Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
Т.Ширмэн: Үндсэн хууль хэлэлцэхэд үнэхээр хүнд хэцүү юм билээ
БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан АИХ-ын анхдугаар чуулган 1990 оны 9 дүгээр сард болж Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийг сонгож, Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан АИХ түүний чуулган нэлээд ширүүн маргаан дунд болж байлаа.
Улсын Бага Хурлын даргыг сонгоход Зориг агсныг морь унаж чадах уу гэж хүртэл асууж байж билээ. Бага Хурлын гишүүдийг хүн нэг бүрээр ярьж нэлээд нухацтай хэлэлцэж байсан. Тэнд нэлээд олон талыг харж үзсэн их л зөв бүтэцтэйгээр байгуулсан гэж бодож явдаг. Зарим зүйлийг эрэгцүүлж сүүлд нь бодож байхад Ардын хянан шалгах хороог татан буулгасан нь буруу болжээ гэж бодогддог юм. Одоогийн олон байгууллагын үйл ажиллагааг тэр үеийн Ардын хянан шалгах хороо хийдэг байжээ гэж боддог. Анхдугаар чуулган ийм асуудлуудыг хэлэлцээд завсарласан юм.
Хоёр дахь удаагийн чуулган зөвхөн Үндсэн хуулийг хэлэлцэж батлахад гол ажлаа чиглүүлсэн. Үндсэн хуулийг хэлэлцэхийн өмнө хот, хөдөөд бүх ард түмнээр хэлэлцүүлсэн. Ингэхэд янз бүрийн санал хэлж байсан хүмүүс олон бий. Бид энэ бүх саналуудыг нэгтгээд Их Хуралд амаар болон бичгээр тавьж байлаа. Үндсэн хууль хэлэлцэхэд үнэхээр хүнд хэцүү юм билээ. Үг болгон утгатай байдгийг би тэгэхэд сайн ойлгосон, олон хүнээс олон янзын санаа гардаг нь үнэн.
Миний хувьд бидний амьдралын гол хэрэгсэл болсон мал маань хуульд тун бага орсон байсан тул нэг орой завсарлах дөхөж байхад “Чимид гуай бидний амьдралын гол үндэс мал маань энэ хуульд чинь алга байна. Энэ талаар оруулж өгмөөр байна” гэсэн, гэтэл баруун жигүүрээс депутат Дашдэндэв гуай “Мал яах вэ газар тариаланг заавал оруулах ёстой” гэж байсан. Гэтэл маргааш нь олон депутатууд мал төрийн хамгаалалтад байна гэж санал оруулсан байсан. Үүнийг бид дэмжсэн юм.
Өдөр бүр 12 цагаас илүү сууж хуралдах үнэхээр хэцүү. Бид зарим үед бие биеэ оролдож тоглож, хөхрөх, инээх явдал бишгүй байлаа. Манай Баяндалай гадаад явж ирээд нэг олон мисс хүүхний зурагтай сэтгүүл авчраад нэг зургийг захианы дугтуйд хийгээд Байдрагийн Т.Галсан гуайн гарт нь гэж хаяглаад явуулсан. Түүнийг Галсан хүлээн аваад их л гайхаж байсныг бид харж шоолон хөхрөлдөж билээ. Гэтэл үүнийг Чунтын Чулуунбаатар сэтгүүлч дээрээс зураг авч “Үг” сонинд Хувьсгалт нам секс нам болов гээд бичсэнийг олж үзээд л мөн л инээдэм болцгоож байлаа.
Олон цаг хуралдаж ядарч байхад нэгнийхээ ярьсныг давхардуулж яриад бусдыгаа чилээдэг заримыг нь тэр аймгийнхан тэрнийгээ ав гэж хоч өгч дууддаг байсан. Энэ нь оновчтой, цэгцтэй ярих сургууль болж байсан гэж хэлж болно. Манай Жагварал гуайг Баянхонгорынхон гуталтай муураа ав гэх жишээтэй.
Мөн өөрийнхөө санааг батлах гэж хэт улайраад гэх юм уу хоорондоо хэрэлдэх, муудалцах явдал зөндөө байсан. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай төрийн сүлд хэлэлцэж байхад нэгэн зураач залууд шанаа өгчихөөд, дараа нь уураа гарсан хойно уучлал гуйж байлаа. Мөн хэт их ядарсных юм уу нэг депутат суудал дээрээ нас барж байсныг санаж байна. Тэглээ гээд бид цагаа хасаагүй өдөрт 12 цагаас илүү хуралдсаар 76 хоногт багтаан Үндсэн хуулиа баталж чадсан даа.
М.Могойтар:АИХ-ын депутатууд 76 хоног улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө хүч оюун ухаанаа гаргаж байсан
Шинэ үеийн Үндсэн хууль батлагдаад 20 жилийн нүүртэй золгож байна. Монгол оронд ардчилсан хувьсгал ялж 1990 онд ардчилсан сонгууль явагдаж миний биеийг Булган аймгийн төвийн 112 дугаар тойргийн депутатаар сонгосон явдалд булганчууддаа их баярлаж явдаг юм.
Монгол Улс ардчилсан толтолцоонд шилжиж орсноос хойш манай оронд тохиосон хамгийн том түүхэн үйл явдал болох Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг 1992 онд Ардын Их Хурлын 429 депутаттай хамт батлалцсан явдал миний амьдралд тохиолдсон хамгийн том үйл явдал гэж дурсан санаж явдаг юм. Ялангуяа олон эрдэмтэн мэргэд, улс төрч, оюунлаг сайхан ахмад, дунд үе, залуучууд Монгол Улсын түүхэн гол хуулийг бүтээхийн төлөө оюун ухаанаа чилээж, 76 хоног нойр хоолгүй мэтгэлцэн байж Үндсэн хуулиа батлалцсан тэр сайхан өдрийг дурсан санахад бахархалтай байна.
Хөдөө аж ахуйн талаар Г.Бадарч дарга олон санал хэлсний дотор малыг төрийн хамгаалалтад байлгана гэсэн санааг эхэлж гарган хэлэлцүүлж, нэлээд маргаан өрнүүлсний эцэст батлуулж байсан.
Анх Үндсэн хуулийг хоёр долоо хоногт л хэлэлцэж батлах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл юун тэр хугацаанд батлахтай манатай, бүтэн хоёр сар гаруй хэлэлцэж, Их Хурлын депутатууд оюун ухаанаа уралдуулж Үндсэн хуулийн нэр, улсын нэр, сүлд, засаглалын хэлбэр зэрэг асуудлыг олон хоног маргаж, мэтгэлцэж, зөвшилцөж шийдвэрлээд баталсан юм.
Эргээд харахад АИХ-ын депутатууд ингэж 76 хоног улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө хүч оюун ухаанаа гаргаж байсан байна даа.
Ж.Гүррагчаа: Үндсэн хуулиа баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн эрх барих парламент, гүйцэтгэх засаглал, хууль, хяналтын төв байгууллагуудыг сонгон байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн
Миний амьдралд тохиолдсон дурсгалтай үйлсүүдийн нэг нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан явдал гэж боддог. Үндсэн хууль батлалцаад зогсоогүй Үндсэн хуулийг батлах Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн сонгуулийн нутаг дэвсгэрийн комиссыг ахалж, сонгуулийг зохион байгуулж явуулах ажилд голлох үүрэгтэй оролцсон юм. БНМАУ-ын Ардын Их Хурлын делутатуудын сонгуулийн хууль 1990 оны 3 дугаар сарын 23-нд батлагдлаа. Энэ хууль урьд нь үйлчилж байсан хууль тогтоомжуудаас огт өөр, олон шинэ заалт, үзэл баримтлалаар баяжигдсан чухал хууль байлаа. Ардын Их Хурлын депутатаар сонгогдох хүний насны доод хязгаарыг 23-аар тогтоож, депутатаар сонгогдох боломжгүй албан тушаалуудыг тодорхой зааж өгсөн. Мөн иргэн хүн өөрийгөө депутатад дэвшүүлж хэлэлцүүлэх боломж бий болгосон. Мөн сонгогдсоныхоо дараа сонгогчдын итгэлийг алдсан тохиолдолд уг депутатыг огцруулж болохоор заалт орсон юм. Нэр дэвшигчийн халдашгүй эрхийг хуулиар тогтоож өгсөн нь тэднийг янз бүрийн гүтгэлэг, нэр төрд нь халдах явдлаас сэргийлсэн тодорхой заалт болсон билээ. Тухайн сонгуулийн тойрогт хамаарагдах нийт сонгогчдын 80 хувиас доошгүй нь оролцож, сонгогчдын дийлэнх олонхын саналыг авсан нэр дэвшигчийг тухайн хурлын депутатаар сонгогдсонд тооцохоор хуульчилж өгсөн. 1990 оны тавдугаар сарын 17-ны өдрийн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар АИХ-ын депутатуудын сонгуулийн нутаг дэвсгэрийн комисс байгуулагдаж сонгуулийн ажлыг зохион байгуулж явуулсан. Анхны ардчилсан сонгуулийг зохион байгуулах нэр хүндтэй боловч амар хялбаргүй энэ ажлыг гүйцэтгэсэн тус комиссын бүрэлдхүүнд нэр бүхий 24 хүн орж байв.
Сонгуулийг удирдан явуулах энэ төвөгтэй ажилд амьдрапын арвин их туршлага, өндөр нэр хүнд бүхий эдгээр хүмүүсээс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын гавьяат багш Б.Хурметбек, эрдэмтэн зохиолч Д.Маам, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ гуай нар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг онцлон дурьдах ёстой.
Шинээр байгуулагдсан улс төрийн намууд, иргэд сонгогчдын идэвхтэй хяналтын дор сонгууль явуулах зохион байгуулалтын олон ажлууд орон даяар хийгдсэн юм. Тухайн үед Улсын Дээд шүүхэд апбан ёсоор бүртгэгдсэн Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН), Монголын үндэсний дэвшлийн нам (МҮДН), Монголын чөлөөт хөдөлмөрийн нам (МЧХН), Монголын ардчилсан нам (МоАН), Монголын социал демократ нам (МСДН), Монголын ногоон нам (МНН)-ууд сонгуулийн үйл ажиллагаанд бие даан оролцсон. Манай комисс сонгуулийг хуулийн дагуу ардчилсан шудрага зарчимд тулгуурлан явуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн, сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, түүнийг нэг мөр сахин биелүүлэх, өргөдөл, санал, гомдлыг хянан шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлж байв. Сонгууль явагдах хугадаанд сонгогчдын 1100 гаруй санал, мэдээллийг хүлээн авсаны 90 орчим хувь нь сонгуультай холбогдолтой байсныг авч үзэн хэлэлцэж шийдвэрлэсэн. Нутаг дэвсгэр болон тойрог хэсгийн 9963 комисс байгуулагдан 43.4 мянган хүн тэдгээрт ажилласан болно. Ардын Их Хурлын 430 тойрогт 2413 хүний нэрийг депутатаар дэвшүүлсэн байдаг.
1990 оны 7 дугаар сарын 29-нд бүх нийтийн, дахин сонгууль явуулах тойргуудад 8 дугаар сарын 15, 26-нд санал хураалт явагдсан юм. Ардын Их Хурлын сонгуулийн үр дүнд 422 депутатын бүрэн эрх зөвшөөрөгдөж Ардын Их Хурал бүрдсэн билээ. 1990 оны сонгууль монголчууд ардчилалд суралцах том сургамж болсон гэж боддог. Үгээ чөлөөтэй хэлж, үзэл боддоо илэрхийлэн ард түмний сонголтоор сонгогдон гарч ирсэн эдгээр депутатууд хоёр сар гаруй хугацаагаар хуралдаж шинэ Үндсэн хуулиа баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн эрх барих парламент, гүйцэтгэх засаглал, хууль, хяналтын төв байгууллагуудыг сонгон байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн билээ. Мөн энэ удаагийн орон нутгийн сонгуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Ардын хуралд нийтдээ 13097 депутат сонгогдсон юм.
Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/