Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Борхүүгийн Дэлгэрсайханыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг тус тус томиллоо. Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид өнөөдөр гарын үсэг зурж, захирамж гардуулах ёслол боллоо.
Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Борхүүгийн Дэлгэрсайхан
Ажлын туршлага:
1982-1983 онд Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129 ангид цэргийн алба
1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч
1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах тасгийн дарга
1993-2016 онд “Дорнын говь” ХХК-ийн Захирал
2004-2016 онд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Захирал
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Томилох үндэслэл: Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд Улсын Их Хуралд сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж, авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзлээ.
Салбар дундын уялдааг хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд УИХ-ын чуулганд танилцуулахдаа хэллээ.