Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлт Монголбанканд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
Эрхэм монголчууд аа,
Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Хур бороо орж наашлах цагийг бэлгэдсэн энэ өдөр Үндэсний Баялгийн сангийн Хуримтлын санг улсынхаа төв банканд нээж байгаагаа бэлгэшээж байна.
Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа.
Бидэнд чадсан чадаагүй, иргэдэд ойлгуулж чадсан бас чадаагүй олон зүйл бий. Нийт экпортын 93 хувийг эзэлдэг эрдэс баялгийн салбарыг даган ургаж, олон жил ноёрхсон монопол байдал, улс төрийн нөлөө, далд эдийн засаг хүчтэй байх нь ч ойлгомжтой юм.
Засгийн газрын Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна.
Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор
Магадгүй энэ нь олон нийтэд тийм ч сонирхолтой биш ч макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг эерэг болгох асар их хэмжээний эрсдэл дагуулсан тэмцэл, олон хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон чамлахааргүй амжилт юм. Мөн хариуцлага алдвал амархан алга болдог, нэг алга болбол дахин сэргэтлээ 10-12 жил шаардагддаг зүйл гэдгийг монголчууд бид хэзээ ч мартаж, өнгөрсөн хугацааны хариуцлагагүй үйлдлүүдийг дахин хэзээ ч давтаж болохгүй юм аа.
Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна.
Үндэсний баялгийн сан гурван данстай байна
Иргэд бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна.
Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдана. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ.
Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэсэн үг юм.
Эрдэс баялгийн салбарын дараагийн томоохон төслүүд, хөрөнгө оруулалтыг үндэстнээрээ дэмжиж, Хуримтлалтай Монголыг бүтээх болно.
Хуримтлалын сан нь Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулагдах бөгөөд хэзээ ч бэлнээр гүйлгээ хийж болохгүй. Энэ тохиолдолд бид Хуримтлалын сангаа дампууруулах болно.
Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд шилжүүлснээр энэ эх үүсвэрийг орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрт нэмэгдүүлж ашиглахаар болж байна.
Ингэснээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллах боломж бүрдэж, Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болон үржиж хүлээлгэд байсан 10,000 айл өрхөд орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж өнөөдөр бүрдэж байна.
Үндэсний орон сууцжуулалтын хууль батлагдсанаар улс даяар орон сууцжуулах хөдөлгөөн өрнөх боломж ийнхүү бүрдэж байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд, энэхүү реформд нэгдсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархлаа илэрхийлье.
Мөн энэ жил сонгуулийн жил учраас эрүүл мэнд, боловсролын хуримтлалын хэсэг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс буюу шинэ төсвийн жилээс хэрэгжиж эхлэхээр парламентад суудалтай улс төрийн намууд тохиролцсон, тэр хүртэл Монголбанк, Сангийн яам, “Эрдэнэс Монгол” бэлтгэл ажлаа иргэдийн хамт хангах ёстой.
Удахгүй E-Mongolia системээр дамжиж иргэн бүхэнд Хуримтлалын сангийн хэрэглэгч болох эрх нээгдэнэ, эрх зүйн болон мэргэжлийн зөвлөгөөг Засгийн газраас өгөх болно.
Баярлалаа гэлээ.