Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан билээ.
Зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой юм.
Энэ хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, ирээдүйн хотын дүр төрх, инженерийн шийдлийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан ерөнхий инженер М.Нямбаяр, Захиргааны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун нар мэдээлэл хийв.
Сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны хооронд явуулна.
Шалгаруулалтад дотоод, гадаадын байгууллага, баг оролцох боломжтой бөгөөд оролцогчид мэргэжлийн есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх юм.
Бүртгэлийг нэг сар, үзэл баримтлалыг гурван сарын хугацаанд боловсруулахаар удирдамжид заажээ.
Шалгаруулалт гурван үе шаттай бөгөөд оролцогчдын бүтээлийг цахимаар болон үзэсгэлэн гаргах замаар олон нийтэд танилцуулж санал авна. Эцсийн шалгаруулалтыг дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан комисс дүгнэж, шилдэг таван багийг шалгаруулах юм.
Улмаар шилдгүүдийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулахаар төлөвлөөд байна.
Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг байх юм.
Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/ цахим хуудсаас авах боломжтой.
Үзэл баримтлалын хүрээнд мөн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх, археологийн олдвор, соёлын дурсгалт газрыг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, олон нийтэд сурталчлан таниулах менежментийг тодорхойлно.
Хот төлөвлөлт нь олон салбарын мэргэжилтнүүдийн хамтран боловсруулдаг оюуны бүтээл бөгөөд дэлхийн улс орнууд энэ жишгээр шинэ хотын хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлдог.
Тухайлбал БНСУ засаг захиргааны шинэ нийслэл Сэжон, Индонез Улс шинэ нийслэл Нусантара, Казахстан Улс Астана хотын төлөвлөлтийг боловсруулахдаа олон улсын нээлттэй уралдаан явуулж, шилдэг бүтээлүүдийг нэгтгэн ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан юм.
“Шинэ Хархорум” хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх гол хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хот төлөвлөлтийн талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Шинэ хотыг Орхоны хөндийн аль байршилд байгуулах, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, инженер, геологи, археологийн нарийвчилсан хайгуул, байгаль орчны үнэлгээ хийх зэрэг ажил төлөвлөсний дагуу хэрэгжиж байна.