Ц.Мөнх-Оргил: Давуу эрх эдэлж байгаа хүн эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй

Ц.Мөнх-Оргил: Давуу эрх эдэлж байгаа хүн эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: -Согтуугаар жолоо барьж байгаа хүмүүст оногдуулах шийтгэлийг чангаруулах нь зөв. Тээврийн хэрэгслийг хураах шийтгэл гэж байдаг уу. Бусад оронд тээврийн хэрэгслийг нь хураах арга хэмжээ том сигнал болдог.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, хуульч Д.Мөнх-Эрдэнэ: -Одоо хэлэлцэж байгаа төсөлд энэ асуудал тусгагдаагүй. Ер нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгийг нь хурааж авдаг албадлагын арга хэмжээ бий.

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн: -Эрүүгийн хариуцлагыг дотор нь ял, албадлагын арга хэмжээ гэж хоёр хувааж байгаа. Албадлагын арга хэмжээний нэг төрөл нь хөрөнгө хураах. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөнгө, тээврийн хэрэгслийг хураах зохицуулалт бий. Энэ бол бүх төрлийн хэрэг дээр баримталдаг хэм хэмжээ. Үүнийг боловсронгуй болгохоор Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх байнгын ажлын хэсэг томьёоллыг нь бэлтгэчихсэн байгаа. Одоогоор өргөн баригдаагүй байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан хэрэгт тээврийн хэрэгслийг нь хурааж байсан тохиолдол байхгүй. Харин шүүхийн практикт хохирлыг нь нөхөн төлүүлэхийн тулд тээврийн хэрэгслийг нь худалдаж хохирогчид шилжүүлж байсан тохиолдол бий.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: -Согтуугаар эсвэл мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг нь улсын орлого болдог, эсвэл хохирогчид нь өгч хохирлыг нь барагдуулдаг зохицуулалтыг санаачлан оруулж ирэх хэрэгтэй. Энэ том хөшүүрэг болно. Би ер нь баривчлагдаад, торгуулаад өнгөрөхгүй нь эд хөрөнгөнөөсөө  ч салах юм байна гэдэг нь олон хүнийг согтуугаар машин барихаас урьдчилан сэргийлсэн зохицуулалт болно. 

Машин барихыг хүний эрх гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол төрөөс олгож байгаа давуу эрх. Ийм давуу эрх эдэлж байгаа хүн эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.