С.Чинзориг: Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг буцаан олгоно

С.Чинзориг: Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг буцаан олгоно

Засгийн газрын /2024-02-28/-ийн хуралдаанаар ”Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталлаа.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр туссан. Үүнд:

  • Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх тандалт судалгаанаас гадна
  • Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд олгох эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох,
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээ
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмж

Ийнхүү дэмжих сангаар санхүүжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбоотойгоор тухайн үйл ажиллагааг  үндэсний хэмжээнд зохион байгуулах, үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагаар оролцуулах, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг нийтэд, ил тод нээлттэй мэдээлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг журам хэрэгжсэнээр иргэд эх орондоо оношлуулж, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхээс гадна иргэдэд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад учрах санхүүгийн дарамтыг бууруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн нэг чухал хэсэг байх болно гэдгийг онцолсон. Тэрбээр “Өнөөдөр батлагдсан журмаар дээрх хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж авчран өөрийн орны эмч нарыг ажлын байранд нь сургах, өөрийн эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдэх юм.

Шинэ технологи нэвтрүүлэх зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцдаг тул шинэ технологи нэвтрүүлэх ажил удаашралтай явагдаж ирсэн. Журам батлагдсанаар шинэ технологи нэвтрүүлэх зардлыг тусгай сангаас шийдэж, мэргэжлийн салбар зөвлөл тухайн технологи нэвтэрч нутагшсан гэсэн дүгнэлт гаргавал цаашдаа Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг зарчимд шилжиж байгаа болно.
Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд дэмжлэг болгон эмчилгээний зардлын ердөө 5,0 хувийг олгодог байсныг өөрчилж, насанд хүрэгчдэд 20,0 хувь, хүүхдийн эмчилгээний зардлын 50,0 хувийг буцаан олгох боломж бүрдсэн” гэсэн юм.
Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй, эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмжийг  Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөс олгодог болгох зохицуулалтыг тус журмаар АНХ удаа шийдвэрлэж байгаа юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ