С.Чинзориг: Өсвөр насны хүүхдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй

С.Чинзориг: Өсвөр насны хүүхдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй

Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы өнөөдөр (2023.12.15)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулснаар хуралдаан эхэллээ. 


Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ гэсэн байдаг. Уг заалтын хүрээнд Улсын Их Хурлын таван гишүүн санал ирүүлснээс  Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Ганибал нар цаг үеийн байдалтай холбогдуулан цас, зудыг хүндрэл багатай даван туулахад малчдад туслах, малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авах, шатахууны хомсдолыг шийдвэрлэх, нэгдсэн бодлогоор хангаж ажиллах санал гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ахмад настны эрхийн чиглэлээр цөөнгүй хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах лобби бүлэг байгуулах болсон тухай мэдээллийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн тул уг бүлэг байгуулагдсаныг зарлаж өгөхийг хуралдаан даргалагчаас хүсэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат гишүүн 2024 оны ээлжит сонгуулийн тойргийг тодорхой болгох шаардлагатай гэсэн юм. 

Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон  Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,1 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016,2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 41 гишүүн дэмжиж, дээрх хуулийн төслүүдийг сонсов.


Засгийн газраас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Харин зарчмын зөрүүтэй дөрвөн томъёоллоор санал хураахад бүгд дэмжигдлээ.

Үүний дараа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулж, 10 гаруй гишүүнээс өргөн барьсан төсөл нь чихэрлэг ихтэй ундааны төрөлд онцгой албан татвар оногдуулах, улмаар таргалалт, чихрийн шижингээс үүдэлтэй өвчлөлийг бууруулах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилготой тул хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Чихэрлэг болон хэт чихэрлэг ундаанд онцгой албан татвар оногдуулахыг Байнгын хороо дэмжжээ. Ийн хэлэлцүүлэг үргэлжилж, Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг уг хуулийн төсөл ихээхэн ач холбогдолтойг онцолж, ерөнхий боловсролын сурагчдын 80.9 хувь нь долоо хоногт ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг нь халдварт бус өвчний шалтгаан болж байгаа гэсэн судалгааг дурдан хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл дэмжиж  байгаагаа илэрхийлээд үйлдвэрлэгчид эмзэг хандах хэрэггүй, бүтээгдэхүүнийхээ агууламж дахь чихэрлэгийн хэмжээг багасгахад асуудал үүсэхгүй гэсэн юм. Шүд цооролт, хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж буй хэрэг хэмээн үзэж дэмжиж өгөөрэй хэмээн гишүүдэд уриалав.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн дунд ч чихэрлэг ундааны хэрэглээ өндөр, үүнээс улбаалан илүүдэл жинтэй хүн олширсон. Тиймээс ДЭМБ-ийн зөвлөмжийг манай улс хэрэгжүүлэх хэрэгтэй. Дэлхий нийтэд 85 улс чихэрлэг ундаанд онцгой татвар оногдуулсан байдаг. Өсвөр насны хүүхдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй. Уг хуулийн төслийг дэмжиж байна, та бүхэн бас дэмжихийг хүсье гэв. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, энэ хуулийн төсөл хугацаа алдаж байгаа, долоон жилийн өмнө яригдаж байсан ч босго давж чадаагүйг сануулаад хүнсний аюулгүй байдлаас хамаарсан өвчлөл нэмэгдсэн энэ цаг үед ач холбогдолтой төсөл тул дэмжих хэрэгтэй гэсэн юм.

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, хуулийн төсөл санаачлагчдын нэг болохын хувьд шинэ жилийн баярын бэлэгт чихэрлэг зүйл сонгохгүй байхыг, эрхэм гишүүдэд хуулийн төслийг дэмжихийг уриалав. Биеийн тамир, спорт, эрүүл мэндтэй холбоо хууль эрх зүйн зохицуулалтыг дэмжих ёстой, дэлхий нийтийн жишиг загварыг хайхрахгүй орхиж ирснийг засаж, залруулах, стандартыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ илэрхийллээ. Бүтээгдэхүүний үнийн онцгой татварын хэмжээг хувиар тооцон, ундаанаас бусад төрлийн чихэрлэг бүтээгдэхүүнд оногдуулах татварын хэмжээг анхаарсан эсэхийг Улсын Хурлын гишүүн Г.Ганболд асуув. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, хүүхэд насанд чихэр, давсын хэрэглээг бага байлгах нь чухлыг онцлоод чихэр нь хавдрыг өдөөж, өсгөдөг бөгөөд үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байж магадгүй тул хуулийн төслийг гишүүд дэмжинэ байх гэсэн юм. Ийнхүү гишүүд үг хэлж, санал гаргасны дараа дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдэхийг Төсвийн байнгын хороонд даалгав.

Түүнчлэн ахмад настны оролцоог дэмжих лобби бүлгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тэргүүтэй 27 гишүүн хамтран байгуулсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уншиж танилцуулснаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ