар авч шалгаж байх зохицуулалт тусгах тухай зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлаж, энэ санамсаргүй түүвэрлэлтийн аргаар явуулах шалгалтын зардлыг улсын төсөвт тусгаж байх шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл эм хангамж, хүртээмжийн асуудалд төрөөс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэйгээ зэрэгцэн оролцож худалдан авах шаардлагагүй, харин вакцин болон удаан хугацааны эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний эм, өнчин эмийн тухайд төрийн оролцоо байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнтэй санал нэг байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нар илэрхийлээд, хувийн хэвшлийг шахаж түлхэх биш харин тэдний оруулж ирж байгаа эмийн чанарт хяналт тавьж, үнийн зохицуулалтыг хийдэг байх ёстой гэлээ. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ талаар эсрэг байр суурь илэрхийлж, эм бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн бүтээгдэхүүн атал үүнийг 30 жил хувийн хэвшилдээ даатгаж, төрийн оролцоогүй, хяналтгүй, зохицуулалтгүй, дээр нь энэ чухал стратегийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлдэг хувийн хэвшилдээ үзүүлдэг дэмжлэг туслалцаагүй явж ирсэн нь бодлогын алдаа гэсэн юм. Тэрээр, стратеги, олон улсын стандарт, шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрээс нь болон олон улсын худалдан авалтын систем ашиглан шууд худалдан авч болохоор хуульчилсныг сануулж, Эрүүл мэндийн яам эмийн худалдаа, бизнес хийх гэж байгаа мэтээр ярьж байгаад харамсаж байна гэлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар төрийн эрүүл мэндийн байгууллагуудын ашиглаж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмийг төр өөрөө НҮБ-ын Хүүхдийн сангийн худалдан авалтын систем ашиглан авч байх боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр тэмдэглэв.

Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хуоаалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан, энэ сарын 14-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь нэг нас хүрсэн зэрэг нөхцөл шаардлагыг тусгасан бөгөөд үүнд гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэж заасныг тэрбээр дурдаад, Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг судлан үзэхэд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамааруулж тооцох хүсэлт цөөнгүй байгааг үндэслэн хуулийн төслийг боловсруулж, уг зохицуулалтыг төсөлд тусгасан гэлээ. Мөн хуулийн төсөлд энэхүү нэмэлт зохицуулалттай холбогдох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлахаар заасан байна. Тэрбээр мөн, төсөлтэй холбогдуулан одонтой ээжүүдийнхээ жилд авдаг урамшууллийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт оруулаад байгаа талаар танилцуулгадаа дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Жаргамаа нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, урамшууллийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж байгаад талархалтай байгаагаа дурдаж байлаа. Мөн, хүүхдээ алдсан ээжүүд одонгоо авч чадахгүй байх тохиолдол маш олон байдгийг онцолж, “Алдарт эх” одон, түүний урамшуулал бол дэмжлэг, тэтгэлэг төдий бус Монгол Улсын хүн амын хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болохыг тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлсний дараа уг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураасан юм. Санал хураалтаар уг томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн тул Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар энэ оны тавдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж тогтоол гаргав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ