Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia 4.0” системийг шинэчлэхдээ хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, хамтарч ажиллахыг үүрэг болгов

Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia 4.0” системийг шинэчлэхдээ хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, хамтарч ажиллахыг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ. Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүсэв.  

Энэ үеэр “И-Монгол академи” академийн захирал Б.Мягмарнаран  “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийн талаар танилцууллаа. Тэрбээр “Бид E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн систем,  мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn зэрэг төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын  329 нь хувийн хэвшлийнх.  Цаашид бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх үндэсний аян эхлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна. E-Mongolia 4.0 системийн хүрээнд төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

Ерөнхий сайд системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх,  эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов.  Мөн нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хэрэгтэй гэв. Монгол Улсын нэгдсэн вебтэй болох, төлбөрийн систем нэвтрүүлэх, хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д  ашиглах зэрэг санал дэвшүүллээ.

“E-Mongolia 4.0” систем нь хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэж, үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан. Цаашид төр систем хөгжүүлэхгүй,  тооцоо судалгаа, стандарт, загварчлалаа гаргаж хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зарчим баримтална гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал тэмдэглэв.

Уулзалтад оролцогчид мэргэжлийн хүний нөөцийн дутагдалтай, ажлын ачаалал, цалин хөлс зэргээс шалтгаалан ажлаас гарах нь их, ажлын орчныг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ. Мөн төрийн байгууллагууд цахим үйлчилгээг санал болгох, хэрэглээнд нэвтрүүлэх,  Засгийн газрын тогтоол шийдвэр дээр ЦХХХЯ-наас зөвлөмж авах, системийн шинэчлэлт, хөгжүүлэлтээс гадна мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх салбар дундын уялдааг хангах, системийн шинэчлэлт, хөгжүүлэлтээс гадна мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх гэх мэт  асуудалд анхаарч  өгөхийг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд төрийн байгууллага хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр менежментээ зөв хийгээд явах нь чухал гэдгийг тэмдэглээд инженер технологийн ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах, цахим кабинет байгуулах санаачилгыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Мөн Засгийн газар бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих аяныг өрнүүлэх, “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийг дэмжихээ гэдгээ илэрхийлэв.  Уулзалтаас гарсан саналуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.  

Манай улс  2020 оны аравдугаар сарын 02-нд “E-Mongolia 1.0” системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, цахимаар 36.5 сая удаагийн үйлчилгээ үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ