Газартай холбогдсон дарга нар гадаад руу зугтаж, бас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж байна

Газартай холбогдсон дарга нар гадаад руу зугтаж, бас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж байна

Хотод хэд хэдэн удаа үер боллоо. Хотынхон амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

Эрх баригчид үерийн шалтгаан нь хууль бус газар олголттой холбоотой гэж үзжээ. Энэ асуудлыг шийдэхээр Засгийн газар, Хотын захиргаа тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. Өнгөрсөн долоо хоногт гаргасан эл шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар, цагаан сарын өмнө МҮОНТВ-д ярилцлага өгөхдөө хэлж байжээ. Тэрбээр "...Газар авахын тулд яагаад заавал хотын даргад юм уу, хотын менежер, эсвэл ерөнхий архитекторт авлигал өгөх ёстой юм бэ. Яагаад Зайсангаар дүүрэн отог гэдэг нэртэйгээр хаус баригдчихаад, бүх дарга нь тэнд амьдраад байхад тэрийг бид өнөөдрийг хүртэл ярихгүй явах ёстой вэ. Дархан цаазтай газарт яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой юм бэ. Энэ бүхэн авлига шүү дээ.

Яваад үзээрэй, манайх шиг эмнэлгийнхээ урд нүүрийг нь хаагаад барилга барьчихсан, төмөр замыг дундуур нь таслаад байшин барьчихсан, ийм төлөвлөлтгүй, авлигалын систем нь маш ойлгомжтой хот гэж байхгүй. Бүгдээрээ түгжирчихээд л байж байдаг. Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж ирээд тавихаар бүгдээрээ Захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг. Тиймээс бид Улаанбаатар хотын газар олголт, техникийн шийдлүүд яаж явсан, олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон, тэр хүмүүс авлигал авсан уу, үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, ойлгож, дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал цэгцрэхгүй” гэж байв.

Нээрэн ч ирэх өдөр, саруудад хууль бусаар олгогдсон газар дээр барилга барьсан хүмүүс Захиргааны шүүх рүү гүйлдэж таарна. Харин тухайн газрыг олгосон, түүн дээр нь барилга бариулсан албан тушаалтнууд орох газар, аврах эзэн хайж гүйлдээд эхэллээ. Газрын алба, БХБЯ-ныхан үймэлдээд эхэлсэн байна. Нэг хэсэг нь гадагшаа зугтжээ. Хэн хэн гэдэг албан тушаалтнууд хил давж одсон талаар удахгүй тодруулан хүргэх болно. Түүнчлэн лав арваад хүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 164 (7149)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ