Л.Энх-Амгалан: Бид боловсролдоо анхаарах хэрэгтэй болсныг хэд хэдэн үзүүлэлт харуулж байгаа

Л.Энх-Амгалан: Бид боловсролдоо анхаарах хэрэгтэй болсныг хэд хэдэн үзүүлэлт харуулж байгаа

“Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулган боллоо. Тус чуулганыг нээж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэллээ.

Тэрээр "Энэхүү чуулганаар бид боловсролын салбарт чухал өөрчлөлт авчирна гэж найдаж байна. Юуны түрүүнд "Боловсролын хувирган өөрчлөлт" буюу “transforming education” хэмээх нэр томьёог бид хэлний мэргэжилтнүүдтэйгээ ярилцаж байгаад эх хэлнээ “Хувьсаж буй боловсрол” хэмээн хөрвүүлсэн. Түүнчлэн хувирган өөрчлөлт гэдэг монголчуудын сэтгэлгээгээр нүүдэл суудалтай адил гэдгийг хэлний мэргэжилтнүүд тайлбарлаж буй. Учир нь, монголчууд нүүдэл, суудал хийхээ төлөвлөж юуг авч үлдэх эсэхээ сайтар тунгааж байж шийдвэр гаргадаг ард түмэн. Иймд бид яг үүний адилаар боловсролдоо ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх ёстойгоо энэхүү чуулганаар ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Тухайлбал, бид боловсролдоо анхаарах хэрэгтэй болсныг хэд хэдэн үзүүлэлт харуулж байгаа.

Үүнд,

  • Монгол Улс хүний хөгжлийн индексээр 189 орноос 99-д,
  • Өрсөлдөх чадварын индексээр 64 орноос 60-д,
  • Авьяасын индексээр 64 орноос 60-д
  • Нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д
  • Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д жагсаж байна. 

Эдгээр үзүүлэлт нь цаашид боловсролын шинэ сэргэлт, өөрчлөлт бидэнд хэрэгтэй байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн хүүхдийн хөгжлийн алтан үе болох 3-5 настай хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт өсөж 89.7 хувьд хүрсэн. Энэ нь 10 хүүхдийн ес нь цэцэрлэгт хамрагдаж байна гэсэн үг. Энэхүү үзүүлэлтээрээ бид дэлхийн хөгжилтэй орнуудтай мөр зэрэгцэж байгаа. Мөн түүнчлэн сайн боловсролыг сайн багш бий болгодог. Иймд төрөөс багшийн нийгмийн баталгааг хангаж, багшийн хөгжлийг нэмэгдүүлж шинэ шатанд хүргэх талаар бодлого гарган ажиллаж байна. Ийнхүү бид дэлхий нийтээр хувьсан өөрчлөгдөж буй боловсролын шинэчлэлд суралцагчид монгол сэтгэхүйгээ авч үлдэх нь чухал гэдгийг хэлмээр байна. Гол нь бид энэ асуудлыг олон талаас ярилцаж, зөвшилцөж байж шийдэх юм" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.