Б.Мөнхдорж: Аавын минь мөрөөдөл драмын театрын тайзнаа амилна

Б.Мөнхдорж: Аавын минь мөрөөдөл драмын театрын тайзнаа амилна

Хаалга тасхийн дуугарч, гаднаас найруулагч Найдандорж “Миний ертөнцөөр” гэх шинэхэн номоо барьсаар орж ирэв. “Багш аа, хүү нь номоо гаргачихлаа. Тэгээд танд дээжээс нь барих гэсэн юм” гэсээр нөгөө л бидний сайн мэдэх бүрх малгайгаар гоёсон эрхэм  бидний өнөөдрийн “Чухал хүн” булангийн маань хүндтэй зочин Б.Мөнхдорж гуайд номынхоо дээжийг өргөн барилаа.  “Ямар сайхан ном бэ. Баярлалаа” гээд л өөрөө номоо гаргачихсан мэт баярлах аугаа найруулагчтай ийм л нэгэн уур амьсгал дунд хөөрөлдсөнөө хүргэе.

-УДЭТ-аас энэ сарыг түүхэн жүжгийн сар болгон зарласан.  Тэр дундаа таны найруулсан “Харц хатан” дуулалт жүжиг олны дунд хүлээлт үүсгээд байна. Тиймээс ярилцлагаа энэ сэдвээс эхлэх үү?

-УДЭТ-аас энэ сарыг түүхэн жүжгийн сар болгон  зарлаж, үзэгчиддээ бэлэг барьж байгаа юм. Тэдгээр жүжигт миний аав Бирваагийн хөгжмийг нь бичсэн “Харц хатан” дуулалт жүжиг багтсан. Энэ онд аавын минь мэндэлсний 100 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд БСШУСЯ, Монголын хөгжмийн холбоо, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Аав минь амьд сэрүүн ахуйдаа харц хатны домгоор жүжиг хийх юмсан гэж ярьдаг байж билээ. Тэр нь ч учиртай.  Домогт өгүүлэгдэх харц хатан нь  эцгийн минь нутгийн  бүсгүй байсан гэдэг.

Иймээс л харц хатны домгоор жүжиг хийхийг хүсч, зорьсон болов уу.  Харин 1985 онд миний эцгийн хүсэл биелж, Дорноговь аймгийн Саран хөхөө театрт хамгийн анх “Харц хатан” жүжиг тавигдсан.  Аав хөгжмийн зохиолыг нь бичиж, Д.Төрбат гуай цомнолыг нь бичсэн юм. Тэд их гар нийлдэг, олон ч бүтээлд хамтарч ажилласан. Гэхдээ “Харц хатан” жүжигт тэднийг холбосон хүн нь миний шавь Э.Санчигдан байсан юм. Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын Ерөнхий найруулагч байх үедээ аавыг урьж, хажуудаа суулгаж байгаад хөгжмийг нь бичүүлсэн түүхтэй.

Тэр үед аав жүжгийн хөгжмийг дуурийн хэмжээнд бичих хүсэлтэйгээ хэлж, “Харц хатан жүжгийн арийг дуурийн хэмжээнд бичнэ. Танайд дуулах хүн хэн билээ” гэж асуусан байгаа юм. Харин  Э.Санчигдан  “Х.Нарантуяагаас өөр дуулах хүн байхгүй” гэсэн гэдэг. Ингэж л тэр жүжгийн гол дүрийг Х.Нарантуяа бүтээж, “Харц хатан” жүжиг театрын тайзнаа анх амилсан.

-“Харц хатан” жүжигт хайр дурлалын тухай өгүүлдэг. Хэзээ тавигдах вэ?

-Жүжгийн гол дүрийн хатан  өрөвдөлтэй, эмгэнэлт хувь заяатай. Эцэстээ амьдаараа шатаж, нас бардаг. Тухайн үед ангийн үзэл сурталд үзэсгэлэнт бүсгүйг шулам гэцгээдэг байж. “Сайхан хүүхэн бүр шулам байдаг” гэх ойлголт ард иргэдийн дунд түгээмэл тархаж, хөөрхий бүсгүйг тогоонд шатааж,  амийг нь хороосон эмгэнэлт түүхийг өгүүлдэг юм. 

Энэ бол бодит амьдралаас сэдэвлэсэн, түүхэн домог. Харин тэрхүү домгоос сэдэвлэж, “Харц хатан” жүжиг төрсөн юм. Хожим аавыг тэнгэрийн оронд морилсны дараа жил нь дахин УДЭТ-ын тайзнаа тавьж билээ. Миний дүү Б.Мөнхболд хөгжим дээр нь ажиллаж,  Х.Уртнасан гуай арийг нь дуулсан. Харин одоо “Харц хатан”-ны дүрийг жүжигчин  Б.Эрдэнэцэцэг бүтээж байна. Жүжгийг түүхэн жүжгийн өдрүүд болон аавынхаа мэндэлсний 100 жилийн ойтой давхцуулан энэ сарын 15-нд ганцхан удаа л тоглоно.  

-Дуулалт жүжгийн гол дүрийг драмын жүжигчин бүтээхэд асар их ур чадвар шаардагдах нь мэдээж. Жүжигчдээ сонгохдоо юуг чухалчилж,  хэрхэн сонгов?

-Драмын  жүжигчин ари дуулна гэдэг үнэндээ том асуудал. “Харц хатан” ерөнхийдөө жижигхэн бэсрэг опера хэмжээний жүжиг шүү дээ. Тиймээс юун түрүүнд дуулалтыг нь чухалчилсан. Гол дүрд Ж.Оюундарь, Б.Эрдэнэцэцэг хоёр сайн өрсөлдсөн. Аль аль нь дуулалтдаа анхаарал хандуулж, өрсөлдөөн ч ширүүхэн байлаа. Манай жүжигчдийн дунд тийм сайхан өрсөлдөөн гарсан нь одоо ч миний сэтгэлд тод үлдсэн.

Миний дүү Б.Мөнхболд  хөгжмийн найруулгыг орчин цагийн өнгө аяст тааруулж шинэчлэн найруулж байгаа. Жүжигт хүний хайр сэтгэлийн тухай өгүүлнэ.  Говь нутгийн  хошуу ноёнд сэтгэл алдарсан Сэржмядаг гэх үзэсгэлэнт бүсгүйн амьдрал, хувь заяа хаашаа  эргэж хэрхэн төгссөнийг жүжгээр гаргаж ирэх юм.  Түүнийг шатаасан тогоо одоо ч Дорноговь аймагт бий.  Ийм нэг эмгэнэлтэй агуу хайрын түүхийг өгүүлэх жүжгийг сэргээн тавихаар бэлтгэлдээ орчихоод байна. Өмнө нь тавиад нэлээд  удсан болохоор дууных нь партуудыг бэлдэх, дуучдыг бэлтгэх, тоглолтын тайзаа хийх зэргээс эхлээд ажил их л байна.

-Жүжигчин Ц.Цэрэнболд ноёны дүрд тоглоно гэсэн байх аа?

-Тийм. Ц.Цэрэнболд, П.Цэрэндагва гээд олон чадварлаг жүжигчид бий.  Хуучин тоглосон жүжигчдийг ч урьж тоглуулах санаа байгаа.  Тэдний цаг зав нь ямар байх юм. Сургуулилт хийх хугацаа их давчуу шүү дээ.

-Ер нь хүмүүс бүгд л эцэг, эхийнхээ хүслийг гүйцээхийг хүсдэг ч тэр бүр чаддаггүй.  Гэтэл хоёр хүү нь хамтдаа эцгийнхээ мөрөөдлийг биелүүлж явааг харахад бахархах сэтгэл төрж байна?

-1980-аад оны үед аав хөгжмийн зохиолч Д.Намдаг гуайтай  хамтарч, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь зэрэг аймагт  очиж, захиалгаар драмын жүжгийг  дуулалт жүжиг болгон хөгжмийн зохиолыг нь бичиж өгдөг байсан юм. Тэд гараа хумхиад суудаггүй, театрын өв уламжлалыг мартдаггүй  байв.  Үргэлж л дуулалт жүжгийг ингэж, тэгж хийе хэмээн  хоорондоо зөвлөлдөнө. Тухайн үед тэд хамтдаа дөрвөн дуулалт жүжиг бүтээсэн байсан юм даг. Гэхдээ хамгийн анхных нь  “Харц хатан”.  Тийм болохоор өөрөө ч “Харц хатан” жүжигтээ тун их хайртай байж билээ. 

Тиймээс жүжигчдээс нэн тэргүүнд дуулалтаа бэлэн болгохыг л хүсч байна. Өөрийнхөө чихийг, хоолойг сэргээхийг хүсч байгаа хэрэг. Концепц дээрээ ажилла, өөрсдийгөө бүх зүйлд бэлэн болгоорой гэж захимаар байна.  Би “Харц хатан” жүжигт ажилласан бүх уран бүтээлчиддээ, театрынхаа хамт олонд баярлаж явдаг. Харамсалтай нь, жүжиг тайзнаа амилахыг  хүсч, мөрөөдөж явсан ганц хүн нь  үзэж чадсангүй.  Аав бүр дуурь тавина гэж Л.Эрдэнэбулган найруулагч,  Х.Уртнасан гуай хоёрт хэлсэн байдаг  юм. 

Бид ч дуурийн хэмжээнд болгоё гэж хоорондоо ярьцгаасан. Гэхдээ дуурийн  хэмжээнд очиж чадаагүй ч, ямар ч байсан дөхүүллээ. Дүү маань хөгжмийн зохиол дээр нь нарийн ажилласны үр дүнд хөгжимт жүжгийн хэлбэрээс нэлээд өөр хэлбэрт  хүрсэн гэж бодож байна. Тиймээс жүжигчдийн ур чадварыг шалгасан бүтээл болсон.  Тэр дундаа драмын жүжигчин хүн дуурийн ари дуулах, дуурийн бүх хэлбэрүүдийг эзэмшихэд түмэн зовлон байсан нь мэдээж. Энэ хэмжээнд хүрч ажиллахад олон хүний тус, дэмжлэг орсон.

Тухайлбал, н.Алтантуул, ардын жүжигчин Х.Уртнасан, Б.Жавзандулам нарыг дурьдахгүй өнгөрч болохгүй. Аавын мэндэлсний 100 жилийн ой, Драмын театрын 85 жилийн ой давхацсан энэ үед “Харц хатан” жүжгийг олон түмэнд хүргэх гэсэн хүсэл маань талаар өнгөрөхгүй байх.  Ямартай ч, “Харц хатан” гэдэг дуулалт жүжиг тодорхой хэмжээнд драмын урлагийг хөгжмийн өндөрлөгт хүргэсэн бүтээл болно гэж ойлгож, итгэж байгаа.

-Бирваа гуайн мэндэлсний 100 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэнэ гэж сонссон юм байна.  Ойн хүрээнд ямар ямар үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Миний аав Баянхонгор аймагт төрсөн. Тиймээс аавынхаа мэндэлсний 100 жилийн ойг  Баянхонгор аймагт өргөн хүрээтэйгээр зохион байгуулна. Тэнд БСШУСЯ, Монголын хөгжмийн холбоо, Баянхонгор аймгийн нутгийн захиргаа, Засаг дарга хамтарч, аавын дуунуудаар тэмцээн зохион байгуулах юм. Энэ санааг Баянхонгор аймгийн удирдлагууд өөрсдөө санаачилсан. Тэмцээн ойн анхны үйл ажиллагаа бөгөөд энэ сарын 22-24-нд болно. Тэмцээн нийтийн дуу, хүүхдийн дуу, мэргэжлийн дуу гэсэн гурван төрөлтэй. 

Гурван үе шаттай  тэмцээнд хөгжмийн зохиолч, аавын шавь П.Хаянхярваа, Ю.Самбуу нар их ач холбогдол өгсөн. Манай тэмцээнд гадаадын дуучид ч оролцохоо мэдэгдсэн. Тухайлбал, Улаан-Үд, Өвөрмонголоос дуучид ирж оролцох юм.  Тэр утгаар нь   олон улсын хэмжээний тэмцээн болох нь гэж дотроо баярлаж, сэтгэл их өндөр байгаа. Мөн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Монголын ард түмэн Г.Бирваа гуайг хөгжмийн зохиолч гэдгээр нь илүү мэднэ. Эцэг хүнийхээ хувьд ямар хүн байсан  бэ. Танд юу гэж захиж, сургадаг байв?

-Захиж, сургалгүй  яах вэ.  Гэхдээ аав монгол ардын ухаанаар хүнтэй харьцдаг байсан. “Хүн эх орноо хайрлах ёстой. Хүний хайрлаж явах ёстой юм л тэр гэдэг. Тэр газар нутагт унасан л бол чиний юм. Тэнд чи зүрх сэтгэл уул устайгаа хамт байх ёстой. Төрсөн уул, ус, эх орныг хэн өгдөг юм бэ гэвэл, эцэг эх чинь. Надад үүнийг Гончиг гэдэг хүн өгсөн. Гайхамшигт уртын дуугаар хөглөж, нутаг орны минь байгалийн сайхантай танилцуулж, миний хөгжмийн авьяасыг хөгжихөд, хөгжмийг мэдрэх, түүний төлөө амьдралааа зориулахад том нөлөө үзүүлсэн.

Уул, ус, хөгжим, хөг аялгуу гэдэг нутаг ус, эх орон байдаг юм” гэж аав минь бидэнд хэлж, захидаг байсан.  Тиймээс аав анхныхаа номыг “Эх орон гэдэг эцэг,  эхээс улбаатай” гэж нэрлэсэн байдаг юм билээ. Би анх  намынх нь л ажил гэж  ойлгодог байв.  Залуу ч байж, юмны нарийн утгыг ойлгох гэж хичээдэггүй. Хэлсэн, ярьсан зүйлийг нь одоо ингээд бодохоор асар том зүйлийг сургасан  байдаг. Бид л жижигхэн хүрээнд буулгаж “эх оронтой л холбоотой байдаг юм чинь” ухааны юм боддог байжээ.

Гэтэл үнэн хэрэгтээ үгүй юм байна. Монгол жудаг, монгол ёс, монгол төрийн шүтэлцээ их учир утгатай, бас  агуу. Миний аавын өөр нэг дүр төрх нь соён гэгээрүүлэгч байлаа. 1970-1980 онд “Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг” маш их хүчээ авсан. Тэр нийгэмлэгийнхэн хүмүүст лекц уншиж өгдөг. Манай аав ч лекц уншдаг. Гэхдээ ардын  дуу хөгжим их сонсгоно. Янз бүрийн дуу чимээ хураана.

Түүнийгээ мигнатофон дээр биччихээд  “Энийг сонсож байна уу. Ийм аялгуу ийм байдаг юм” гээд л судална. Миний аав чинь амьдралын хар ухаан сайтай. Хөгжим, эх нутгийнх нь газар шороо, байгалийн зураг хөглөж, хүн ардад тэр лекцийнхээ утга учрыг сайхан тайлбарлаж өгдөг байсан.  Тиймээс манай аав их сайхан лекц уншдаг байсан юм. “Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг”-ийн бүртгэл дээр тусгай лекцийн цагтай. Пүрэв гараг бүрт лекцээ тавьдаг. Тэгээд магнитафоноо бариад л явна шүү дээ. Лекцэн дээрээ аялгуу сонсгож байгаад л ярина.

Хурим, найрын дан аялгуу, уртын дууны тухай хязгааргүй ярина. Тэр бүхнийг холбож ярьдаг болохоор өөрийнх нь ертөнц өргөн хүрээтэй байсан байх. Тийм учраас аавын аялгуу, сэтгэлийн хөг, зүрхний учигууд нь эх орон, нутаг усандаа байжээ гэж би ойлгодог. Нутаг ус, эх орон, монгол түмэндээ хязгааргүй хайртай хүний нэг байсан. “Эх орон гэж яривал хүний сэтгэлд бүх юм багтдаг юм. Ижий, аав ч багтана, Уул ус, гэр орон, та нар ч багтана”  гэж хэлдэг. Залуу байхдаа “Би багтахдаа ч яах вэ дээ” гэж боддог байлаа.

Залуу  насны тэнэг ойлголт л байхгүй юу. Тийм энгийн үгээр хэвшүүлж, оюун ухаанд минь суулгахыг хүссэн байгаа юм. Насны эцэст харахад би эх орон гэж ярихаас өөрийг хэлж чадахгүй  болсон байна. Аав минь олон хүүхдийн дууны ая зохиож, Монголын хүүхэд багачуудад хүргэсэн. Энэ нь ч учиртай. 1956 онд Хүүхэлдэйн театрт ажиллаж байсан юм. Хүүхэлдэйн жүжгийн дуу, хүүхдийн дуу их бичсэн. Аавын минь зохиосон олон гоё дуунууд бий. Энэ бүхнийг бид “дуулаасай” гэсэн үүднээс  дээр дурьдсан тэмцээний  болзолд оруулсан.

-Танай гэр бүлийнхэн урлагийн хүмүүс байдаг.  Гэр бүлээрээ урлагтай холбогдох замыг магадгүй эцэг, эх тань нээсэн байх?

-Манай гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс. Миний ээж Монгол Улсын циркийн хөгжимчин байлаа. Харин аав үлээвэр  хөгжимчин. Сүүлд нь Монгол Улсын филармонид байсан. Филармонийхоо дарга болоод удирдаачаар ажилласан. Миний урлагт орох зам  хүүхэлдэйн театраас эхлэлтэй гэж боддог юм. Хүүхэлдэйн театр, цирк  рүү би үргэлж эцэг, эхээ дагаж явна. Тэгээд циркийн гоё үзүүлбэр, хөгжим, алиалагч нарын тоглолт, хүүхэлдэйн театрын жүжигчдийн гарамгай сайхан тоглолт, цурхай загасны үлгэрийг хүүхэд байхдаа их үздэг байлаа. Тэндээс мэдэрсэн сэтгэгдэл арга буюу намайг театрын ертөнцөд татсан  байх.

Дүү нарын маань ихэнх нь хөгжмийн ертөнцөд хөл тавьсан.  Ганц дүү маань ерөнхий эрдмийн судалгааны чиглэлээр суралцаж, МУИС-ийн хэл, уран зохиолын ангийг төгсөж, Монгол хэл, уран зохиолын судлаачаар ажилладаг.  Одоо олон улсын байгууллагад ажиллаж байна.  Манай дүү Б.Мөнхжаргал аавын тухай их юм ярина. Яагаад гэвэл  манай гэр бүлийнхэн дундаа аавтай хамгийн ойр байсан хэрэг л дээ. 

Б.Мөнхбаяр Улсын филармонийн  Баянмонгол чуулгад  бүрээчнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Аав минь анх цэргийн бүрээчнээр ажиллаж байхдаа Халх голын дайны бүрээг  татсан хүн шүү дээ. Яг тэр бүрээг  нь миний дүү эзэмшиж, мэргэжлийн сургуулийг нь төгсч байлаа. Ер нь бүгд л хөгжмийнхөн. Б.Мөнхшүр Крузинд төгөлдөр хуурын анги төгссөн. Одоо багшилж байна даа.

-Та театрт анх хөл тавьж байсан үеэ дурсаач. Гэрийнхэн тань бүгд хөгжмийн урлагт  шимтсэн байхад та яагаад театрт татагдах болов?

-Би Хүүхэлдэйн театрт анх 1966 онд дагалдан жүжигчнээр орсон. Дараа нь 1969 онд сургуульд сурахаар явсан юм. Тэгээд л театрын амьдрал руу эргэлт буцалтгүй орсон хүн дээ. Мөн Монгол кино  нэгтгэлтэй  холбоотой. Яагаад гэвэл хамгийн анх урлагт хөл тавьсан газар маань Монгол кино нэгтгэл. Би 1965 онд “Түмний нэг” киноны хоёрдугаар ангид Жигжид гэдэг найруулагчийн ажилд сонирхлоороо тусалсан. Тэр үед кино жүжигчин болно гэж боддог байлаа.

Гэхдээ болж чадаагүй. Бие жижигтэй, шүд байхгүй амьтан чинь яаж жүжигчин болох вэ дээ.  Од л болох гэж бодсон шиг байгаа юм. Тэгж явсаар кино урлагийн, киноны ажлын зах зухыг мэдсэн. Дараа нь Б.Сумхүү, Р.Доржпалам гэдэг мундаг найруулагчдыг дагасан. Тэгээд буцаад театртаа ирсэн хүн дээ. Аав минь л энэ урлагт хөтөлсөн. Киноны хөгжим бичдэг байсан болохоор том кино найруулагчид манайд ирнэ. “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”, “Аман хуур” гэх зэрэг кинонууд бүтээсэн Жамсран гэж сайхан кино найруулагч манайд их ирнэ.

Би тэр бүхнээс л найруулагчийн сайхныг  олж харсан. Ер нь хөгжмийн орчинд өссөн минь  урлагтай амьдралаа холбоход нөлөөлсөн. Ээжийгээ дагаж явбал хөгжим сонсоно. Аавыгаа дагавал жүжиг үздэг. Тийм л байсан. Улсын филармоноор би хөтлүүлээд л явж байсан. Одоо филармонийн ахмад хөгжимчид намайг мэднэ. Урлагийн ертөнц рүү ойртоход хөтөч нь болсон хүн бол яах аргагүй  миний ээж, аав хоёр. Тэгж байгаад л тэндээсээ өөрөө мулт үсрээд драм руу орчихсон  болохоос биш.

-Урлаг танд ямар хүмүүжил олгосон бэ?

-Урлаг хүнийг өр нимгэн сэтгэлтэй болгодог гэж би боддог. Зөөлөн, бүх зүйлд сайхан гэгээлэг ханддаг. Аливаа зүйлийн гоё, сайхныг мэдэрдэг. Тухайлбал, гоё хөгжим, гоё дуунд татагддаг. Ямар ч байсан миний сэтгэлийг зөөллөж өгсөн. Миний дүү нар болон надад энэрэнгүй, хүнлэг хандах хандлагыг сургасан. Ингээд бодоход, бидний сонголтын хөтөч нь миний эцэг эх хоёр байжээ.  Аав хүнд хүнлэг сэтгэлээр хандах  хамгийн сайхан зүйл гэж дандаа хэлдэг байж билээ. Гэхдээ өөрөө их хатуу. Хатуугаа шууд алгадаж, зодож хэлнэ гэж байхгүй шүү дээ. Чив чимээгүй байдаг байлаа.  Тэр байдал нь  бүр ч аймар. Чив чимээгүй байхаас хүн их айдаг байхгүй юу.  

-Хүн нас ахих тусам ухаан нэмдэг гэдэг.  Та нэг ярилцлагадаа аавдаа унатал алгадуулж байсан дурсамжаа хуваалцсан байж билээ?

-Би 1980-аад оны үед бор дарсанд хөлчүүрсэн. Тэр үед аав тэсэлгүй намайг нэг алгадсан юм. Тэгсэн ээж “хүүе хүүхэд аллаа” гэж байна. Би чинь тэр үед 26-27 настай, том залуу байсан юм шүү дээ. Гэтэл ээжийн тэгж хэлэхийг сонсоод  би уйлчихсан.  Аав тэгсэн чинь “Нулимс гэдэг чинь хамаагүй газар гардаг зүйл биш.

Нулимсыг хадгалж яв. Нулимс гарцаагүй урсаж байдаг зүйл ч биш. Хаана урсгах вэ гэдгээ хүн өөрөө олж авдаг юм. Чи жүжиг дээр хүнийг уйлуулах гэж  байгаа бол уйлуул. Чиний жүжгийг үзэж байгаа хүн нулимсаа асгарахуулахыг харвал би мэргэжлийн ажлаа сайн хийжээ гэж бод.  Тэр цагт чиний найруулгын  хэллэг хүнд хүрсэн байна гэсэн үг.

Танай найруулгыг би мэдэхгүй” гэж хэлж билээ.  Миний мэргэжлийн хамгийн эмзэг асуудлыг хэлчихсэн байгаа юм. Залуу байхдаа хүн уйлуулах, инээлгэх гэсэн хоёр л зүйлд туйлширдаг байлаа. Гэтэл тийм биш юм.  Хүний сэтгэлийн нарийн утсыг хаана харах вэ. Хөгжим, драмын урлагаас ялгаагүй харж болно.  Энэ чадвар бидэнд байх ёстой. Бидэнд байх аваас  бүтээл нь хүнд хүрнэ.  Хүнд хүргэх гэж хүчээр юм хийвэл очдоггүй.  Энэ бол манай мэргэжлийнхэнд, театрынханд  хэлсэн миний эцгийн хамгийн том сургамж нь байлаа.

Хүнийг уйлуулна гээд зүтгэвэл яагаад ч уйлахгүй, инээлгэе гээд зүтгэвэл бас л бүтэхгүй. Тэгэхээр тэр торгон мэдрэмжийн тухай л холуур хэлсэн хэрэг. Амьдралын асар буурь суурин дээрээс түүнийг олж харж хэлсэн байгаа юм. Түүнийг нь би залуу насандаа яаж мэдэх вэ дээ. Номоо бариад л зохиолоо тэгнэ, ингэнэ гээд шинжлэх ухааны юм яриад явж байсан. Энэ насны өндөрлөгөөс харж суухад их нарийн зүйлийг хэлж байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.