УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилогдсоноос хойш жилийн хугацаа өнгөрчээ. Тэрээр өнөөдөр мэдээлэл хийж өнгөрсөн хугацаанд хийсэн болон хийж буй ажлаа танилцууллаа.
Ж.Сүхбаатар сайд "Түгжрэлийн сайдтай болсон ч ажлаа хийхгүй байна. Ямар бодлоготой юм бэ гэж хүмүүс шүүмжилж буй. Эхний асуудал бол манай Үндэсний хороо юу хийж байна вэ гэдгийг танилцуулна. Миний хувьд энэ ажлыг 2022 оны есдүгээр сараас эхлэн гүйцэтгэж эхэлсэн. Үндэсний хороо бол цоо шинэ хороо биш. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, түгжрэлийг сааруулах, бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж эхэлсэн. Ерөнхий сайд олон талт үйл ажиллагаа хариуцдаг учраас Үндэсний хорооны хурлаар дагнан ажиллах боломжгүй учраас зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн. Ингэснээр түгжрэлд хамаатай сургууль цэцэрлэгийн асуудлыг 2022 оны хавар БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даргын ажлаа хариуцуулсан. Тэгээд хавсарга байдлаар бус яамгүй кабинетын сайд байх нь зүйтэй гээд намайг тохоон томилсон гэж хэлж болно.
Миний ажил үүргийг Засгийн газарын тухай хууль, Үндэсний хорооны дүрмээр тодорхойлсон байдаг. Засгаас төвлөрлийг сааруулах бодлогын өргөн хүрээтэй ажиллагаанд ажиллана. Нөгөө талдаа авто замын түгжрэлийг бууруулах бодлого зохицуулал дээр ажиллана гэсэн нэг зорилготой хоёр талтай ажлыг хариуцуулахаар зааж өгсөн.
Миний үүрэг УИХ, Засгийн газрын түвшинд нийслэл хотын үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх. Ерөнхий сайд надад тодорхой үүрэг өгч ажиллаж буй. Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажилд анхаарлаа хандуулах үүргийг өгсөн. Гуравт, хотын удирдлага, яам хоорондын ажлыг уялдуулах асуудлыг хариуцаж байна. Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд яамдын оролцоо маш бага байсан. Үндэсний хөтөлбөр гэдгээрээ томоохон төсөлд л оролцож ирсэн байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Улаанбаатар хот руу бүх хүчээ хаяж ажиллаж байна. Хүмүүс намайг түгжрэлийн сайд гээд байгаа. Миний албан ёсны нэр бол Монгол Улсын сайд. Хотын дарга Д.Сумъяабазар Үндэсний хорооны нарийн бичгээр ажиллаж буй. Би хотын даргын орлогч, албан тушаал зэрэгцсэн дарга биш. Хотын дарга гүйцэтгэл тал дээрээ ажилладаг бол би УИХ, Засгийн газрын бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж, уялдаа холбоог нь хангах үүрэгтэй.
Миний хариуцаж байгаа тусгай байгууллага байхгүй. Таван туслах байдаг. Үндсэн байгууллага маань нийслэлийн гол мэргэжлийн байгууллагуудыг түшиглэж буй. Би заримдаа нийслэлийн Замын цагдаагийн газартай өдөр тутам холбоотой ажилладаг. Иргэдийн санал хүсэлтийн дагуу энэ газартай хамтран ажилладаг. Эрх зүйн зохицуулалтын ажил чухал байгаа. Түгжрэлийн эсрэг арга хэмжээний эцсийн шийдэл бол эдийн засгийн механизм. Хотын төвийн үнэ цэнэ, зогсоол, татварын арга хэмжээ. Мөн захиргааны аргаар богино хугацаанд машины тоог цөөлөх боломжтой. Түгжрэлийн эсрэг бүх нийтээрээ соён гэгээрч, хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна.
Өнөөдөр хотод 2.8 сая зорчилт хөдөлгөөн бүртгэгдэж буй. Улаанбаатарт 1.8 сая буюу 64 хувь нь хувийн автомашинаар, 24 хувь буюу 697.56 автобусаар зорчиж байна. Автобусанд 520-540 мянган зорчигч картаа уншуулж үйлчилдэг. Үлдсэн хүмүүс бэлэн мөнгөөр зорчиж байна. Цаана нь 320 мянган хүн явган, дугуйгаар хөдөлгөөнд оролцож байна. Бидний бодлого тодорхой. Бид хувийн автомашин унахыг дэмжих бодлого явуулахыг дэмжихгүй. Бидэнд эхэндээ сонголт байхгүй байсан учраас хязгаарлах бодлого авах боломжгүй байсан.
Бүтэн жилийн хугацаанд Улаанбаатарт бүртгэгдэж орж ирдэг байсан машины тоо энэ жилийн эхний долоон сарын байдлаар 59 мянгад хүрсэн. Энэ тоо хуучин жилийн хугацаанд орж ирдэг байсан. Бид зарим бүртгэлтэй боловч ашигладаггүй машинуудыг бүртгэлээс хассан. Ирэх 2025 онд авто замын тэг зогсолт болно. Нийслэлчүүд 2030 онд 2 сая, 2040 онд 2.5 сая хүн амтай болно. Удахгүй Ерөнхий сайдад ажлаа тайлагнана.
Түгжрэл бууруулах хүрээнд Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна. Гэр хорооллын 91 мянган хүүхдийг хотын төвд байрлах сургууль, цэцэрлэг рүү зөөж байна. Энэ жил нийт 5760 хүүхдийн суудалтай долоон сургууль, 2985 ор бүхий 11 цэцэрдэгийн барилга, 1620 суудал 1080 ор бүхий бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор есөн барилгыг ашиглалтанд оруулахаар бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдөн, эхнээсээ барилгын ажлууд эхлэсэн байна. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар л гэхэд СХД, ХУД, БЗД, СБД, ХУД-д цэцэрлэгийн шинэ барилга болон өргөтгөлөөр нэмж байна.
Эцэст нь онцлоход. Монгол Улсын сайдаар ажилласан нэг жилийн хугацаанд бодит үр энэ намраас нийтийн тээвэр, авто зам, гүүрэн байгууламж, нүхэн гарц, хот төлөвлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнгүүд эхнээсээ нүдэнд харагдах хэмжээнд гарч ирнэ. Түгжрэл богино хугацаанд арилахгүй, тодорхой хугацаа, зохицуулалтууд шаардлагатай байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины 48 хувь нь 16 болон түүнээс дээш жил болсон, жил ирэх бүр хуучин автомашины импорт улам нэмэгдэж байна. Энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын зургаан хувь нь торгуулиа төлөөгүй байна. Өдөрт бүртгэгдсэн ослын тоо болон жолооны эрхээ хасуулсан иргэдийн тоо, түүний хэд нь эргэж жолоо барьж байгаад баригдсан статистик тоо байна.
Нэгдүгээр эгнээгээр автобус зорчдог шийдлийг өргөтгөнө. 3,4 дүгээр хорооллоос Шархад, Долоон буудлаас Сүхбаатарын талбай, Яармагаас Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобус нэгдүгээр эгнээгээр зорчдог болно. Есдүгээр сарын 10 гэхэд 100 автобус шинээр ирсэн байна. Шинээр ирж байгаа автобуснуудыг 10 жил ашиглана. Өмнөх автобуснууд шиг 12-13 жил ашиглахгүй.
Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хотын захын хорооллуудад сургууль нэмж барих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Нийслэлээс бонд гаргаж энэ ажилд 100 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн. Ингэснээр хүүхдээ хотын төвийн сургуулиуд руу зөөх хөдөлгөөн багасаж замын ачаалал буурна" гэв.