УИХ-ын чуулганы өнөөдөр /2024-01-12/-ийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай салбарын анхдагч хуулийг эцэслэн баталлаа.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байхаар хуульчилсан, эрүүл мэндийн салбар иргэдийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлсон хэдий ч хэрэгжилтийг илүү үр дүнд хүргэх, хууль эрх зүйн зохицуулалт нэн шаардлагатай байсан юм.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа юм.
ДЭМБ-аас хүний эрүүл мэндийн байдал, өвчлөх эрсдэл тухайн хүний амьдралын хэв маяг, дадал зуршил, зан үйлээс 55 хувь хамаардаг болохыг тогтоосон байдаг.
Манай улсын хүн амын дунд зүрх судасны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус буюу сэргийлж болох өвчлөл зонхилон тохиолдож буй бөгөөд эдгээр өвчнийг үүсгэдэг гол шалтгаан нь зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол. Тодруулбал, дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь цусны даралт ихсэлттэй, 3 хүний нэг нь архи хэрэглэдэг. Мөн тамхины хэрэглээгээр дэлхийд эхний 10-т орж, 2 эрэгтэйн нэг нь, 10 хүүхэд тутмын 3 нь тамхи татдаг гэхчилэн сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт бий.
Ажил, амьдралдаа эрүүл, зөв дадлыг хэвшүүлсэн хүн нийт хүн амын ердөө 6,0 орчим хувийг эзэлж байгаа юм. Тиймээс хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хууль чухал үүрэг гүйцэтгэх болно.
Хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлэх бүрэн боломж бүрдэж, иргэний эрүүл мэндийг хамгаалах бодлого хоёр тулгууртай, санхүүжилтийн хоёр эх үүсвэртэй болж буй юм.
Хуулийн төслийг боловсруулах бүхий л үйл явцад гар сэтгэл нийлэн хамтдаа зүтгэсэн бүх хүнд гүн талархал илэрхийлье.