УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуралдаанд танилцууллаа.
Тэрээр "2016 онд “Сайн хувьцаа” нэрээр Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авсан. Одоо тус компанийн нийт хувьцааны 14.7 хувь нь иргэдийн мэдэлд, 85.5 хувь нь Засгийн газрын, 0.05 хувь нь аж ахуй нэгжүүдэд оногддог байна. 2016 оны сонгуулийн өмнө 300 мянган төгрөг авсан иргэдийн хувьцаа 750 ширхэг болсон. Ер нь Засгийн газар иргэдэд өгсөн 20 хувийн эзэмшлийн хувьцааныхаа 6.3 хувийг худалдаж авсан тооцоо байна.
Гэвч үе үеийн эрх баригч хүчин УИХ-ын сонгуулийн өмнө иргэдийн санал авах хэрэгсэл болгон ашиглаж байсан явдлыг залруулж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсөл боловсруулсан" гэв.
Улмаар төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.