Наадам угтаж батлах хуулиуд

Наадам угтаж батлах хуулиуд

Хаврын чуулган хөшгөө хаахад үндсэндээ хоёр удаагийн хуралдаан үлдээд байна. Хуваарь ёсоор долоо хоногийн сүүлийн хоёр өдөр хуулиудаа амжиж батлахгүй бол наанадаж наадмын амралт залгана. Цаашлаад намрын чуулганыг хүлээхээс наашгүй. Тиймээс парламент хоёр долоо хоног дараалан лхагва, даваа гарагт ээлжит бус хуралдаан зарлаж хуулиудаа шуурхайлах шатандаа орлоо. 

Тэгвэл наадмаар хүмүүсийн анхаарал сарнисан үед “будилаан”-тай хууль баталлаа гэх шүүмжлэл хүчтэй өрнөдөг. Уламжлал ёсоор битүүхэндээ нийгэмд ээлжит хардлага хүлээлт үүсчихлээ. Тиймээс наадам угтаж батлах хуулиудын мэдээллийг хүргэж байна.

УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын тов, хуваарийг харвал хамгийн эхэнд Улс төрийн нам тухай хуулийг эцэслэхээр байв. Энэ дагуу парламент өчигдөр ээлжит бусаар хуралдаж Улс төрийн намын тухай хуулийн төслийг 18 жилийн дараа шинэчлэн баталлаа. Хууль батлагдсанаар улс төрийн нам  сонгогчдоос нэг хувийн санал авсан тохиолдолд төрөөс санхүүгийн дэмжлэг авах боломжтой зэрэг томоохон өөрчлөлт орж байгаа юм. Тэгвэл үргэлжлүүлэн  Англи хэлний хичээлтэй холбоотойгоор маргаан дагуулсан Боловсролын ерөнхий хуулийн төслийг энэ чуулганы хугацаанд батлахаар зэхжээ. Ингэхдээ хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслүүдийг ажлын хэсгүүд давхар хэлэлцээд явж байгаа юм.

Түүнчлэн байнгын хороогоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах,  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийснээр баасан гарагийн чуулганы хуралдаантай золгож байна. Харин чуулганы хаалтын өдөр гишүүд нэлээн ачаалалттай ажиллах нь. Эцсийн хэлэлцүүлгийг хийх 4-5 хууль байгаагаас гадна Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлын талаарх Ерөнхий сайдын мэдээлэл, Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооны тайлан сонсоно. Бас бус тогтоолын төсөл, соёрхон батлах хуулийн төсөл ч бий.

Чуулганаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Гэхдээ эцэслэж амжихгүй. Харин яг эцэслэх хууль гэвэл Улс төрийн намын тухай хууль зэрэг дараах зургаан хуулийг нэрлэж болохоор.

  • Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд. /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
  • Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
  • Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
  • Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  •  Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 132 (7117)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ