Г.Аким: Ахмадууд тэнэг хүмүүс биш, ойлгоно

Г.Аким:  Ахмадууд  тэнэг хүмүүс биш,  ойлгоно

Өмнөх парламентын баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг шинэ парламент хүчингүй болгосон билээ. Тэгвэл тус хуулийг хүчингүй болгох нь үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж ахмадууд Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан ахмудадуудыг төлөөлөн МУСГЗ, доктор, профессор, нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким “Хамтын тэтгэврийн тухай хууль баталсан нь олон хүнд тустай, амьдралд хэрэгтэй хууль болсон. Гэтэл шинэ Засгийн газар байгуулагдаад өмнөх парламентын баталсан сайн хуулийг цуцаллаа. Түүнийхээ оронд “Насны хишиг” өгөхөөр болж байгаа юм байна.

Ахмадууд бид залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй, эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан. Гэтэл энэ хуулийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байна гэж үзээд хэсэг ахмадууд Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 19 дүгээр зүлийн 19.1-ийг зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Сонгуулийн үр дүнгээр төр засаг солигдох нь хамаагүй ганцхан төрийн залгамж чанартай, өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан зөв, зүйтэй ажлыг үргэлжлүүлэх ёстой. Улстөрчдийн үл ойлголцол, залгамж чанаргүй байдлын золиос ард түмэн болох ёсгүй. Тэтгэвэр бол бидний насан туршдаа хуримтлуулсан хувийн өмч.

Энэ өмч хөрөнгийг өвлүүлэх эхний алхам нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Үүнийг шинэ засаг гараад хүчингүй болгож болохгүй” гэсэн юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгож оронд нь “Насны хишиг” хөтөлбөрөөр 70-аас дээш насныханд улирал тутамд олгохоор болсон билээ. Энэ талаар тэрбээр “Одоо “Насны хишиг” гээд насаар нь ялгаварлаж олгох гэж байна. Уг нь Үндсэн хуульд нас, хүйсээр нь ялгаварлахгүй гэсэн байдаг биз дээ. 60-70 насныхан шоовдор, түүнээс хөгшин бол нэг хэдэн төгрөг өгөх нь л дээ. Өөрөөр хэлбэл, сардаа 10-20 мянган төгрөг өгөх л юм шиг байна.

Тэгээд болоогүй “Насны хишиг” гэж нэрлээд байх юм. Гэтэл хишиг гэдэг үг чинь хүнд өөрөөсөө зүгээр бэлэг өгөхийг хэлдэг. Гэтэл МАН-ын өгөх гээд байгаа энэ мөнгө чинь бидний төрд зээлүүлсэн эргүүлээд авч байгаа хэлбэр. Харин эргүүлээд төлөхдөө хишиг хүртээж байна гэдэг маягаар өгч байгаа. Бодвол хишиг гэхээр л хөөрхий ахмадуудыг төр минь хишиг хүртээлээ гээд шогширно гэж ойлгосон байх. Бид чинь тэнэг хүмүүс биш,  ойлгоно” хэмээсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.