Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Энхийн цагт залуус цэрэгт амь насаа алдах нь байж боломгүй зүйл. Нөгөө талаасаа цэргүүд хатуужилтай байх хэрэгтэй. Гэхдээ, хүний амь нас ялангуяа энхийн цагт үрэгдэх ёсгүй. Б.Энхбаяр сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Хэт их дэглэлт байгаа юу. Шалтгаан юу байгааг асуумаар байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
-Энэ асуудалд Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Хууль хяналтын байгууллага эцсийн дүгнэлт гараагүй байна. Учир шалтгааны талаарх хариултыг хууль хяналтын байгууллага өгөх байх. Зэвсэгт хүчний салбарт алдаа, эндэгдэл гаргахгүй байх тал дээр олон ажил хэрэгжүүлж байгаа. Энэ талаарх мэдээллээ Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Бид өөрсдийгөө өмгөөлж, аливаа иргэдээс нуусан зүйл байхгүй. Болсон процессын үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг иргэдэд нээлттэй танилцуулж сурталчилж байгаа. Зэвсэгт хүчний салбарын хэмжээнд харилцааны зөрчил, гэмт хэргийн чанартай зөрчил дутагдал байхгүй. Нас барсан цэрэгтэй холбоотой асуудлаар эмнэлэг, хууль хяналтын байгууллагын дүгнэлт хэрхэн яаж гарахыг мэдэхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Зэвсэгт хүчин цэргийн эмнэлгийн том албатай. Зөвхөн хавар, намар цэрэгт татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг хийгээд тэнцэх, тэнцэхгүйн асуудал ярихаас илүүтэй үзлэгийг чанартай болгох хэрэгтэй гэлээ.
Б.Энх-Амгалан, П.Анужин, Г.Тэмүүлэн нарыг байнгын хорооны даргаар улираан томиллоо
УИХ-ын Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг. Гэхдээ нэг удаа улираан ажиллуулж болдог журамтай. Тэгвэл одоогийн ажиллаж байгаа байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг энэ долоо хоногийн бүлгийн хуралдаанаараа дараагийн дарга нарын асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын есөн Байнгын хорооны даргын бүрэн эрх дууссан. Нэр дэвшүүлж тодруулахад баримтлах зарчим дээрээ тогтлоо. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн Байнгын хорооны даргын асуудлыг шийднэ" гэсэн. Улмаар өчигдөр байнгын хороодын хуралдаанд дарга нарын асуудлыг танилцуулж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Б.Энх-Амгалан, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарыг улираан ажиллуулахыг гишүүдийн олонх дэмжжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)