Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл байдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хэлэв.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил болсон. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулж, энэ асуудлыг яаралтай шалган, үр дүнг ард иргэдэд нээлттэй, ил тод мэдээлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг тодотгов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, “Монгол Улсын иргэн өмчилсөн газраа гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд шилжүүлж болохгүй. Төрийн байгууллагын эрх бүхий зөвшөөрөлгүйгээр эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэж Үндсэн хуульд заасан” гэлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа
Газар эзэмшилт, ашиглалтыг шалгах тухай
Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан.
Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь монгол төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.
Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэс, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын газрыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаарх баримт, мэдээллийг гаргаж тавилаа.
Иймд Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна” гэжээ.