С.Бямбацогт: Жилд 50 тэрбум орчим төгрөг замын урсгал засварт зарцуулдаг бөгөөд үүгээр замын нөхөөс л хийдэг

С.Бямбацогт: Жилд 50 тэрбум орчим төгрөг замын урсгал засварт зарцуулдаг бөгөөд үүгээр замын нөхөөс л хийдэг

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.12.14) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 23 минутад гишүүдийн 51.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр захирамжийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан байна.

Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болж буй авто замын дэд бүтцийг сэргээн сайжруулах, улмаар улсын тогтвортой хөгжлийн тулгуур болох хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр логистикийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэжээ. Төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршил дахь нийт 1205 метр урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумыг авто замаар холбох ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл нь улсын чанартай гол авто замын сүлжээний насжилт өндөртэй, ашиглалтын бэлэн байдлын түвшний үзүүлэлт буурсан Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэнэ, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голын төмөр бетон гүүрүүдийн ажил хамарч байгаа ба төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний аюулгүй, үр ашигтай зорчих нөхцөл дээшилж, тээвэр ашиглалтын зардал буурах, цаг хугацаа хэмнэх, улмаар сүлжээний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.

Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хуулийн төслийн талаарх танилцуулга болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Г.Дамдинням, Б.Баттөмөр, Ж.Батжаргал, Г.Ганболд, Ц.Туваан, Д.Ганбат, Т.Энхтүвшин, Ц.Идэрбат нар асуулт асууж, хариулт авав.

Энэхүү зээлийн дүнг төгрөгт шилжүүлвэл 380 тэрбум гаруй төгрөг гэдгийг Н.Алтанхуяг гишүүн хэлээд саяхан баталсан улсын ирэх оны төсөвтөө тусгах боломж байсан гэв. Энэ хэмжээний дүнтэй зээл авч, зам засах нь оновчтой эсэхийг лавлаж, авто замын бүтээн байгуулалттай холбоотой бодлогын баримт бичгүүдийг дурдаж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ жилийн улсын төсвийн төслийг боловсруулахдаа Ерөнхий сайд 21 аймагт ажиллаж, иргэдийн санал, мөн Улсын Их Хурлын гишүүдийн саналыг түлхүү тусгасан онцлогтой гэдэг хариултыг С.Бямбацогт сайд хэлэв. Авто замын арчлалт, засварын зардлыг төсөвт тусгаж чадаагүй гээд “Жилд 50 тэрбум орчим төгрөг замын урсгал засварт зарцуулдаг бөгөөд үүгээр замын нөхөөс л хийдэг. Гэтэл замуудад 5-10 жил тутам ээлжит засвар, үүнээс дээших хугацаанд их засвар хийх шаардлагатай байдаг. Ийм ажилд огт төсөв тавьж байгаагүй. 2023 онд 35 тэрбум төгрөг тавьсан. Үүгээр Хэнтий, Дундговь чиглэлийн 5-10 км замыг зассан. Одоо бол сүүлийн 30 жилийн хугацаанд бүтээж, ашиглаж ирсэн замуудаа засах шаардлагатай болсон учраас 2020 оноос асуудлыг тавьсаар тодорхой хэсгийг ийнхүү шийдэж байна” гэдэг тайлбарыг өгсөн. Монгол Улсын авто замын үндсэн сүлжээнд засвар хийхэд 1 их наяд төгрөг шаардлагатай гэх мэдээллийг тэрбээр чуулганы хуралдааны үеэр хэлж байв. Ирэх оны улсын төсөвт энэ чиглэлээр төсөв хуваарилаагүй учраас 2024 онд ердөө энэ зээлийн хэлэлцээрийн дүнгээр буюу 360-370 тэрбум орчим төгрөгийг замын арчлалт, засварт зарцуулна гэлээ. Энэ хүрээнд 236 км авто замын их засвар хийгдэх бөгөөд өртөг нь 69 сая ам.доллар аж. Авто замын ээлжит засварт  13 сая ам.доллар, 1200 м гүүрийн засварт 9 сая ам.доллар, Архангай аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хужирт суманд тавих 51 км замын бүтээн байгуулалтад 11 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байгаа гэлээ. Засгийн газраас Завхан-Говь-Алтай аймгийг дамнуулсан, мөн Булган-Өвөрхангай-Өмнөговь аймгийг дамнуулсан, Дорнод-Сүхбаатар аймгийг дамнуулсан авто замыг байгуулж, БНХАУ, ОХУ-тай холбохоор төлөвлөж байгааг мөн хариултынхаа үеэр С.Бямбацогт сайд мэдээллээ. Түүнчлэн Дорнодоос Баян-Өлгий хүртэл, Хэнтийгээс Ховд хүртэл нийслэлээр дайрахгүй хэвтээ чиглэлийн замуудыг бүтээн байгуулахаар, цаашлаад аймгуудыг авто замаар холбох ажлуудыг төлөвлөж байгаа гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуулийн төслийг эцэслэн батлах” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу төслийг эцэслэн батлах санал хураалтыг Баасан гарагийн 10.00 цагт явуулна хэмээн мэдэгдсэн.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016,2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тус тус танилцууллаа.

Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагад 1968 онд гишүүнээр элсэн орсон. Манай улс Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд нэгдэн орсныг, энэхүү конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал 2019 онд тус тус соёрхон баталсан. Швейцарь Улсын нийслэл Женев хотноо 2016, 2018 онд зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд одоогоор нийт 90 гаруй улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр далайчдын эрхийг хамгаалах үүднээс хөлөг онгоц дээрх ялгаварлан гадуурхалт болон дарамтыг багасгах, далайн дээрэм болон хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул гэсэн нэр томьёог шинээр тусгаж тус нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг нэмсэн. Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төслийг эцэслэн батлуулахыг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Н.Энхболд гишүүн танилцуулав.

Хуулийн төслийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуулийн төслийг эцэслэн батлах” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасныг хэлээд, энэ дагуу төслийг эцэслэн батлах санал хураалтыг Баасан гарагийн 10.00 цагт явуулна хэмээн зарлав. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.