Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, чөлөөлөв

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, чөлөөлөв

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.11.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад эхлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийх гэж буйтай холбогдуулан үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Хүний эрх, жендерийн асуудал нь Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд УИХ төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, парламент дахь иргэдийн итгэлийг бэхжүүлэх гэсэн бодлогын 3 дугаар зорилгод хүний эрх, жендерийн асуудал хамаарч байна. Иймд 2022 оны наймдугаар сард ОУПХ,  Монгол Улсын Их Хурал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү  хамтын ажиллагаа нь хүний эрх, жендерийн мэдрэмжтэй парламентыг бүрдүүлэх замаар парламентын шийдвэр үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэсэн. Энэ хүрээнд ОУПХ-ны боловсруулсан аргачлалаар парламентын хүний эрх, жендерийн мэдрэмжийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээг ирэх 7 хоногт хийнэ. Арваннэгдүгээр дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Улсын Их Хурлын "Их эзэн Чингис хаан", "Жанжин Д.Сүхбаатар"-ын танхимуудад ОУПХ хамтран зохион байгуулахаар болсныг онцолсон.

Мөн ирэх долоо хоногт ОУПХ-ноос олон улсын зөвлөхүүд ирж хүний эрх, жендерийн мэдрэмжийн үнэлгээг зохион байгуулахад туслалцаа үзүүлнэ. Хүний эрхийн үнэлгээг олон улсын хэмжээнд анх удаа Монголд хийх гэж байна. Харин жендерийн асуудлаарх үнэлгээг өмнө нь Швед, Турк, Бангладеш, Руанда, Чили, Уганда, Кени, Танзани, Гүрж, Их Британи, Колумб, Серби улсуудын парламентад хийж байсан. Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газарт хийх өөрийн үнэлгээ нь Улсын Их Хурлыг хүний эрх, жендерийн мэдрэмжийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр илүү үр дүнтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой гэж байлаа.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ энэ үнэлгээний зөвлөмжөөс холбогдох асуудлыг Улсын Их Хурлын энэ удаагийн болон дараагийн 2025-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөндөө тусгана гэдгийг дурдаад үүнд Улсын Их Хурлын гишүүдийг идэвхтэй оролцохыг хүсэв.

Хуралдаан Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай (Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах) асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулсан.  

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан боловсруулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэдгийг онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд гишүүдийн 65.2 хувь нь  дэмжлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 1 санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнийг Ц.Сандаг-Очир гишүүн санал, дүгнэлтдээ онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 8 дахь хэсгийг "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана. Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх. эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлана.” гэж өөрчлөн найруулах, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь заалтын 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Мөрдөн шалгах" гэсний өмнө “Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч," гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.  

Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, чөлөөллөө

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заасныг онцлов.

Мөн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Их Хурлаас Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүлэн Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаар тогтоолоор  зургаан жилийн хугацаатай томилсон бөгөөд энэ хугацаа дуусгавар болсныг тодотгоод Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, Хууль зүйн байнгын хороо нэр дэвшүүлэн, онол практикийн болон хууль тогтоох, шүүх эрх мэдлийн салбарт ажилласан мэдлэг, туршлага, ур чадварыг үндэслэн Үндсэн хууль судлаач, доктор Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлаас  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр санал болгож буйг танилцуулсан.

Тэрбээр, Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ нэн тэргүүнд онолын мэдлэг, Үндсэн хууль, судалгааны ажлын туршлагыг, удаад нь хууль тогтоох, гуравдугаарт гүйцэтгэх, дөрөвдүгээрт шүүх эрх мэдлийн салбарт ажилласан мэдлэг, туршлага, ур чадварыг үндэслэн Улсын Их Хурлаас Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгааг  танилцуулгадаа онцлов.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС болон УБИС-д нийтдээ 18 жил багшилж, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр нэг сэдэвт 10 гаруй бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл судалгааны ажил бичиж, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгосон. Тэрбээр шүүх эрх мэдэл, хууль тогтоох үйл ажиллагааны практик судалгааны чиглэлээр Америк, Герман, Япон, Франц, Солонгос, Швейцарын холбооны улсад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор цолтой.

Л.Өлзийсайхан нь 1998 оноос эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тасралтгүй 25 жил ажиллаж байгааг тодотгохын зэрэгцээ 1998-2002 онд УБИС-д, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажилласан. Хууль тогтоох салбарт буюу Улсын Их Хурлын Тамгын газарт 2007 оноос ажиллаж, мерит зарчмаар өсөн дэвшсээр өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгааг Г.Занданшатар дарга танилцууллаа.

Нэр дэвшигч 2007 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх, Экспертийн хэсэг хариуцсан ахлах зөвлөхөөр,  2013-2015 онд ШЕЗ-ийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015-2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. 2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Л.Өлзийсайхан нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг боловсруулах эхний шатаас хэлэлцэн батлах хүртэл бүхий л үйл явцад Улсын Их Хурлын гишүүдийг мэдээлэл, судалгаагаар хангах ажлыг хариуцаж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан ажиллаж Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн.

2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлэх, санал авах, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үндэсний хэмжээний Зөвлөлдөх санал асуулга явуулах зэрэг төрийн ажил хэрэг, томоохон түүхэн үйл хэргүүдийг зохион байгуулахад бодлого, хэрэгжилтийн түвшинд мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж хариуцлагатай ажилласан гэдгийг танилцуулгад дурдав.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх үндсэн шаардлагыг хангаж байгаа, хууль зүй, эрдэм шинжилгээний судалгаанаас эхлэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбарт 25 жил хууль, эрх зүйн мэргэжлийн ажлаа нэр төртэй эрхэлж буй Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж байгаагаа Г.Занданшатар дарга  ийн танилцууллаа.

Дараа нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар захирамжаараа Эрдэнээгийн Энхтуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхийн хамт амьдардаг байна. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон Улсын Кюүшү их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй. Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах, 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ. Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан нэр дэвшигч Э.Энхтуяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлыг бүрэн хангасан, эрх зүйч мэргэжилтэй, хуульч, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хууль зүй болон улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга хуралдаанд танилцуулав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7 дахь хэсгийг тус тус үндэслэн, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 36 дугаар тогтоолын дагуу Одонхүүгийн Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд танилцуулж буйг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг хуралдаанд танилцуулав.

Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ. Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна. Англи хэлтэй. 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм байна. О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль болон хуульч, шүүгчийн үргэлжилсэн сургалтад Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн хичээлийг заадаг байна. Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн болохыг танилцууллаа. Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байжээ.

Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн болзол, шаардлагыг бүрэн хангасан хууль зүйн өндөр мэргэшилтэй, Үндсэн хуулийн эрх зүйн дагнасан судлаач, багш, профессор гэдгийг танилцуулгын төгсгөлд дурдав.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгоп Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн I дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэциин гишүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийн талаарх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Л.Өлзийсайханыг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Э.Энхтуяаг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тус тус санал болгосныг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт санал, дүгнэлтдээ онцлохын зэрэгцээ нэр дэвшигчдийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Д.Одбаяр, Н.Чинбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай болон Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа. О.Мөнхсайхан нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байна гэв.

Нэр дэвшигчийг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Ш.Раднаасэд, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, шийдвэрийг гаргахдаа улс төрөөс хараат бус байх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд илүү санаачилгатай ажиллахыг захихын зэрэгцээ хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа олон жил ажилласан, онол практикийн туршлагатай, судлаач хүмүүс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшиж буйг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, "Үндсэн хуулийн цэцийн гишүүнд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирж буй нь сайн хэрэг. Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь хариуцлагатай, аливаа асуудлын гаргалгаа, шийдлийг сайн олж ажилладаг, чадварлаг эмэгтэй. Салбартаа 20 гаруй бүтээл туурвиж, 17 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл судалгааны ажил бичсэн эрдэмтэн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор хүн Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд ажиллахаар болсон нь сайшаалтай хэрэг" гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, "Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь Үндсэн хуулийн хяналтаар мэргэшсэн монголын цөөхөн эрдэмтэн, судлаачдын нэг" гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт "Нэр дэвшигч Э.Энхтуяа нь хууль зүйн салбарт 20 гаруй жил ажилласан маш туршлагатай, чадвартай боловсон хүчний нэг" хэмээж байв.

Гишүүд нэр дэвшигчдээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол улс төр, бусдаас хараат бусаар ажиллаж чадах, эсэхийг илүүтэй тодруулж байлаа.

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан хариултдаа, "Үндсэн хуулийн зорилго, зориулалт нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн аливаа дур зоргыг хязгаарлахад оршдог. Иймд Үндсэн хуулийн үзэл санаа, Үндсэн хуулийн заалт бүрд шингэсэн тэр хэм хэмжээ, түүний агуулгыг тайлбарлан хамгаалдаг оюун ухааны онолын шүүх бол Үндсэн хуулийн цэц гэж үздэг. Тийм  учраас миний бие нэгдүгээрт Үндсэн хуулийн зарчим, хоёрдугаарт Үндсэн хуульд, гуравдугаарт мэргэжилдээ үнэнч ажиллана” гэж байлаа. Мөн "Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага гэж тодорхойлсон. Гол амин сүнс нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэж хуульчилсан байдаг. Үндсэн хуульд цэцийн гишүүн нь захирагдаж ажиллана, аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус ажиллана" гэдгээ онцолсон. Мөн нэр дэвшигч Э.Энхтуяа хариултдаа, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол Үндсэн хуулийг чандлан сахиулах хүрээнд хууль дээдлэн ажиллана. Хууль зүйн салбарт 23 гаруй жил ажиллах хугацаандаа хууль дээдлэх зарчмыг барьж ажилласан” гэдгийг тодотгосон бол нэр дэвшигч О.Мөнхсайхан, "1992 оны Үндсэн хууль нь өмнөх хуулиудаас ялгаатай нь Үндсэн хуулийг тунхаг төдий биш амьдралд хэрэгждэг, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хууль тогтоогчид хүний эрх болон эрх зүйт төрийн зарчмыг баталгаатай хэрэгжүүлдэг механизмыг бүрдүүлсэн. Миний бие Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, чадвараа дайчлан, Монгол Улсын Үндсэн хуульд захирагдаж, хараат бус, төвийг сахин ажиллана" хэмээн хариулж байлаа.

Ингээд нэр дэвшигч Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь, нэр дэвшигч О.Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь, нэр дэвшигч Э.Энхтуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь нь тус тус дэмжсэн юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

 

Хуралдааны төгсгөлд Монголбанк 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулсан.  

Тэрбээр танилцуулгадаа, Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны 17 дугаар тогтоолоор “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Т.Доржханд, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласныг дурдав.

Мөн Ажлын хэсгийн зүгээс орон сууцны ипотекийн хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангах, зээлийн эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэнцүү хуваарилах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, гэр хорооллыг барилгажуулах зорилгоор олгох зээлийг дэмжих, бизнесийн зээлийг нэмэгдүүлж, хэрэглээний зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх, банкнаас жижиг дунд бизнест олгосон зээлийг ангилах, ногоон, тогтвортой зээл гаргахад санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Дараа нь УИХ дахь АН-ын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Төв банкны тухай хуульд “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасан байдаг. Төгрөг тогтвортой байх гадаад шалтгаан нь валютын тогтвортой ханшаар, дотоод шалтгаан нь инфляцаар илэрхийлэгддэг. Гэтэл 2016 оноос хойш монгол төгрөг 80 хувь үнэгүйдээд байна. Энэ хугацаанд манай улсын экспортод гаргадаг түүхий эдийн ханш асар өндөр байж, валютын орлого түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэн. 2015 онд Монгол Улсын экспортын нийт орлого 4.6 тэрбум, гадаад худалдааны тэнцэл нь 871 сая ам.доллар байсан бол 2022 онд экспорт 12.5 тэрбум хүрч гурав дахин, тэнцэл нь 3.8 тэрбум америк долларт хүрч дөрөв  дахин өссөн. Зөвхөн 2023 оны есөн сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 4.5 тэрбум ам.долларын ашигтай гараад байгааг дурдахын зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогын алдаа үндэсний мөнгөн тэмдэгтийн огцом сулралын шалтгаан болсон гэж Ардчилсан намын бүлэг дүгнэж байна гэдгийг онцлон тэмдэглэв.   

Мөн тэрбээр, ханш алдахад нөлөөлж буй бодлогын бас нэгэн алдаа нь хэт тэлсэн төсөв. Эрдэс баялгийн дэлхийн зах зээл дээрх үнэ ханшийн өсөлтийг дагуулан эрх баригчид төсвийн зарлагаа сүүлийн дөрвөн жилд 2 дахин, сүүлийн 2 жилийн дотор гэхэд 65 хувиар нэмлээ. Ердөө 7 жилийн өмнө Монгол Улсын төсвийн нийт зардал 5-6 их наяд төррөгт хэлбэлзэж байсан бол өдгөө 4-5 дахин нэмэгдлээ. Тэлсэн төсвийн ихэнх хэсэг импортын бараа, үйлчилгээ, валют болж гадагшаа урсаж байгааг танилцуулгадаа онцлохын зэрэгцээ мөнгөний бодлогын хоёр дахь гол зорилт бол санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх явдал юм. Монголбанкны үйл ажиллагааны үндсэн чиглэл болох арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих функц туйлын хангалтгүй ажиллаж ирснийг өнгөрсөн хугацаанд арилжааны банкнууд шил шилээ харан дампуурснаас харж болно гэж байлаа.

Өнгөрсөн жилүүдэд Монголбанк “бие даасан байдал”-аа бүрэн алдаж, Засгийн газрын дохио зангаагаар ажилладаг “бэлэн мөнгөний касс” болон хувирсан. Засгийн газар болон Төв банкны хоорондох төсөв, мөнгөний бодлогын уялдаа алдагдаж, тэнцвэртэй нэгдсэн зохицуулалт дутагдаж байгаа нь үнэ өсөх, монгол төгрөгийн ханш сулрах, нийгэмд ядуурал нэмэгдэх, аж ахуй нэгжүүд олноор хаалгаа барих гол шалтгаан нь болжээ. Иймээс Монголбанк үйл ажиллагааны арга барилаа эрс шинэчилж, төрийн хариуцлагын механизмыг нэн даруй сэргээж Засгийн газраас хараат бусаар ажиллах шаардлага нэн хурцаар тавигдаж байгааг дахин сануулж буйг Улсын Их Хурлын АН-ын санал, дүгнэлтэд дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Э.Батшугар нар асуулт асууж, үг хэлснээр чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлага болсон тул хуралдаан түр өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ