Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав.
Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм. Тэрбээр, ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон үйл хэрэгтээ бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн ард иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэгч Сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаанаас олон нийтийн төрд итгэх итгэл төдийгүй улс орны бүрэн эрхт байдал хамаарна гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөхүүд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.