Буйр нуурын мөнгөлөг хэлтэг загас өвчилж хорогдсон

Буйр нуурын мөнгөлөг хэлтэг загас өвчилж хорогдсон

БОАЖЯ-наас цаг үеийн болон бусад онцлог асуудлаар тогтмол зохион байгуулдаг ээлжит “Хэвлэлийн хурал” дараах сэдвийн хүрээнд 2023.06.26-ны 10 цаг Цаг уур орчны шинжилгээний төвд боллоо.

Хэвлэлийн хурлаар үндсэн 6 асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй мэдээлэл өгөв. 

1. ХӨВСГӨЛ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮН 

2. БУЙР НУУРТАЙ ХОЛБООТОЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ 

3. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ЗУНЫ ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ 

4. ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖИЙН АСУУДАЛ 

5. ТАЙЛАНДЫН ГҮНЖИЙН АЙЛЧЛАЛ 

6. ЯПОНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ, ХАМТАРСАН КРЕДИТ ТООЦОХ МЕХАНИЗМ 

ХӨВСГӨЛИЙН УТХГ-Т АМРАЛТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХДАА ЗӨВШӨӨРЛӨӨР ОЛГОГДСОН ГАЗРЫН ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ ХЭТРҮҮЛЭН АШИГЛАХ ЗӨРЧИЛ НИЙТЛЭГ БАЙНА.

БОАЖ-ын Сайдын өгсөн чиглэлийн дагуу салбарын Улсын ерөнхий байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж буй  67 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 12-19-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, тодотгол   хийлгээгүй /23/, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулж, мөрдөж ажиллаагүй /37/, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, ус ашигласны төлбөрөө төлөөгүй /21/, усан сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай /18/, ойн сан бүхийг газарт хэсэгчилсэн давхцалтай /41/, зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан, талбай хэтрэлтэй, солбицол алдаатай /23/, газрын тусгай зөвшөөрөлгүй, сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн /14/, шаардлага хангахгүй жорлонтой /2/, хог хаягдлыг тээвэрлүүлэх гэрээ байгуулаагүй /23/, хог хаягдлыг ангилан ялгаагүй /60/ зэрэг зөрчлүүд илэрлээ.  

Нүхэн жорлон ашиглаж байгаа зөрчлийг арилган стандартын шаардлага хангасан сайжруулсан эко жорлон суурилуулах ажлыг зохион байгуулж,  ариун цэврийн байгууламжуудаа шинэчилж байна. Хяналт шалгалтад хамрагдсан 67 аж ахуйн нэгжийн 62 нь нэвчилтгүй бетонон суурь бүхий соруулдаг эко жорлонтой, 3  био, 2 нүхэн жорлонтой байна. 

Гарсан зөрчлийг арилгуулахаар  газар дээр нь улсын ахлах байцаагчийн 85 заалттай  13 албан шаардлага хүргүүлж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож,хялбаршуулсан журмаар 13 объектод торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлэв. Бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг зөрчилтэй 16 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг бүхэлд нь цуцлуулах, 1 аж ахуйн нэгжийн газрыг хэсэгчлэн цуцлуулах саналыг хүргүүллээ.  Мөн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөлгүйгээр 55.8 га талбайд хашаа татаж, барилга барьсан 72 иргэн, аж  ахуйн нэгжийн зөрчил, мэдээллийг  холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, хуульд заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд  зөрчлийг арилгуулахыг мэдэгдлээ.

БУЙР НУУРЫН МӨНГӨЛӨГ ХЭЛТЭГ ЗАГАС ӨВЧИЛЖ ХОРОГДСОН 

​Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг. 

​Эдгээр загаснаас зөвхөн Мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна. Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.

​Нуурын хорогдсон загас ихээр гарсан хэсгээс буюу Долоон од амралт болон Онцгой байдлын амралт орчмын ус хөрснөөс микробиологийн дээж авахад 1 гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/  өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylococcus aereus  илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

​Цаашид шинжилгээний эцсийн хариу гартал тандалт хийх, үхсэн, устгасан загасыг бүртгэх, дээж авах, шинжилгээг үргэлжлүүлэх, нуурын усан дахь микробиологийн бохирдол их байгаа тул уух, усанд орохыг хориглох, тухайн бүсийн тэжээвэр амьтан, нохойг байнгын уяатай байлгах, үхсэн өвчилсөн загас идэх, зөөвөрлөхөөс сэргийлэх, нуур орчмын мал, амьтдад эмнэл зүйн шинж тэмдэг илэрч буй эсэхийг тандах, нуур орчимд нутаглаж байгаа иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллахыг чиглэл болгоод байна. 

“МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ 2023”

Монгол улсад 2023 оны байдлаар нийт 223,680 жуулчин хүлээж авч 324 сая ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлсэн. Төлөвлөснөөс 78,9%-ийн гүйцэтгэлтэй бөгөөд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, БНКазакстан улсын жуулчдын урсгал нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Чингис хаан агаарын тээврийн боомтоор 38,1% нь хүрэлцэн ирсэн бол Алтанбулаг, Боршоо, Замын-Үүд, Цагааннуурын боомтуудаар бусад голлох жуулчид ирж аялсан. 

Жуулчдын 80-аад хувь нь визгүй, визийг түр чөлөөлсөн орнуудаас ирсэн  байгаа нь визийн шаардлагаас хөнгөлж, чөлөөлсөн арга хэмжээ үр дүнтэй байна гэж дүгнэж байна. 90 гаруй орны иргэд цахимаар виз мэдүүлэн шийдвэрлүүлэх боломж бүрдсэн. 

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 23 жилийн дараа УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. 

​Дотоодын нислэгийг сэргээж, тогтмолжуулах нь аяллыг төлөвлөх, олон улсад зарлаж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна дотоодын аяллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Орон нутгийн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд,  Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд нислэгийг сэргээж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар нисэх юм. 

БОАЖЯ-аас “Welcome to Mongolia” хөтөлбөрийн хүрээнд “Монгол-Солонгосын аялал жуулчлалын форум”, “Япон - Монголын аялал жуулчлалын форум-2023” -ыг амжилттай зохион байгуулсан бол энэ сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бизнес форумыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖ, ӨВЧНИЙ СУДАЛГАА, ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2022 оны байдлаар нийт ойн сан бүхий нутагт ойн хөнөөлт шавж, өвчний тархалт 1.4 сая.га, голомттой талбайн хэмжээ 729.8 мян.га талбайг илрүүлсэн. Навч шилмүүсний хөнөөлт зарим зүйлүүдийн шавж болох Шилмүүс хуйлагч эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Эгэл бийрэн сүүлт эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй ойн санд хөнөөл учруулж байгааг тогтоосон. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар 2023 онд ой хамгааллын арга хэмжээг онгоц, үүргэн шүршигч, гэрлэн урхи гэсэн аргуудаар нийт 185.000 га талбайд ойн хөнөөлт шавжийн голомттой талбайг хязгаарлах тэмцлийн ажлыг гүйцэтгэж эхлээд байна. 

Мөн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу Ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажилд ашиглагдах микробиологийн бэлдмэл худалдан авах, тэмцлийн ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг ажлыг төлөвлөн гүйцэтгэж, шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна. 

“Рио тинто Монгол” ХХК нь ой хамгааллын салбарт дэмжлэг үзүүлж 100,000 га талбайд онгоцоор тэмцлийн ажил гүйцэтгэх үеийн онгоцны түрээсийг санхүүжүүлж байна. 

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭРХЭМСЭГ ГҮНЖ ЧУЛАБХОРНЫН МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др. Проф. Чулабхорн Кром Пра Шрисавангавадана 2023 оны 06 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байгаа. 

Энэхүү айлчлал нь 2024 онд тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан хийж буй өндөр хэмжээний арга хэмжээтул БОАЖЯ, ГХЯ болон холбогдох байгууллагууд хамтран ач холбогдол өгч зохион байгуулж байна.

Тайландын талтай аялал жуулчлалын хамтарсан өдөрлөг, соёлын арга хэмжээ, өндөр хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулахаар тохирсон ба цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон “Үдийн цай хөтөлбөр” зэрэг хөтөлбөр арга хэмжээнд хамтарч ажиллахаар болсон юм.

Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др. Проф. Чулабхорнын Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны байгаль орчин, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.