Сү.Батболд: Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойг шийдэхгүй бол томоохон бүтээн байгуулалтууд олон жилээр ухарна

Сү.Батболд: Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойг шийдэхгүй бол томоохон бүтээн байгуулалтууд олон жилээр ухарна

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд олон жил байсаар ирсэн том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Ерөнхий сайд Сү.Батболд:

-УИХ-ын эрхэм гишүүд ээ! Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойн асуудлыг шийдэхгүй бол томоохон уул уурхай, төмөр зам, орон сууц, аж үйлдвэрүүдийн цогцолборыг бүтээн байгуулах ажил олон жилээр ухрах урхагтайг улс төрд ойр хүн бүхэн сайн ойлгож байгаа. Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүний үр шимийг ард иргэддээ хүртээх нь манай Засгийн газрын нэг гол зорилго юм. Чухам энэ зорилгын үүднээс гол хоёр нам хамтарч Засгийн газрыг байгуулсан. Иймд УИХ дахь намын бүлгүүд, эрхэм гишүүд Та бүхнийг Тавантолгой ордыг ашиглах үзэл баримтлалыг сайтар хэлэлцэж зөв жишиг тогтооход анхааралтай хандана гэж найдаж байна.  “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэж ардын минь зүйр үг бий. Асуудлыг олон талаас нь хэлэлцэж, их хөгжилд хүргэх, иргэн бүрт ашигтай, эх орондоо хэрэгтэй хэлбэрээр нь шийднэ гэж итгэж байна.

Нийт ард иргэд ээ, Монгол тооллоор зуны дунд сар гуравхан хоногийн дараа гарах гэж байна. Хүнд өвөл, хахир хатуу хаврыг бид хамтдаа давлаа. Дэлгэр сайхан цагтай золголоо. Монголчууд бид бүтээгч ард түмэн болох, сайн цагийг ойртуулах хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт, ирмүүн хөдөлмөрийн гараан дээр ч бас ирлээ. Энэ бол алгаа тосдог бус ажил хийдэг, бэлэнчилдэг биш бүтээдэг үе. Гар хардаг биш гараа хөдөлгөх үе. Толгой сэгсэрч суух биш толгойгоо ажиллуулах үе. Ингэснээр Монгол улсын, Монгол хүний хөгжил дэвшлийн шинэ үеийн эх суурь тавигдах болно.  Та бид хамтдаа чадна. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Иргэдийн хувьцааг ямар үнээр тооцож хийх гэж байна вэ. Улс төрийн амлалт болсон хоёр намын 1.5 сая төгрөгийн хичнээнд нь тооцож энэ хувьцааг өгөх вэ. Энэ хувьцаа арилжаалагдах уу, эсхүл тодорхой хугацаанд  өв залгамжлах, бэлэглэх эрх нь хадгалагдаад, арилжихгүй байх системийг бүрдүүлэх үү. Аж ахуйн нэгж, байгууллагуудад чөлөөтэй арилжаалагдах хувьцааны анхны үнийг хаана тогтоох вэ. Хаагуур хэлэлцэж, анхны үнийг гаргах вэ?

Ерөнхий сайд Сү.Батболд:

-Бид Тавантолгойн орд газраас ер нь стратегийн орд газраас  хувь эзэмшүүлэх, хувьцаа эзэмшүүлэх ажлыг энэ орд газраар эхлүүлж байгаа юм. Бид Тавантолгойн орд газрын үзэл баримтлалыг УИХ-аараа батлуулж, Үндсэн чиглэлээ гаргаж аваад, энэ үндсэн чиглэлийн дагуу Дэлхийн банк, мөн мэргэжлийн банк, санхүү, төслийн үнэлгээ хийдэг байгууллагуудаар Тавантолгой орд газрынхаа зах зээлийн бодит үнэлгээ, ТЭЗҮ-ийг илүү тодорхой болгож хийнэ. Энэ дээр үндэслээд Хүний хөгжлийн сангийн хуулийн дагуу Монгол Улсынхаа иргэдэд Тавантолгойн орд газраас тодорхой хувь хэмжээг, тодруулж хэлбэл, 10 хувьтай тэнцэх хувь хэмжээг нийт иргэддээ эзэмшүүлэх бодлогыг тавина. Энэ маань  давуу эрхийн хувьцаагаар бусдад шилжүүлэхгүй, мөн бусад гишүүний хэлсэн нөхцөлүүдийг хангасан, иргэд маань энд будилахгүй байх, энэ үр шимийг зөв хүртэх талаас нь бид эрх зүйн орчин, журам, мөн Монголын хөрөнгийн биржийг шинэчилж, менежментийн хувьд, зохион байгуулалтын хувьд, дэд бүтцийнх нь хувьд шинэчлэн хийж байгаа. Энэ үйл ажиллагаатайгаа уялдуулж, хамтад нь хийхээр төлөвлөж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Энэ ордыг гадаадын томоохон хөрөнгө оруулагч нартай хамтарч ашиглана. Тэгж ашиглахдаа үнэ тариф, дамжин өнгөрөх тээврийн асуудлаа  тохиролцоно гээд төсөл дээр байна. Энэ нь зайлшгүй шаардлагын үүднээс энэ нь түлхүү байна уу, эсхүл бид нар амлалт, том төслүүд, хөтөлбөр баталж байгаа хөрөнгө мөнгө нь хаа яваа нь мэдэгдэхгүй, нөгөө их наядаар баталсан хөрөнгө мөнгөндөө шахагдаад байна уу?

Ерөнхий сайд Сү.Батболд:

-Энэ төслийн нэг онцлог нь бид өмнө дандаа гаднын томоохон компаниудад давуу эрх олгох, хөнгөлөлт, чөлөөлөлт олгох зарчим барьж ирсэн бол энэ удаад үндэсний аж ахуйн нэгж, үндэсний компани, дотоодынхоо аж ахуйн байгууллагууддаа давуу эрх олгох буюу ямар нэгэн нөхцөл, ачаалал тавихгүй. Харин бидний энэ угтуулан тавих нөхцөл бол эдийн засаг, санхүү, транзит тээвэр, энэ технологийн бөгөөд дэд бүтцийн, одоохондоо бид нар өөрсдийн хүчээр шийдвэрлэхэд бэрхшээлтэй, цаашдын хөгжилд хэрэгтэй асуудлуудыг гаднын түншүүдтэй хамтарч шийдвэрлүүлэх нь энэ төслийг үр өгөөтэй болгох, хөгжлийн олон томоохон зорилтуудыг шийдвэрлэх суурь үндэс болно гэж үзэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Ерөнхий сайд аа,  Оюу толгой орд газар дээр “Айвенхоу Майнз” гэдэг нөхдүүд Монголын лицензийг барьцаалж байгаад 4-5 тэрбум ам.доллар босгочихсон байгаа шүү дээ. Өөр бусад аж ахуйн нэгжүүд ч ингэж босгож байгаа. Тэгэхээр бид нар 100 хувь төр өөрөө мэдэлдээ байлгаж байгаа учраас Тавантолгой дээрээ ийм хэмжээний хөрөнгө мөнгийг монголчууд өөрсдөө босгоно гэж ойлгож байгаа. Миний энэ ойлголт зөв үү?

Ерөнхий сайд Сү.Батболд:

-Зоригт сайд санхүүгийн хөрөнгө босгох зарчмуудаа деталийг нь тайлбарласан зүйтэй байх.

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:

-Өргөн барьсан хуулийн төсөл, Ашигт малтмалын хуульд заасны дагуу  10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн бирж дээр арилжина. Монгол Улсын хөрөнгийн бирж дээр арилжина гэдэг маань ялгаа байхгүй гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа Хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгохтой адилхан. Бас тодорхой хэмжээний хөрөнгө босно.  Үйл ажиллагаа нь жигдрээд, энэ компани маань өөрөө тодорхой ашиг орлоготой болоод ирэхэд бид нар Олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах үйл ажиллагааг явуулна. Өнөөдрийн байдлаар бид нар Дэлхийн банкны тусламжтайгаар олон улсын Макензи гэсэн дэлхийд эхний тавд орсон банкийг авсан байгаа. Тэдний тусламжтайгаар Олон улсын бирж дээр хэрхэн гарах вэ гэдэг  тактик стратеги, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулж байгаа. Үүнийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн Н.Ганбямба:

-Одоогоор Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  29.5-д орсон нэг өөрчлөлт өргөн баригдчихаад байж байна. Энэ тавдугаар заалтад өөрчлөлт орохоор оператор компаниуд лиценз эзэмших эрх авчихаар хэмжээний заалт болчих гээд байгаа юм. Тэгэхээр Ашигт малтмалын хуулийн суурь зарчмаа өөрчилж, Монгол Улс эзэн нь гэдэг байдлаар өөрчлөлт оруулах боломж байхгүй юм уу. Дараагийн баримтлах зарчим бол нүүрсийг түүхийгээр нь гаргахгүй баймаар байна. Тавантолгойгоо ашиглаж эдийн засгийнхаа бүтцийг шинэчлэх алхмыг бид нар давхар хийх ёстой. Нүүрсийг нүүрсээр нь гаргахгүйгээр коксжих үйлдвэр, ган хайлуулдаг үйлдвэрийнхэн хамаа алга Монголд ирээд үйлдвэрээ байгуулаг. Түүнд нь Тавантолгойн нүүрсийг түүхий эд болгож ашиглах юм бол Монгол Улсын эдийн засаг өндийгөөд ирнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хамгийн ашигтай хувилбар нь түүхийгээр нь гаргахгүй байх, аж үйлдвэрийн орон болгох концепциор энэ том хөтөлбөрөө боловсруулах хэрэгтэй юм болов уу?  Нэгэнт л бид нар хөрөнгийн зах зээл ярьж байгаа учраас компанийн засаглалыг хуульчилж өгөх боломж байна уу?

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:

Түүхий эдийг боловсруулах бодлогыг Ерөнхий сайд сая үгэндээ хэллээ. Энэ гэрээнд бид нар зааснаар хамгийн эхний ээлжинд “Эрдэнэс Монгол” компани нь өөрийнхөө олборлож байгаа нүүрсээ дотоодын хэрэгцээнд, нэмүү өртөг шингэсэн хэрэгцээнд  хангах үүргийг авч байгаа. Нөгөөтэйгүүр талбай дээр хамтран ашиглаж байгаа хөрөнгө оруулагч, олборлогч, борлуулагч маань эхний ээлжинд Монгол Улсад байгаа нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдэд нүүрс хэрэглэх үүрэг авч байгаа юм. Одоогоор “Эрдэнэс Монгол” компани коксын үйлдвэрийн хамтарсан судалгаа хийх гэрээнүүдийг гаднын өндөр хөгжилтэй орнуудын нэлээн хэдэн компанитай яриа хэлэлцээ явуулж, заримтай нь санамж бичиг байгуулах түвшинд очсон. Энэ гэрээ хэлэлцээр хэрвээ батлагдах юм бол ойрын хугацаанд ажлаа эхлэхэд бэлэн болоод байна. Үйлдвэрүүдийн суурийг удахгүй тавина. Сая жишээ нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргын айлчлалын үеэр Монголын зарим компани хамтраад дотоодын компаниудтай коксын үйлдвэр байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Яриа хэлэлцээ аль аль түвшиндээ нэлээн урагшилсан. Өмнөговьт 600 мгв-тын хүчин чадалтай цахилгаан станц барих асуудлын судалгааг эхлүүлсэн. Энэ асуудал шийдэгдмэгц энэ станцыг барих тендерийг зарлана. Энэ мэтээр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бүх талаар нь, бүх чиглэлээр нь дэмжиж явуулна. Дараагийн асуудал бол та маш зөв зүйл ярилаа. Эхний ээлжинд Хөрөнгийн бирж дээр энэ компанийг гаргахын тулд Компанийн засаглалын асуудал маш ач холбогдолтой. Тийм ч учраас дэлхийн “Топ-5”-д ордог Макензи банкийг Дэлхийн банкны шугамаар бид нар хөлсөлж аваад, энэ компанитай Компанийн засаглалын асуудлаар, ялангуяа “Эрдэнэс Монгол”-ыг дотоодын Хөрөнгийн бирж дээр гаргах юм бол яаж нээлттэй  ил тод компани болгох вэ гэдэг зарчмуудыг хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн Д.Очирбат:

“Иргэн бүртээ ашигтай, эх орондоо их бүтээн байгуулалттай, үр шимийг нь ард түмэндээ хүртээж байгаа, 10 хувийг нь хувьцаа болгож ард түмэндээ эзэмшүүлнэ” гэж байгаа энэ асуудал яах аргагүй Зууны манлай нам болох МАХН-ын даргын, дээрээс нь МАХН, АН-ын Засгийн газрын тэргүүний бас шийдэж байгаа зөв зохистой шийдэл байна. Хоёр асуулт асууя. Эрүүл мэндийн салбарт энэ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаасаа хэр боломж бололцоо нэмэгдэх юм бол. ДНБ-д эрүүл мэндийн салбарт оногдох хувь маань хэр хэмжээгээр өсөх юм бол?  Мөн ядуу, нэн ядуу, малчид, оюутан, бусад улсуудаа эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулахад нь хөрөнгө, боломж бололцоо нэмэгдэх боломж байдаг болов уу гэж Ерөнхий сайдаас асууя.

Ерөнхий сайд Сү.Батболд:

-Бид төслийнхөө тооцоо, ТЭЗҮ-ийг гаргаж, Хүний хөгжлийн сандаа орох орлого маань тодорхой болж ирэхэд, эндээс хуваарилагдах хуваарилалтын дагуу эрүүл мэндийн салбарт, мөн хүн рүү чиглэсэн эрүүл мэндийн даатгалыг бодитойгоор, зөвхөн ажилтай иргэд биш, ажилгүй иргэд маань, малчид маань, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд маань бүгдээрээ хамрагдах энэ боломжийг энэ нөхцөлийг бүрдүүлэх, энэ тогтолцоог бий болгох ийм ёстой гэж  үзэж оруулж байгаа юм. Тодорхой нэмэгдэх зардал, тооцоог боловсруулаад танилцуулах болно.

Үргэлжлэл бий...

 

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 180 (7165)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ