Нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувийг 5 хувь болгох санал асуулгад 6 хоногт 104 мянган хүн дэмжин гарын үсэг зурсан тул уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар хэлэхдээ "Хуульд заасан үндэслэлүүдийн дагуу D-Parliament цахим системд нийт 489 санал ирж үүний 50 хувь нь НӨАТ-тай холбоотой санал ирсэн бөгөөд албан бичгээр МҮХАҮТ, CEO клубээс олон давтамжтай ирсэн тул 2023 оны 10-р сарын 17-ны өдөр цахим өргөдлийг хүлээн авсан. 10-р сарын 23-ны өдөр буюу зургаан хоног хүрэхгүй хугацаанд 104,791 иргэн дэмжиж, ДАН системээр цахим гарын үсэг зурсан. Энэ бол Монгол Улсын парламентын түүхэнд иргэд анх удаа төрийн хэрэгт цахимаар, шууд бодитой оролцсон үйл явдал боллоо. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийж байна.
ДАН системээр өгсөн санал нь иргэд зүгээр нэг дэмжсэн санал биш тодорхой зорилготойгоор өгснөө илэрхийлсэн байна. Иргэдийн санал 100 мянгад хүрсэн бол 30 хоногоос өмнө хааж болно, үр дүнг ажлын гурав хоногт багтаан хүргүүлнэ, журамд заасан шаардлагыг хангасан бол холбогдох байнгын хороо 14 хоногт авч хэлэлцэнэ, УИХ-ын дарга чуулганы хуралдаанд мэдээлж, холбогдох байнгын хороонд шилжүүлнэ гэж заасны дагуу нийтийн өргөдлийн дүнг мэдээлж, УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг холбогдох санал дүгнэлтийг хийсэн. Иргэдээс ирсэн саналыг нийлүүлэн би цахим систем оруулсан" гэлээ.
УИХ анх удаа нийтийн өргөдлийг хуулийн дагуу хэлэлцэх гэж байгааг тэрбээр дурдаад улсын төсөвт тодорхой хэмжээний ачаалал үүсгэх ч эерэг сөрөг талыг хууль журмын дагуу нарийвчлан хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэсэн юм.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхийг дэмжиж, 104,791 иргэн санал өгсөн бөгөөд хүйсээр нь авч үзвэл,
Харин хүйсийн хувьд 70 хувь нь эмэгтэйчүүд байсан хэмээн УИХ-ын дарга танилцууллаа.
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэхэд улсын төсөвт 635 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан эсрэг байр суурьтай байгаа юм. Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ыг нэмэх ямар ч боломжгүй. НӨАТ-ын иргэдийн урамшууллын буцаан олголтын хэмжээг нэмэх нь дундаж давхаргыг бус цөөн тооны өндөр хэрэглээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого юм. Ийнхүү буцаан олгох хэмжээг нэмэгдүүлэхэд төсөвт нэмэлт 600 тэрбум төгрөг шаардлагатай боловч энэ эх үүсвэрийн 50 хувийг хамгийн өндөр орлоготой 10 хувь л хүртэнэ" хэмээн тайлбарлаад байгаа юм.