Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан өчигдөр (2023.09.07) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан уулзлаа.
Элчин сайд Цай Вэньруйг Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэмдэглээд Алтан гадас одонгоор шагнуулсанд баяр хүргэв.
Тэрбээр, манай хоёр улсын дээд, өндөр хэмжээний айлчлалын давтамж сүүлийн жилүүдэд хадгалагдаж, хоёр улсын парламентын хоорондын нягт харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг онцлоод Элчин сайд Цай Вэньруйгийн бүрэн эрхийн хугацаанд худалдааны эргэлт нэмэгдэж, түүхэндээ анх удаа 12 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, иргэд хоорондын харилцаа ойр дотно болсныг тодотголоо.
Түүнчлэн “Ковид-19” цар тахлын хүнд хэцүү цаг үед “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэдгийн жишгээр БНХАУ-ын төр засаг, ард түмэн бүхий л талаар тусалж, дэмжсэнээр Монгол Улс аливаа сорилт бэрхшээлийг төвөггүй даван гарсныг Монголчууд үргэлж санах болно гэдгийг цохон тэмдэглэв.
Мөн хоёр улсын соёл, боловсролын салбарын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд БНХАУ-д суралцах оюутны тоо нэмэгдэж, тус улсад их, дээд сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдсан нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг улам өргөн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлсэн үгэндээ онцолсон юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй цаг зав гарган уулзаж буйд Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л цаг үед эрчимтэй хөгжиж байна. Цар тахлын эсрэг тэмцлийн хамгийн хэцүү цаг үедээ харилцан бие биедээ тусалсан нь “Зовох цагт нөхрийн чанар танигддаг” хэмээх зүйр үгийн мөн чанарыг илэрхийлж, хоёр талын найрсаг харилцааг тодотгон харуулсан гэдгийг Элчин сайд хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн хоёр улсын эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж, худалдааны эргэлт сайжирч, 2023 оны эхний 8 сарын байдлаар 67 хувиар өссөн. Нүүрсний экспорт цар тахлын өмнөх үеийнхээс давж 43 сая тоннд хүрсэн нь мөн л түүхэн амжилт болсон. Энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын цаг үед ч эрчимтэй өрнөж байсныг илтгэж байна гээд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажил хийгдэж байгааг дуулгасан юм.
Уулзалтаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө парламентын түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, Парламентын найрамдлын бүлэг, Байнгын хороод болон хууль тогтоох байгууллагын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарахын чухлыг санал нэгтэй илэрхийлэв.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад ноён Элчин сайд Цай Вэньруйгийн хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлээд “Та Элчин сайдын хувьд нутаг буцах нь. Гэхдээ хүнийхээ хувьд бидний анд нөхөр, сайн түншийн харилцаа хойшид ч хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байна” гээд цаашдын ажилд нь амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.