БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 29-ний өдөр Хятадын Эрчим хүчний барилгын корпорац (Power China)-ын ТУЗ-ийн дарга Дин Яньжян, Газрын тосны үндэсний корпорац(CNPC)-ын ТУЗ-ийн дарга Дай Хоулян, Хойд үйлдвэрлэлийн компани(Norinko)-ын намын хорооны нарийн бичгийн дарга Ян Шяочин нарыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар хоёр улсын Засгийн газар хоорондын албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн өмч ба төрийн өмчит аж ахуйн нэгжийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бүх талаар эрчимжүүлэхээр тохиролцсон билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Эрчим хүчний барилгын корпорацын ТУЗ-ийн дарга Дин Яньжян-тай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт түшиглэн цахилгаан эрчим хүчний төслүүд хамтран хэрэгжүүлэх, БНХАУ-ын технологи, инновацыг нэвтрүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Хятадын Эрчим хүчний барилгын корпорац /Power China/ нь эрчим хүч үйлдвэрлэл, усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, газрын тос, хийн технологийн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн 130 гаруй улстай хамтын ажиллагаа хэрэгжүүлдэг бөгөөд 2022 онд “Fortune Global”-аас гарсан дэлхийн шилдэг 500 ААН-ээс 100 дугаарт жагсаж, 10 жил дараалан топ ангилалд багтсан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Газрын тосны үндэсний корпорац(CNPC)-ын ТУЗ-ийн дарга Дай Хоулян нар уулзаж, газрын тосны салбарын олборлолт, ашиглалтын тогтвортой хамтын ажиллагааг өргөтгөх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, цаашид дизель болон Евро стандартын түлш шатахууныг Монголын зах зээл, хэрэглэгчдэд нийлүүлэх, ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-д Байгалийн хийн хоолой дамжуулах төслийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Дэлхийн газрын тосны гурав дахь том компани болох “Хятадын үндэсний газрын тосны корпорац” (CNPC) нь 1988 онд байгуулагдсан бөгөөд газрын тос, байгалийн хийн бизнес, инженер техникийн үйлчилгээ, нефтийн инженерийн барилга байгууламж, нефтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ, шинэ эрчим хүчний хөгжил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани 2020 оны “Fortune” дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн жагсаалтаар дөрөвдүгээр байрт орж, дэлхийн 55 улсад 1.3 сая ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд үйлдвэрлэлийн компани(Norinko)-ийн намын хорооны нарийн бичгийн дарга Ян Шяочин нар Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрс баяжуулах үйлдвэр, Нефть боловсруулах үйлдвэрийн газрын тосны дамжуулах хоолойн төслийн талаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.
Тус компани нь хилийн чанад дахь газрын тос, ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаад дахь нийт хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн 130 гаруй улстай гадаад худалдаа эрхэлж, үндэстэн дамнасан индекс нь Хятад улсын үндэстэн дамнасан томоохон компаниудын тэргүүн эгнээнд багтаж байна.