Нийслэлийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны V хуралдаан өнгөрсөн баасан гарагт болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэр болон түгжрэлийг бууруулахад ямар бодлого баримталж буй талаараа Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.
-Үндэсний хорооны V хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн, шийдвэрлэсэн бэ?
-Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг цогцоор нь шийдэх зорилгоор өнгөрсөн баасан гарагт манай Үндэсний хороо хуралдлаа. Үндэсний хороонд багтдаг 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон. Энэ хурлаар түгжрэлийг бууруулах ойрын гол зорилгыг нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто машины хөдөлгөөний зорилт гэж тодорхойлсон. Ингээд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн шинэ удирдлагатай хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдсоноосоо хойш анх удаа тавдугаар хуралдааныг хийж албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Үндэсний хороо том бүтэцтэй тиймээс тэр болгон хуралдаад байх боломжгүй. Учир нь, яам, агентлагийн дарга нар байдаг. Үндэсний хороонд багтдаг 40 гаруй байгууллагын гишүүд оролцлоо. Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрчээ. Шинэ нийтийн тээврийн хэрэгсэл орж ирсний дараа хэрхэн яаж зохистой, хүртээмжтэй ашиглах болон автобус удаан хугацаан хүлээгдэж буй асуудлыг шийдэх. Энэ хүрээнд Үндэсний хорооны дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулж байгаа. Тус зөвлөл нь түгжрэлтэй холбоотой ажлыг гардан явуулах бөгөөд мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан Ажлын албаны даргаар ахлуулж байгаа. Олон нийтийн зүгээс хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах үүднээс чиг үүрэг бүхий орон тооны Иргэний хяналтын зөвлөлийг Үндэсний хорооны дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр арга хэмжээг бид ойрын хугацаанд авч, ажиллуулна.
-Нийтийн тээвэр ховор, бага байгаад иргэд нэлээд бухимдалтай байдаг. Тэгэхээр цаашид энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг үү?
-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан нийтийн тээврийн автобус худалдан авах тендер амжилттай зохион байгуулагдсан. Энэ долоо хоногт ямар нэгэн маргаан гарахгүй бол шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ирэх сард автобусаа авч эхэлнэ. "Yutong Bus" компаниас 600 автобус авахаар болсон.Автобус нийлүүлэх ажилд Хятад улсын таван компани орсон. Шинээр оруулж ирэх автобуснуудыг Эрээнд хүлээж авах саналыг тавьсан байгаа. Өөрөөр хэлбэл улсын комисс Эрээнд очиж, шинэ автобуснууд стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж, авна. Тэндээс хүлээж аваад боломжтой гэж үзвэл Монголын хил рүү оруулна. Ингэхгүйгээр ногоон автобус шиг нэгэнт Монголын хилээр ороод ирсэн бол авч ч болохгүй, хаяж ч болохгүй байдалд дахин ормооргүй байна. Тиймээс холбогдох байгууллагуудад энэ чиглэлээр зөвлөмж өгч ажиллаж байна. Мөн ирэх нэгдүгээр сарын 1-нээс төв замаар зорчиж байгаа нийтийн тээврийн шугамын давхардлыг багасгана. Богино эргэлтүүдийг нэмэгдүүлнэ. Үүнтэй холбоотойгоор иргэд маань өглөө анх уншуулсан картныхаа мэдээллээр бүтэн өдөржин зорчих ийм боломжийг бүрдүүлнэ. Мөн автобусны зогсоолуудыг хааж, автобус зогсоол руу орж зогсдогийг болиулна. Шулуун зогсоод түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг болгох үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа. Тэгэхгүй бол автобусны зогсоол руу жижиг тэрэг орж зогсон хөдөлгөөнд нь саад учруулах, буцаад эгнээндээ орох гэж хугацаа алдах асуудал их байдаг.
-Иргэдийн хяналтын зөвлөл маань ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?
-Иргэдийн хяналтын орон тооны бус зөвлөл байгуулж байгаа юм. Автобус хугацаандаа ирж байна уу, багтаамж зөрчил хэр байна гэдгийг бид өөрөө өөрсдийгөө хянах боломжгүй. Дараагийн нэг чухал асуудал нь зогсоолын асуудалд иргэд, олон нийт хяналт тавих боломжтой гэж үзсэн. Мөн удахгүй он гараад автомашины нэгдсэн үзлэг болно. Энэ үзлэгт манай иргэдийн зөвлөл хяналт тавих юм.
Үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Тамир:
-Манай үндэсний хороо нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг хэрхэн өөрчлөх, хэрхэн бэлдэх, нийтийн тээврийн үнэ тарифыг иргэдэд аль болох хялбар байдлаар шийдэх тухай судалгааг хийлээ. Бид 2025 он гэхэд 200 мянган иргэнийг хувийн автомашинаас нийтийн тээвэр рүү шилжүүлэх боломжтой гэж харж байна. Олон улсад хэрэгждэг "3Е"-гийн зарчмаар энэ боломжийг тооцоолсон. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 8-9 км цаг байна. 2024 онд үүнийг 30-35 км цаг. Цаашдаа 50-60 км цагт хүргэх боломжтой гэж тооцож байна. Нийтийн тээврийн сүлжээнд иргэд маань хотын нэг захаас нөгөө зах хүртэл ямар нэгэн дамжин суулт хийхгүйгээр нэг автобусаар гарч байна. Мөн гол гудамж зам руу төвлөрсөн төвлөрлийг үүсгэдэг ийм нөхцөл байдалтай байна. Тухайлбал, Хархорин захын арын буудал дээр гэхэд 28 чиглэлийн автобус давхцал үүсгэн зогсдог. Мөн хуучин Петербургийн буудал дээр 22 чиглэлийн автобус зогсож байна. Үүнээс үүдэн иргэд яг өөрийн суух автобусандаа суухаас биш дамжин суух гэсэн ойлголтгүй байна. Бид эхний ээлжинд богино хугацаандаа Улаанбаатар хотын таван гол магистрал зам дээр нийтийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх байдлаар автобусыг өглөө оройны ачаалал өндөр цагт нь 1.3 минутын интервалтайгаар хөдөлгөөнд оролцуулна. Үүний дараа зургаан тойргийн 12 чиглэлд 98 автобусыг 2.5-5 минутын интервалтайгаар зорчуулна. Тухайн тойрогт автобуснууд өөдөөсөө зөрж зорчих юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 242 (7227)