Түүхт 100 жилийн ойтой аймгуудад Төрийн гурван өндөрлөг мэндчилгээ дэвшүүллээ

Түүхт 100 жилийн ойтой аймгуудад Төрийн гурван өндөрлөг мэндчилгээ дэвшүүллээ

Улсын их баяр наадмын дараах энэ өдрүүдэд түүхт 100 жилийн ойн баяраа тэмдэглэн буй аймгуудад төрийн гурван өндөрлөг оролцож, нутгийн зон олонд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эзэн Чингис хааны өлгий нутаг дэлхий дахинд алдаршин хөгжих бүрэн боломжтой

Хан Хэнтий аймаг нэгэн цагт дэлхий ертөнцөд амар амгаланг тогтоож, хөгжил дэвшлийг цогцлоосон аугаа их эзэнт гүрний үндэс суурийг тавьсан мянганы суут хүмүүн Эзэн Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ дэлхий дахинд алдаршин хөгжих бүрэн боломжтой. Тиймээс Хан Хэнтий нутгийн ард түмэн Их Эзэн Чингис хааны өлгий нутгийн гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, агуу түүхт нутаг усаараа бахархаж, Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ хичээн бататгаж, нутаг ус, улс орноо мандуулан хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан хичээн зүтгэх учиртай хэмээн Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хуралд оролцохдоо хэлсэн юм.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Анхны дөрвөн аймгийн түүхт 100 жилийн ой бол 100 жилийн дүгнэлт, шинэ зууны эхлэл цэг юм

Өнөөдрийн түүхт 100 жилийн ой бол анхны дөрвөн аймаг төдийгүй орчин үеийн орон нутгийн засаг захиргаа үүсэн байгуулагдаж, шинэчлэгдсэний 100 жилийн дүгнэлт, шинэ зууны эхлэл цэг юм.Дотроо талцан мэтгэлцэхээс илүү олон улстай хөгжлийн түвшинд уралдаж, хөгжил дэвшлийн шинэ эриний төлөө үндэсний эв нэгдлээ эрхэмлэн хамтдаа нэг том алхах үлдлээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ч энэ  агуулгаар хийгдсэн. Улсын хөгжил орон нутгийн хөгжлөөс ундаргатай. Орон нутгийн хөгжлийн суурь бол төсвөө бие даан бүрдүүлэх чадвар юм. Монгол Улсын Засгийн газар “Welcome to Mongolia” уриан дор аялал жуулчлалыг онцгойлон хөгжүүлэх зорилт дэвшүүлж, энэ жил түүхэндээ хамгийн их жуулчдыг хүлээн авч байна гэж Хан Хэнтий уулын  аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ онцоллоо.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дэлхийд ганцхан Монгол наадам бол монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохуйн баталгаа юм

Дэлхийд ганцхан Монгол наадам бол Монгол түмний Монгол хүний гурвалсан их баяр, хүн төрөлхтөний үнэт өв, Монгол төрийн ой санамж, Монгол үндэстний эв нэгдэл, монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохуйн баталгаа юм. Аймаг байгуулагдсаныхаа түүхт 100 жилийн ойг өргөн олон түмэн, ахан дүүсээрээ ёслол төгөлдөр тэмдэглэж, шинэ зууныхаа түүхийг амжилт бүтээл суу алдраар баяжуулж, элгэн садан энх амгалан эсэн жаргалтай байхын ерөөл хүсье. Өндөр төрийн сүлд ивээж, өргөн түмний заяа түшиж Монгол Улс, Архангай аймаг мандан бадрах болтугай. Баяр наадмаа өргөн түмнээрээ сайхан тэмдэглээрэй гэж Архангай аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 148 (7133)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ