““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 20 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм.

Төслийг эцсийн хувилбарт бэлтгэсэн дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Ганбаатар, Ч.Ундрам, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал нар асуулт асууж, үг хэлсэн юм. Хувьцааны ногдол ашиг олгох нь зүйтэй хэдий ч Монгол Улсын иргэн бүрийн эзэмшлийн хувьцааг урт хугацаандаа үр өгөөжтэй байлгах тохиолдолд өр төлбөрөө нэн тэргүүнд барагдуулж, бүтээн байгуулалтууддаа хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэхийн чухлыг Ж.Ганбаатар гишүүн хэлж байв. Олсон ашиг бүрээ хуваагаад байх юм бол ирээдүйд үнэ цэн, өртөг бүтээх боломжоо тэр хэрээрээ хязгаарлах, улмаар иргэдийн эзэмшлийн хувьцааны ирээдүйн үнэ цэнийг унагаж, өгөөжийг бууруулах үр дагавартай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тиймээс шийдвэр гаргахдаа асуудлыг өргөн хүрээнд харж, тооцоо судалгаа хийх шаардлагын талаар хэлж байв. Компанийн үнэ цэн, хувьцааны ирээдүйн үр өгөөжийг сайжруулах асуудлыг бизнес төлөвлөгөө гаргаж, зөв менежмент хийх, холбогдох шийдвэрийг ТУЗ гарган ажиллах үүрэгтэй болохыг Ц.Цэрэнпунцаг дарга хэлж байсан.

“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 2012 оны 18 дугаар тогтоолуудыг хүчингүй болгохтой холбоотой төслийн заалтын талаар Ч.Ундрам гишүүн байр сууриа илэрхийлсэн юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг ойрын хугацаанд өргөн мэдүүлж, шийдвэрлэх бөгөөд энэ хүртэл дээрх тогтоолууд хүчин төгөлдөр үйлчлэх нь зүйтэй гэдэг байр суурийг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлсэн. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал нар иргэдийн эзэмшлийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг өгөх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, тайлбарыг дэлгэрэнгүй хэллээ. Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааснаар үйл ажиллагаанд доголдол үүснэ гэдэг нь зохисгүй тайлбар хэмээн шүүмжилсэн. Хэлэлцэж буй энэхүү төслөөр хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэр гарахгүй, гол зохицуулалт нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэх буюу 1.5 сая иргэндээ, хүүхдүүдэд 1072 ширхэг энгийн хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байгааг Б.Баттөмөр гишүүн тайлбарласан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авсны дараа нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалт явуулахгүйгээр, уг асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн.  

““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг ийнхүү хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ