УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны төгсгөлд ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тус тогтоолын төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар ажилласан байна. Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гаргасан нийт хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани, 18.5 хувийг нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 486 аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш, хүртээмжтэй олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн болон тухайн хугацаанаас хойш Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд эзэмшүүлэх, Монгол Улсын иргэдэд олгосон хувьцааг энгийн хувьцаанд бүртгэх шаардлага үүссэн талаар ажлын хэсгийн танилцуулгад дурдав.
УИХ-ын дээрх тогтоолын төсөл батлагдсанаар байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх боломжтой болох төдийгүй “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагаанд тавих иргэдийн хяналт, оролцоо нэмэгдэж, ил тод нээлттэй компанийн засаглал хөгжихөд ач холбогдолтой хэмээн Б.Баттөмөр гишүүн танилцуулсан.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.27-д “Байнгын хороо хэлэлцэж байгаа төсөл болон тухайн төслийн талаар гаргасан саналтай холбогдуулан тусгайлан судалгаа, үр нөлөөний үнэлгээ хийлгэсэн, эрх зүйн дүгнэлт гаргуулсан бол тэдгээрийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын дээрх тогтоолын төслийн талаарх эрх зүйн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны “Эрх зүйн дүгнэлт гаргуулах тухай” шийдвэр, УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн холбогдох албан бичгийг үндэслэн энэхүү эрх зүйн дүгнэлтийг гаргасан гэлээ.
Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалд тусгагдсан тус компанийн нийт хувьцааны 34 хувьд багтаан Монгол Улсын иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх болон нас барсан иргэнийг хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасах тухай зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасан иргэний өмчлөх эрхийг хөндөж байгаа эсэх, иргэдэд эзэмшүүлэх 1072 хувьцаа эзэмшлийн зохицуулалт нь Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтуудад нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт гаргасан байна. УИХ-ын дээрх төсөл нь Үндсэн хууль, бусад хуульд нийцэж буй эсэх, хэрэгжих боломжийн талаар болон хэлбэрийн болон хууль зүйн техникийн шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлтийг Н.Мягмар дарга дэлгэрэнгүй танилцуулсан.
““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслөөр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх боломжийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зохицуулсан нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.", “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасантай, түүнчлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тоггоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" Монгол УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолтой тус тус зөрчилдөж байна хэмээн дүгнэжээ.
Тогтоолын төслийн 1 дэх хэсгийн 3 дахь дэд заалтын “иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд баггаан зохион байгуулах” гэсэн нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарпаж бопно” гэж, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар опж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх опговор, үнийг төлнө”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж, Иргэний хуулийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.” гэж заасантай нийцэхгүй байна хэмээснийг Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулав.
Ажлын хэсгийн танилцуулга болон эрх зүйн дээрх дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 2021, 2022 оны ногдол ашгийг иргэдэд олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагын талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлээд, ногдол ашиг тараах эсэхээр тодруулгыг хийсэн. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалттай гэдгийг Б.Баттөмөр гишүүн дурдаад “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Тэгэхээр эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа ногдол ашиг тараах нөхцөл бүрдсэн гэж ойлгож байна” гэв. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудал Компанийн тухай хуулиар зохицуулна хэмээн ажлын хэсэг тайлбарлав. Тус компанийн ТУЗ хуулийн хугацаандаа хуралдаж, санхүүгийн тайлан аудитаар батлагдсаны дараа тодорхой шийдвэр гарах юм байна. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 онд ашигтай ажилласан, нөгөө талд нь хуримтлагдсан өр төлбөр өндөр байгааг мөн дуулгасан. Ногдол ашиг хуваарилсны дараа хөрөнгийн хэмжээ ямар харьцаатай байхыг хуульчилсан байдаг тул ирэх оны үйл ажиллагаа, мөнгөн урсгалын төлөвлөгөөтэй уялдуулж ТУЗ шийдвэр гаргана гэлээ.
Х.Ганхуяг гишүүн, энэ онд багтаан тараах ногдол ашгийн хувь хэмжээний талаар болон “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн өр, авлагын талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Компанийн 2023 оны санхүүгийн тайлан аудитлагдаагүй байгаа учраас ногдол ашгийн хувь хэмжээг хэлэх боломжгүй, харин хуримтлагдсан өр төлбөр 4 их наяд төгрөг орчим байгаа аж. Баялгийн сангийн хуулийн төслийн талаар болон энэ хүрээнд зохицуулах асуудлуудын талаарх байр сууриа Ч.Ундрам гишүүн илэрхийлсэн юм. Асуудлыг маш өргөн хүрээнд харж, холбогдох тооцоо судалгааг зөв хийж, өнөөдрийн иргэд төдийгүй ирээдүйн иргэдэд ч байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах ёстой гэдгийг Д.Батлут гишүүн хэлж байв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.