Засгийн газрын хуралдааны үеэр нийслэлийн газар олголттой холбоотой нээлттэй сонсгол явуулах, тэсэрч дэлбэрэх бодисыг тээвэрлэхтэй холбоотой стандартыг олон улсын жишигт нийцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болгожээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нийслэл хот маань дарьтай хот болж хувирсан байна. Энэ бүхний уг үндэс нь сүүлийн 20 жилийн газрын авлигын асуудал. Үүнээс болж өнөөдрийн Улаанбаатарыг хэн ч удирдаад асуудлыг шийдэх боломжгүй түвшинд тулсан байна. Тиймээс газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг зөвхөн Засгийн газрын хүрээнд биш УИХ-ын түвшинд хянан шалгаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулж, Түр хороо байгуулж, миний бие ахалж ажиллах үүрэг чиглэл авлаа. Ээлжит бус чуулганаар Түр хороог байгуулах асуудал яригдах байх" гэлээ.