О.Цогтгэрэл “ковид”-ын сонсголоо эхлүүлэлгүй тараав

О.Цогтгэрэл “ковид”-ын сонсголоо эхлүүлэлгүй тараав

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг цар тахлын үеийн хөрөнгө оруулалт, зээл тусламж, зарлагыг олон нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр хийхээр зар тараав.  Сонсгол хийх  зааланд ажлын хэсгийн гишүүд, Төрийн байгууллагын төлөөлөл, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, Онцгой комиссын нарийн бичгийн дарга асан Т.Баярхүү болон ажиглагчид  хүрэлцэн ирсэн байв.   Гэсэн ч  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “ковид”-ын сонсголыг эхлүүлэлгүй тарааж буйгаа мэдэгдэв.  Шалтгаан нь ажлын хэсгийнхэнд шинжээч байхгүй гэв.  Шинжээч томилуулах хүсэлтээ УИХ-ын холбогдох байнгын хороонд тавьсан ч одоог хүртэл  томилж өгөөгүй учраас сонсголыг хойшлуулж байна гэв.  Ажлын хэсгийн зүгээс шинжээч томилох боломж байгаа ч “Улс төрийн өнцгөөс шинжээчийг  ажлын хэсэг биш байнгын хороогоор томилох нь сонсгол үр дүнтэй болно. Өмнө нь болж байсан  Хөгжлийн банкны сонсгол яг нь тэр журмаар болсон” гэдгийг О.Цогтгэрэл онцолж байв.

Мөн тэрбээр "Сонсголыг  заавал шинжээчтэй зохион байгуулах ёстой. Ажлын хэсэгт иргэдээс ирүүлсэн мэдээлэлд, 63 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл авсан. Үүнээс 20 тэрбум төгрөгийн хамгаалах хэрэгсэл нь одоо эмнэлгүүдийн агуулахад хэвтэж байгаа. Цус шингэлэх бүтээгдэхүүн 10 тэрбум төгрөгөөр авсан. Үүнээс хэдхэн ширхгийг л зарцуулсан. Иймэрхүү алдааг шинжээчээр дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Мөн хэвлэл мэдээлэлтэй холбоотой 2.1 тэрбум төгрөгийн гэрээг 240 гаруй газартай байгуулсан байна. Энэ нь хууль сурталчлах байсан уу, хаалтын гэрээ байсан уу гэдэг нь асуудалтай. Гэрээ байгуулсан компаниудаас 10-ыг сонгоод үзэхэд найм нь 2021 онд байгуулагдсан байгаа юм. Ер нь цар тахлын үеэр Эрүүл мэндийн яаманд санхүү мөнгө нь багтахаа больсон. Оны төгсгөл рүү төсөв нь илүү гарч хамаагүй зүйлд зарцуулж эхэлсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү гарч 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц барих зураг төсөл хийлгэсэн байна. Төсөв санхүү шийддэг 4-5 албан тушаалтан тэрбумаас дээш төгрөгийн байр худалдан авсан мэдээлэл ирсэн. Энэ мэдээллүүдийн үнэн зөв эсэхэд шинжээч томилох хэрэгтэй" хэмээж сонсголын үйл ажиллагааг хааснаа мэдэгдэв.

Үүний дараа ажлын хэсгийн гишүүдийн дунд нэлээд маргаан өрнөсөн. УИХ-ын гишүүн , Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Сүүлийн хоёр жилийн турш цуглуулсан, хяналт шалгалтаар баталгаажсан мэдээллийг өнөөдрийн сонсголд авчирлаа. Энэ сонсгол эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэр хүндтэй холбоотой. АН-ын гишүүд ингэж  улстөржүүлж болохгүй" гэв.   Энэ талаар УИХ-ын гишүүн  С.Одонтуяа "Бид улстөрчид тул ажлаа хийж байна. Эрх баригч намд хяналт тавих нь сөрөг хүчний үүрэг юм. Та нар бүхнийг нууцад оруулж, яаж төрийн мөнгө иддэг чинь ногоон автобусаар илэрлээ. Шинжээч ажиллахгүй бол энэ сонсголыг хийх хэрэггүй. Бид энэ сонсголыг хүн гүтгэх гэж хийгээгүй. УИХ-ын Тамгын газраас олон талтай, ойлгомжгүй тайлбар хэллээ. Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ч өөрөө сайн ойлголтгүй байна. Та нар хүчээр энэ сонсголыг хийх гэж байгааг эсэргүүцэж байна" хэмээн сонсгол өндөрлөв. Ажлын хэсгийн ахлагч О.Цогтгэрэл энэ удаа арай барсангүй юу, “ковид”-ын сонсголоо эхлүүлэлгүй тараав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 211 (7196)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ