Бонд босгоод мөнгөөр нь нүүрс авчирч түлэх “ухаан” Монголоос өөр улсаас гарах уу?!

Бонд босгоод мөнгөөр нь нүүрс авчирч түлэх “ухаан” Монголоос өөр улсаас гарах уу?!

Хот бонд гаргахаар болсон. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлээд 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргана. “...Энэ мөнгөөр хөгжлийн тодорхой хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ” гэсэн.  Тиймээс СЗХ-ноос 2023 оны есдүгээр сарын 1-ний 427 дугаар тогтоолоор уг зөвшөөрлийг олгосон байдаг. 

Тэгвэл бонд гаргах чимээ гармагц Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оны наймдугаар сарын 9-нд НИТХ-ын ээлжит бус хуралдаан дээр “...Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад заруулах 177.5 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Хятадаас 115 мянган тонн хагас коксын түлшийг импортолно. Түүгээр 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Улмаар ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина” гэж мэдээлсэн.

Харин олон нийт эсэргүүцсэнээр Засгийн газар дээр энэ нь унасан. Унасан ч гэж дээ, Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 30-ны хуралдаан дээр Б.Чойжилсүрэн сайд “...Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон  Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулсан. Эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 24 500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана” гэж танилцуулаад зөвшөөрлөө авчихсан. Өөрөөр хэлбэл, 177.5 тэрбум гээд байснаа “буулгаад” 32 тэрбум дээр тогтжээ. Гэхдээ бонд гарч, борлогдсоор байтал энэ жилдээ 32 тэрбум гэдэг хангалттай тоо юм. Тэр утгаараа, Б.Чойжилсүрэн санасандаа хүрч чадсан юм.

Яахав, энэ сайд бяртай, эсвэл ард том ашиг сонирхол түлхэж байгаа нөхцөлд төрийн шийдвэр ингээд гараад явчихсан байж болно. Гэвч энэ бондыг чинь “...Хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилго бүхий тав хүртэлх жилийн хугацаатай бондыг олон нийтэд арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ” гэж албаны эх сурвалжуупд танилцуулаад байсан. Гэтэл бондын ийм их хөрөнгөөр нүүрс импортолж авчраад өвлийн хоёр, гуравхан сард түлээд дуусгана гэхээр зорилгодоо хэр нийцэх вэ. Товчхондоо, Хятадаас энэ жил 32 тэрбум төгрөгөөр ирэх жилүүдтэй нийлээд 177.5 тэрбум төгрөгөөр нүүрс авчирч түлэх чинь хөгжлийн хөтөлбөр мөн үү. Мэдээж, үгүй л дээ. Үүний хажууд муулсаар ирсэн “Чингис”, “Самурай” өөр ямар ч билээ бондууд харин ч зам тавьж, дэд бүтцийн асуудлыг шийдэхийг оролдсоноороо илүү “үр дүн”-тэй харагдаж эхэлж байна шүү. Тэр бондуудын өр төлбөрийг шүүхээр ч гэсэн нэхэж, хариуцлага сэлтийг тооцож болж байна. Харин Б.Чойжилсүрэнгийн энэ “төсөл”-д зарсныг яах вэ. “...Хотынхон түлээд дууссан” гээд л хаах уу. Тэгж л таарах гээд байна. Тэгээд ч бонд босгоод мөнгөөр нь нүүрс авчирч түлэх ийм “ухаан” Монголоос өөр улсаас гарахгүй л болов уу даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 194 (7179)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ