Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын өнгөрсөн долдугаар сарын 7-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Цэцийн дүгнэлтийг парламент 15 хоногийн дотор хэлэлцэн тайлбар, мэдээллээ хүргүүлэх учиртай. Тиймээс удахгүй болох ээлжит бус хуралдаанаар сонгуулийн хуулийн маргаантай холбоотой цэцийн дүгнэлтийг хэлэлцэх товтой байна.
Иргэн А.Гэрэлцогт, С.Номынбаясгалан, З.Тамир нар Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдээдэл гаргажээ. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэг буюу нэр дэвшүүлэхтэй холбоотой хэсэгт сүүлийн зургаан жил хүртэлх хугацаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй" гэсэн заалт нэмсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ. Энэ заалт нь Үндсэн хуулийг дээдлэх зарчимд үл нийцсэн, мөн сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон Үндсэн хуулийн тусгайлсан зохицуулалтыг зөрчсөн байна хэмээн Цэцэд ханджээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанаар маргааныг хэлэлцээд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулсан дээрх заалт нь Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж дүгнэсэн. Улмаар дээрх заалтыг нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн парламентыг Сонгуулийн тухай хуулийг батлахдаа Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн хэмээн цэцийн дүгнэлт гарчээ.
Энэ тухай Цэцийн үндэслэлд, УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан нь сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийн гарааны тэгш байдлыг хангах, сонгуулийн хуулийг тогтвортой мөрдөхөд чиглэдэг. Улсын Их Хурлаас "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" 2023 оны 116 дугаар тогтоол гарган, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоожээ. Үүнээс үзэхэд хууль тогтоогч 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр буюу сонгууль явагдахын өмнөх нэг жилийн дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчиж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна гэжээ.
Дунд суудлын хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир парламентын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, тайлбар өгчээ. Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн баталсан хугацаан дээр биш нэр дэвшүүлэх хэсэг буюу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр сүүлийн зургаан хүртэлх жилийн хугацаанд ажилласан бол нэр дэвших боломжгүй гэсэн заалт дээр тайлбар хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "... Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад УИХ-ын хууль батлах онцгой бүрэн эрхийг тодорхойлон зааж өгсөн. Энэхүү хэсгийг үндэслэн парламент төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаа хэрэгжүүлж ажилласан билээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нарийн мэргэшсэн, өндөр шаардлага бүхий сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдох төрийн албан хаагчид юм. Уг албан тушаалд томилогдох иргэн нь улс төрөөс хараат бус байх, ашиг сонирхлоос ангид байх шаардлагыг хуульд тусгасан. Энэ агуулгаар зөвлөлийн гишүүнээр ажиллахаас өмнө зургаан жилд улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаагүй байх шаардлагыг тавьж, улмаар чөлөөлөгдсөнөөс хойш зургаан жилийн хугацаанд эргээд төсөв батлах чиг үүрэгтэй УИХ, ИТХ-д ажиллахгүй байх нь ашиг сонирхлоос урьдчилан сэргийлсэн” гэжээ.
Ийнхүү Сонгуулийн тухай хуулийг цэц Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнээд байна. Парламент Үндсэн хуулийн цэцийн нэгдүгээр дүгнэлтийг хүлээн авах эсэх нь анхаарал татаж буй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 22 (7266)