МАН засгийн эрхийг дангаараа барих болсноос хойш урагшаа биш ухарч алхсаар өнөөдрийг хүргэлээ. Тэдний ухарсан алхмуудыг тоолбол барагдахгүй, хэлсэн хэлээгүй хүн бүхэн мэдэж байгаа. Энэ засгийн үед хийсэн хамгийн том ухралт бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эргүүлэн татсан явдал байлаа. Уг асуудлаар олон хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгчид байр сууриа илэрхийлж, халаглаж байна. Харин МАН-д үүнийг мэдрэх мэдрэмжтэй, сэтгэлтэй, чадвартай, мэдлэгтэй хуульч алга.
Эмэгтэй гишүүд нь хүртэл “миний имиж энэ биш” гэж тэнэгтсэн удаатай. Сүүлдээ олон нийт, хууль мэддэг хүмүүс тэдний алдааг хэлээд, шаардаад эхлэхээр цогц хуулийг салгаад, ганцхан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг буцаан оруулж ирж, дүр эсгэж байна. УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд бичиж хүртэл сүржигнэсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт чуулган хуралдахад хэлэлцээгүй.
Одоо ирэх пүрэв, баасан гарагийн чуулганаар хэлэлцэх бололтой гэтэл хэлэцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүд дунд алга байх юм. Түүгээр ч барахгүй, орон нутгийн сонгуультай холбоотойгоор МАН-ын гишүүд хөдөө, орон нутагт ажиллаад завгүй байгаа болохоор бүлэг нь ч хуралдахгүй байна. Уг нь энэ сарын 6-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан.
Энэ үеэр Хууль зүйн сайд С.Бямбацогт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн зорилттой уялдуулан хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх.
Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах. Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах, нууцлалыг хамгаалах. Салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан” гэж ярьсан. Үүнээс өөр олон заалтыг ч тусгаж өгсөн талаар мэргэжилтнүүд тухайн үед хэлж байсан. Тэгэхдээ хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах цогц зохицуулалтыг бий болгохын тулд салбар хоорондын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон.
Тэр дундаа зөвхөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас гадна Эрүү болон Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулиудад тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг хүссэн байна билээ.
Өөрөөр хэлбэл, МАН-ын эргүүлэн татсан багц хууль дангаараа хэрэгжих боломжгүй, багцаараа хэрэгжих учиртайг сануулсан хэрэг. Хууль мэддэг хүн бүр л дээрх багц хууль хамтдаа хэрэгжиж байж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж чадна гэж ярьж буй. Гэтэл эрх баригчид ердөө л энэ хуулиудыг дагаж гарах дүрэм, журмууд нь тодорхойгүй гэх шалтгаанаар буцаагаад татчихсан. АН-ын үед хийсэн ажил болохоор бүгдийг нь “баллуурддаг” жишгээрээ юуг ч хамаагүй “булж” байгаа нь энэ байх. Эсвэл энэ хуультай холбоотой эрх баригчдын эрх ашиг хөндөгдөх гээд байсан ч байж магадгүй.
Ямар ч байсан тэд буцааж татсан. Одоо харин ганц “шалдан” хууль батлах гээд, хуулийн төсөл өргөн барьчихаад байгаа юм. Гэтэл өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн улмаас хэчнээн хүн алтан амиа алдаж, хэлэхийн эцэсгүй аймшигтай тоо баримт гарч байгаа билээ дээ. Саяхан дөрвөн хүүхдийн эх, жирэмсэн эмэгтэй балмад нөхөртөө зодуулаад нас барчихсан хэрэг гарч, олныг цочирдуулсан.
Ердөө л энэ жишээг татахад хангалттай. Өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль байхгүй болохоор энэ асуудлыг тоодог ч газар бараг байхгүй болж. Яах вэ, нэг үеэ бодвол хамгаалах байр нэмэгдэж, арай дээр болсон. Үүнийг үгүйсгэхгүй. Цагдаагийн байгууллагын албан хаагчид ч энэ асуудалд арай өөрөөр хандаж, Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн эрсдэлийн үнэлгээг тогтоож, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болоод бусад байгууллагатай холбож өгсөн талаар дээр дурьдсан хэлэлцүүлгийн үеэр тайлагнасан байна билээ.
Гэхдээ л өнөөдөр цагдаагийнхны хийж байгаа ажил тийм ч хангалттай биш байгаа. Угаасаа зохицуулах хууль байхгүй юм чинь яах ч билээ. Хэн нэгэн эмэгтэйн дуудлагын дагуу яваад очиход нөхөр нь согтуу биш эрүүл, бид зүгээр л маргалдсан юм гээд байж байхад цагдаа нар яах юм бэ. Баривчлалтай биш. Улаан цагаан эхнэрээ хэрцгий балмадаар зодоод, гэмтээчихсэн л байхгүй бол асуудал ярихад хэцүү. Нөгөө талаар цагдаагийн байгууллага тоохгүй болохоор гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд Яаралтай тусламжийн төвд хандах тохиолдол цөөнгүй байдаг аж.
Улмаар яаралтай тусламжийн эмч очиж, эхнэрт нь тусламж үйлчилгээ үзүүлж, нөхөртэй нь зодолдох шахдаг талаар эмч нар ярьж л байна. Энэ хооронд өөр газар өвчтэй хүн амь насаа алдаж байвал яах вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Өнөөдөр нийгэм ийм л байдалтай байна. Гэтэл эрх баригчид багц хуулийг ялихгүй шалтгаанаар татчихаад, нийгэм шуугиад эхлэхээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль” гээд нэг муу “шалдан” хуулийн төсөл хэлэлцэх гээд байж байна.
Хүний эрхийн хуульч М.Ичинноров манай сонинд өгсөн ярилцлагадаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй ганц “шалдан” хуулиар тэмцэж болдоггүй гэдгийг бид өнгөрсөн арван жил өчнөөн зовлон тарчлаан, нулимс, үхэл хагацлаар харлаа. Тиймээс хуульчид, өөрөөр хэлбэл шүүгч, прокурор, цагдаа, мөрдөн байцаагч, бүгд хэрэглэж болдог хуулийг АН-ын засаглалын үед хийсэн” гэж дурьдсан.
Энэ мэтчилэн хүмүүс хэлээд, сануулаад байна. Нийгэмд гарч байгаа гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй онц ноцтой хэргүүд ч сануулж байна, эрх баригчид аа. Өөрсдийн чинь зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс ч хэллээ. Ийм байхад “тахир дутуу” хууль баталж, дүр эсгэв дээ. Одоо эргүүлэн татсан багц хуулиа оруулж ирээд, дагалдаж гарах дүрэм журмыг нь батлаад явчихад хүмүүс харин ч баярлаж, тэдэнд таалагдах болохоос муу хэлэхгүй л байх.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.