Б.НАНДИН
Жил бүрийн 11 дүгээр сарын 10-ныг дэлхий нийтээр Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг. НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой энэ жил тохиож буй.
“Хүний эрх 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлэг Төрийн ордонд өнгөрсөн баасан гаригт болов. Хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллага, 50 орчим судлаач оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Хүний эрх нь ямар нэгэн түүхэн арга хэмжээтэй холбоотой ярих биш, өдөр тутам ярьж байх асуудал” гэдгийг онцоллоо.
Энэ үеэр Хүний эрхийн талаар илтгэл тавьж, үг хэлсэн зарим хүмүүсийн байр суурийг хүргэе.
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:
-Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалахтай холбоотой эрхзүй, соёлын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн ч хүний эрхийг зөрчсөн явдал гарсаар байна. ХЭҮК хүний эрхийн 22 илтгэлийг хэлэлцүүлсэн. Хүний эрхийн үндэсний зөвлөлөөс гарсан заавар зөвлөмж зайлшгүй хэрэгжиж байх ёстой хэмээн үзэж 2020 онд ХЭҮК-ын тухай хуулийг шинэчилсэн. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг ч баталсан. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бүрдүүлж, хүний эрхийн зөрчилтэй тэмцэж, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг төрийн байгууллагуудад чиглэл болгож, хүний эрхийг хамгаалах ажилд ТББ, хэвлэл, олон нийт, хувийн хэвшлийг хамтран ажиллах тогтолцоог бий болгосон” гэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-“2021 онд ХЭҮК-ын хуулийг шинэчилж, ажиллах нөхцөл, эрх зүйн орчныг сайжруулсан. Монгол Улс хүний эрхийн индексээр дэлхийн 193 орноос 96 дугаар байрт явж байна. Үүнийг бид алдаатай ч, ололт байна гэж харж байна. Цаашид хүний эрхийг хангаж ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахын тулд төсөв, санхүүг бүрэн шийдвэрлэх шаардлагатай” гэв.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр:
“Хүний эрхийн мэдрэмжийг цаг хугацаатай харьцуулж, хүн бүр өөр өөрийн хэрэгцээ сонирхол, онцлогтой гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Зарим хүнд эд баялаг чухал бол нөгөө хэсэгт нь үг хэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх илүү хэрэгцээтэй байдаг. Тэр утгаараа хүний эрхийг мэдрэмжээр хамгаалах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд хүний эрхийн гурван “дайсан” байсан нь авлига, боловсрол, өмчийн тэгш бус байдал юм.
Эдгээр асуудалд парламент зөв дүгнэлт хийж, засч залруулахаар сүүлийн жилүүдэд ажиллаж байна. Тухайлбал, боловсролын шинэчлэл, иргэдийн саналыг дээдлэх, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож, олон намын тогтолцоог бий болгох, шүүхийн реформыг хийх зэрэг эрхзүйн шинэчлэлийг хийж байна. Эдгээрээс хамгийн чухал нь хууль өөрөө хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой гэдгийг онцолмоор байна. Бид өнгөрсөн хугацаанд иргэнд эрх олгох биш, дарамт болсон хуулийг баталсаар ирсэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнө 400 гаруй хууль, мянга гаруй журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг байсан. Харин одоо 2000 гаруй журам үйлчилж байна. Энэ нь ард түмний хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэл булааж авсан гэдгийг илэрхийлж байна.Эдгээрийг засч залруулах шаардлагатай байна” гэв.
Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүн Ж.Хунан:
-“Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой болж, дэлхий нийтээрээ хүний эрхийн мөн чанар, түүнд тусгасан хүний эрхийн хэрэгжилтийг үнэлж эрчимжүүлэх, ирэх 25 жилд ахиц дэвшил, эерэг өөрчлөлтийг бий болгох амлалт өгөх үйл ажиллагаа өрнөж байна.
Анх 1992 онд иргэдийн эрх, эрх чөлөө, хүний өмчийг хуулиар хамгаалах, иргэний нийгмийн байгууллагуудын эрхийг хангах чиглэлээр Ардчилсан нийгмийн байгууллагуудыг байгуулж байсан. Түүнээс хойш 1998 онд Хүний эрхийн байгууллагыг байгуулж, хууль тогтоомжуудыг баталснаар үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн. Сүүлийн 30 жилд НҮБ-аас хүний эрхийг хамгаалах чиглэлээр найман тусгай илтгэгч, хоёр ажлын хэсэг, бие даасан шинжээчид ажиллаж, хүний эрхийн асуудлаар дүгнэлт хийн, зөвлөмж гаргасан. Манай улсын хүний эрх хангах чиглэлд нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцийг үзвэл зохих түвшинд хүрчсэн. Гэвч Монгол хүний амьдралын чанар сайжрахгүй байна. Энэ нь хуулийн хэрэгжилт сул, төрийн байгууллагуудын хүнд суртал их, уялдаа холбоогүй, төсвийн хуваарилалт оновчтой биш байгаатай холбоотой. Манай улс 2020 оны байдлаар Хүний эрх чөлөөний индексээр 165 орноос 51 дүгээрт, 2023 оны байдлаар Авлигын төсөөллийн индексээр 180 орноос 116 дугаарт, Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 88 дугаарт, Хүүхдийн эрхийн индексээр 193 орноос 93 дугаарт, Жендерийн тэгш бус байдлын индексээр 195 орноос 76 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-т 10469 өргөдөл гомдол ирсэн. Тухайлбал, хөдөлмөрлөх эрх, шүүхээр шударгаар шүүлгэх, халдашгүй чөлөөтэй байх, төрийн албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, хүүхдийн эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн зэрэг гомдол дийлэнх нь байна. Энэ талаар гарч байгаа ХЭҮК-ын зөвлөмжид төрийн бүх байгууллагууд анхаарч, ажиллах шаардлагатай байна” гэв.
Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал:
-Хүний эрхийн асуудлаар төрийн байгууллагын хүрч очиж чадахгүй цэгт иргэний нийгмийн байгууллага хүрдэг. Тэд иргэд, олон нийт, хүүхэд, гэр бүл, амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүрч ажиллахыг зорьдог. Шүүмжлэлтэй талаас харвал иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахыг оролдсон хууль тогтоомжууд өнгөрсөн хугацаанд батлахыг оролдож байв. Тухайлбал, ТББ, иргэний нийгмийн оролцоо, цахим орчин дахь хүний эрхийг хязгаарлах хуулийн төслүүдийг хэлэлцүүлсэн. Мөн иргэний нийгмийн хяналт, шалгалт ихсч байна. Иймд төр иргэнийг холбох хамгийн гол институци болох иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байна. Ялангуяа орон нутагт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич) С.Нарангэрэл:
-”Хүний эрхийн талаар үндэсний эрх зүйд ч олон улсад ч өөрийн олон янзын механизмтай байдаг. Монгол Улсын хувьд дайн дажингүй, бие даасан байдалтай, үзэн ядсан дайсагнал, шашин хоорондын элдэв маргаангүй, улс төрчид нь эвлэршгүй маргаангүй зэрэг нь хүний эрх зөрчигдөхгүй давуу тал болж байна. Хүний эрх нь жам ёсны эрх. Хүн жам ёсны эрхээ эдлэхэд өөрөө ёс зүйтэй, хариуцлагатай байхыг шаарддаг. Нөгөө талдаа төрөөс хүний жам ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлж болохгүй” гэв.
Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга н.Очирлхагва:
-Манай улс хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хүүхдийн эрхийн индексээр 93 дугаарт явж байгаа юм билээ. Энд нэг зүйл зориуд хэлмээр байна. Эцэг эхчүүдийн хүний эрхийн мэдлэг, боловсрол хүүхдээсээ дор байна. Хүүхдүүд хүний эрхийн талаар ойлголтоо мэдээд байдаг, эцэг эхчүүд мэддэггүй. Эцэг эхчүүд нь өөрсдөө хүүхдийнхээ эрхийг зөрчдөг. Тиймээс аав, ээж асран хамгаалагч нарын хүний эрхийн талаарх мэдлэг мэдээлэл тал дээр ажиллах ёстой.
Хамгийн энгийн жишээ гэхэд, хүүхдээ хичээлд нь явуулахгүй хичээл таслуулаад аваад үлдчихдэг. Энэ бол сурч боловсрох эрхэнд ноцтой халдаж байгаа гэсэн үг. Хүний эрхийн ойлголт хүүхдүүдэд нь өгөөд л байдаг эцэг эхчүүд зөрчөөд байдаг. Гэр бүлийн тухай хуульд эцэг эхчүүдийн эрх, үүргийн ойлголт орж ирсэн нь сайшаалтай ч үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг эхчүүдэд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй. Эндээс үл ойлголцол үүсдэг.
Хүний эрх хөгжил төвийн тэргүүн н.Уранцоож:
-Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөгжлийн бодлого төлөвлөлт удирдлагын тухай хуультай болж, хөгжлийн бодлогууд нэлээд уялдаатай хэрэгжих эрх зүйн орчин бүрдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бодит байдал дээр манай хөгжлийн бодлогууд зөрчилтэй байдаг. Наад захын жишээ гэхэд уул уурхай эрдэс баялгийг ашиглах нь байгаль орчныг хамгаалахтай зөрчилддөг. Тэгэхээр хөгжлийн бодлогуудын зөрчлийг арилгах, уялдааг хангах олон талын хэлэлцүүлгийн механизм хэрэгтэй гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 226, 227 (7211, 7212)