УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн барьсан төсөлд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах зохицуулалт орж ирсэн юм. Гэвч "Үүгээр далимдуулан сэтгүүлчдийг дарамталж, иргэдийн мэдэх эрхэнд халдах гэж байна" гэсэн шүүмжлэл гарсан. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргасан. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг уг заалтыг төслөөс хасах улс төрийн шийдвэр гаргасан юм. Уг заалтыг хасахаар Байнгын хороо санал хураалт явууллаа. Санал хураалт явуулахын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Энэ заалт нь иргэдийн мэдэх эрхэнд халдаж, сэтгүүлчдийг яллах санаархал агуулаагүй. Хоёрдугаарт, сэтгүүлчдэд огт хамаагүй заалт байсан. Гэвч үүн дээр улс төр хийсэн. Энэ заалтыг хассанаар иргэдийн мэдэх эрх сэргэж, сэтгүүлчдэд хариуцлага тооцох гэж байснаа больж байгаа юм байхгүй. Эрүүгийн хуульд заасан энэ гэмт хэрэг энэ хэвээрээ л байна.
Засгийн газар мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулж шантааж хийдэг, авлига авдаг, мөнгө угаадаг хууль хүчний байгууллагын сүлжээг таслан зогсоох зорилгоор санал оруулж ирсэн юм. Түүнээс бус иргэдийн мэдэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлахад чиглээгүй" гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дээрх үгийг хэлсний дараа санал хураалт явуулахад уг заалтыг хасах санал нь дэмжигдсэнгүй. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний санал 50:50 хувиар тэнцсэн юм. Энэ тохиолдолд уг санал дэмжигдээгүйд тооцдог хуультай. Ингэснээр мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан этгээдэд оногдуулах шийтгэлийг чангатгах заалтыг хасах эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэхээр болж байна.