Г.Занданшатар: Монгол үндэстний язгуур мөн чанарыг дэлхийд таниулахад Монгол судлал чухал үүрэгтэй

Г.Занданшатар: Монгол үндэстний язгуур мөн чанарыг дэлхийд таниулахад Монгол судлал чухал үүрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, үг хэллээ. Тэртээ 1959 онд анх Улаанбаатар хотноо дэлхийн өнцөг булан бүрээс монгол судлалын салбар, чиглэлээр судалгаа, бүтээлээ туурвидаг эрдэмтэн, судлаачид хуралдаж, үр дүн, ололт амжилт, шинэ санаачлагаа хуваалцаж байсан түүхтэй. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэ удаагийн их хуралд нийт 27 орны 500 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, Монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг утга зохиол, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа, шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлж байгаа юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улс, монгол үндэстнийг дэлхий дахинд сурталчлан таниулахад монгол судлал чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотгоод, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт монгол судлалын асуудлыг онцгойлон тусгаж, залуу монгол судлаачдад тэтгэлэг олгох, монгол судлаачдыг шагнаж урамшуулах, тэдний судалгаа шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлүүлэх, олон улсад байгаа монгол судлалын төв болон монгол соёлын төвүүдтэй хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх талаар онцгой анхаарч байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн монгол судлалын салбаруудыг төрөлжүүлэх, хоорондын уялдаа, хамтын ажиллагааг дэмжих, цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор судлаачдад олгодог тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, Парламентын нэрэмжит тэтгэлэг олгох болсныг дуулгалаа.

Энэ үеэр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисан, монгол туургатны соёлын өв уламжлалыг сэргээн баяжуулах үйлсэд онцлох хувь нэмэр оруулсан, дэлхийн соёл, шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын сонгодог бүтээлийг монгол хэл рүү орчуулсан, монголын утга зохиол, соёлын үнэт дурсгал, эх бичгийг дэлхий нийтийн хүртээл болгоход онцгой хувь нэмэр оруулсан монгол судлаачдад Их эрдэмтдийн нэрэмжит шагналыг гардуулсан юм. Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, Төв Ази, Евроази, Дотоод Ази зэрэг судлагдахууны хүрээнд хавсарга судалгааны ажил эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ