Хоёр хоногийн дараа орон нутгийн сонгууль болно. Сум, дүүргийн сонгууль гэсэн үг. Урьд өмнө нь орон нутгийн сонгуульд нам, эвслүүд ингэтлээ ач холбогдол өгч байсныг санахгүй юм. Бараг иргэд орон нутгийн сонгууль болдог эсэхийг ч мэддэггүй байсан гээд хэлчихэд буруудахгүй. Харин энэ жил сум, дүүргийн сонгуульд өндөр ач холбогдол өгч байгаа нь бас учиртай. УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.
76 суудлын 65-ыг нь эзэгнэчихлээ. Ард түмэн МАН-ыг л улс орноо өөд нь татаж, хамгийн гол нь иргэддээ баахан мөнгө өгнө гэж итгэсэн байх. Тиймдээ ч зөвхөн УИХ гэлтгүй аймаг, нийслэлд ч үнэмлэхүй ялахаар сонголт хийсэн. Харин өнөөдөр ийм сонголт хийсэндээ өөрийгөө зэмлэж, амаа барьж байгаа хүн олон байна. Яагаад гэвэл МАН Засгийн газраа байгуулахаас эхлээд л сонгогчдын итгэлийн өөдөөс “ус цацсан”. Улмаар Засгийн газар байгуулагдаад 100 хонох гэж байхад бүхий л тэтгэмжийг хасаж, танаж, ялгаварлан олгож байна.
Мөн төрийн албыг жинхэнэ утгаараа төрөл саднаараа дүүргэж, өнгөрсөн дөрвөн жилд хэлж ярьж байсныхаа эсрэг ажиллаж байгаа. Гэх мэтээр МАН-ын ухралтыг тоочвол барагдахгүй. Өнөөдөр МАН УИХ-д 65 суудалтай, нийслэлд үнэмлэхүй олонх, бүх аймагт эрх барьж байгаа болохоор дураараа шийдвэр гаргаж, ямар ч хяналтгүйгээр төрөөр тоглож, татвар төлөгчдийн мөнгийг ганц хоёр хамтлаг, миссийн тэмцээнд зориулан цацаж байна.
Түүгээр ч үл барам орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүдийг оролцуулахын тулд чуулган завсарлуулж, цалинтай чөлөө олгож, төсвийн мөнгөөр томилолт өгөөд л явууллаа. Ийм дураараа авирлал гэж байх уу. Тэд өнөөдөр хүчтэй сөрөг болоод шантааж хийх гуравдагч хүчингүй байхад л зөв бодлого явуулж чадахгүй, зүгээр л дураараа авирлахыг үлгэрлэж эхэллээ.
Ийм дүүрчихсан “толгойтой” төрд ядаж л бага ч болов хяналт, тэнцвэр хэрэгтэй байна. Тиймээс орон нутгийн сонгуульд АН ялах хэрэгтэй байгаа юм. Тэгж байж энэ төрд бага ч болов хяналт тогтоно.
Ядаж Улаанбаатар хотын хэдэн дүүрэг, хороо, Монгол Улсын 360 гаруй сумын ихэнхэд нь АН засаг бариад эхэлбэл хүч тэнцвэржинэ. Тэд төрд байгаа эрх мэдэлтнүүдээс, Засгийн газраас зөв бодлого нэхнэ, шаардана. Ядаж л Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг нэхнэ. Сум, орон нутагт хамгийн хэрэгтэй бодлогуудыг үргэлжлүүлэхийг шаардана. Угаасаа хяналттай зүйл л хамгийн зөв байдаг.
Ямар ч хяналтгүй, дураараа авирлаад эхэлбэл эцэс сүүлдээ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэдэн хүнээс өөр юу ч үлдэхгүй, энэ улс оронд. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байгаа билээ. Элгээрээ мөлхсөн. Эдийн засгийн өсөлт гэж алга. Оюутолгой хөдөлж, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өсч байх үед олсон хэдэн төгрөгөө манайхан ганц жилийн дотор тансаглаад л дуусгасан.
Мөн төрийн эрх мэдэлтнүүд нь “өвөртөө хийгээд”, гадаадын татваргүй бүсэд аваачаад хав дарчихсан гэж ярих хүмүүс ч бий. Олны үг ортой л гэдэг. Тэгээд өнөөдөр олох орлого нь буураад эхлэхээр ард түмнийхээ халаасыг эвтэйхэн сэгсэрч, төсвийн алдагдлаа бага ч болов бууруулах гэж үзэж байна, энэ төрийнхөн.
Мөн өмнөд хөршөөс баахан мөнгө зээлж, Хятадаас эдийн засгийн бүрэн хараат болох замыг л сонгож эхлэв бололтой. Ийм л эмх замбараагүй, дураараа авирласан үйлдлийг эрх баригчид хийж байна. Ядаж байхад дураараа авирлахдаа зөв зам сонгохгүй юм. Энэ төрд ядаж л олон улсын жишээ жишгийг хараад ажиллачих чадвартай хүн алга байна. Ганц гарцаа Хятад гээд л итгэчихсэн бололтой. Ийм л “толгойтой” төрд одоо яг ижилхэн “хөл” залгавал буруу зам руугаа бүр л хурдан алхана шүү дээ.
Тиймээс орон нутагт арай өөр сонголт хийе. Ядаж л зөв бодолтой, чадвартай, мэдлэгтэй хүмүүсийг дүүрэг, сумын Засаг даргаар сонгогдох замыг нь засч өгөх хэрэгтэй шүү дээ. МАН-ынхан бол орон нутгийн сонгуулиар хийж байгаа ганц сурталчилгаа сонгосон шиг сонгоё гэх үг. Бид хаашаа ч явж магадгүй, тэр нь буруу байсан ч манай намыг нэг мөсөн сонгочих гэж байгаа бололтой юм.
2000 онд сонгосон л биз дээ. Бүр сонгосон шиг сонгосон. Тэгээд яасан билээ. Нэг их олигтой юм хийгээд, засч янзлаад, өөд нь татчихсан юм байхгүй. Ядаж л нийслэлийнхээ замыг ч засчихаагүй шүү дээ. Зайлшгүй хийх ёстой ажлуудаа ч хийж байгаагүй. Тэгээд одоо дахиад сонгосон шиг сонго гээд байгаа нь юу ч гэсэн үг юм. Сая баахан хэрэгтэй хэрэггүй нөхдүүд УИХ-д гараад суучихлаа.
Жаахан эрдэмтэй, мэдлэгтэй гэсэн болгоноо яам, тамгийн газар, нийслэлд аваачаад ямар нэг албан тушаал өгчихлөө. Одоо тэгээд МАН-д анхан шатны төрийн байгууллагуудад ажиллачих хүн боловсон хүчин байна уу. Сангийн сайд хийчих хүн олдохгүй нэг Увсын нэг нөхрийг томилж байгаа намд дүүргийн Засаг дарга хийчих чадвартай хүн үлдсэн үү. Тэгээд бас “Сонгосон шиг сонгочихоод, дөрвөн жилийн дараа дүнгээ тавь” гэнэ үү.
Юун дөрвөн жил, ард түмэн аль хэдийнэ Засгийн газар байгуулагдахад, сайдууд томилоход, бүх тэтгэмжийг хүрсэн төвшнөөс буулгахад, ард түмний ялгаварлан гадуурхахад л дүнгээ тавьчихсан. Дахинд хэдэн жил хүлээх хэрэг байхгүй. Тийм болохоор одоо сонголтоо өөрөөр хийх байх. Өөрөөр хийгээсэй ч гэж хүсч байна. Төрд хяналт хэрэгтэй. Амаа авч давхидаг, хөөрдөг, хадуурдаг морины “ам”-ыг татаж байж зөв замаараа явж, зорьсон газраа хүрэх бус уу. Одоо манай төрд “ам”-ыг нь татчих сөрөг хүчин л хэрэгтэй байна даа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.